Йеменд
“Аль-Кайда”-гийн 55 босогчийг устгав
Йемений
арми Америкийн нисгэгчгүй онгоцны тусламжтайгаар “Аль-Кайда”-гийн баазад агаараас
цохилт өгч 55 босогчийг устгалаа хэмээн “Associated Press” агентлаг мэдээлэв.
Устгасан босогчдын дотор алан хядах байгууллагын гурван нөлөө бүхий толгойлогч
байгаа аж. Агаарын довтолгоонд өртсөн “Аль-Кайда”-гийн бааз нь өмнөд хэсгийн
Абьян мужийн уулархаг бүсэд байдаг. Тус баазад хоёр өдөр дараалан цохилт өгсөн
аж. Йемен дахь “Аль-Кайда”-гийн толгойлогчдын бүлгийн Салем Абед Машиби, Фаваз
аль-Махрак, Салех Саид Махрак нарыг устгасан байна.
Ахмад
дайчдыг Ялалтын баяраар 200 доллараар шагнана
Узбекистан
улс дэлхийн II дайнд оролцож явсан ахмад дайчдыг Ялалтын баяраар шагнахаар
болжээ. Ерөнхийлөгч Ислам Каримовын зарлигаар, ахмад дайчин 600 мянган сумын (200
доллар) шагнал авна хэмээн “Фергана” агентлаг уламжиллаа. 2013 оны Ялалтын
баяраар Узбекийн ахмад дайчид 170 доллар авч байжээ.
2013
оны дөрөвдүгээр сарын байдлаар, Узбекистанд дэлхийн II дайнд оролцож явсан
таван мянга гаруй ахмад дайчин байв. Тус улсын хагас 1.5 сая орчим иргэн
фашизмийн эсрэг дайнд оролцож, 420 мянга нь фронтод амиа өргөж, 640 мянга нь
шархдаж байжээ. Эр зориг, гавъяаныхаа төлөө 170 мянган узбек одон, медалиар
шагнагдаж, 338 нь ЗХУ-ын баатар цол хүртжээ.
Хэдэн
мянган хүн агуу зохиолчтой салах ёс гүйцэтгэхээр иржээ
Мексикийн
нийслэл Мехико хотод хэдэн мянган хүн Колумбын зохиолч Габриель Гарсия
Маркестэй салах ёс гүйцэтгэхээр цуглажээ. Их зохиолчийг хүндлэн биширдэг хүмүүс
Мехико хот дахь Урлагийн ордонд ирэхдээ шар өнгийн цэцэг авчирч тавьж байлаа. Уншигчид
Г.Г.Маркесийг амьд ахуйд нь шар өнгийн сарнай бэлэглэж, хүндэтгэлээ илэрхийлдэг
байсан юм. Урлагийн ордонд Нобелийн шагналт колумб зохиолчийн чандартай хайрцгийг
гэргий Мерседес Барча болон хоёр хүү Гонсало, Родриго нар нь авчирч байрлуулжээ.
Гурван цаг үргэлжилсэн ёслолд зохиолч, улстөрч, олон нийтийн зүтгэлтнүүд болон
агуу зохиолчийн найз нөхөд ирсэн байлаа. Габриель Гарсия Маркес 1967 онд бичсэн
“Зуун жилийн ганцаардал” романаараа 1982 онд
Нобелийн шагнал хүртсэн юм.
Японы
парламентын 150 гишүүн Ясукуни сүмд зочилжээ
Японы
парламентын 150 орчим гишүүн Японы милитаристуудын сүнсийг амаржуулагч Ясукуни
сүмд зочилжээ. Үүний өмнөхөн Засгийн газрын хоёр ч сайд уг сүмд очсон юм.
Дэлхийн II дайны гэмт хэрэгтнүүдийн шарил, чандар байдаг Ясукуни сүм нь Японы
милитаризмийн билэгдэл хэмээн Хятад, Өмнөд Солонгос үздэг бөгөөд Японы
улстөрчид тэнд очих бүрт дургүйцлээ илэрхийлдэг. Дэлхийн II дайны үеэр Японы
арми Солонгосын хойг болон Хятадын үлэмж хэсгийг эзлэн, харгислал үйлдэж байсан
юм.
Япон,
Өмнөд Солонгосын харилцааг хэвийн болгоход багагүй хүчин чармайлт гаргасан
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Токиод ирнэ. Японы Засгийн
газрын гишүүд Ясукуни сүмд очихгүй байсан нь дээр хэмээн АНУ үздэг ажээ.
АНУ
Украинд таван тэрбумыг зарцуулжээ
1991
онд ЗХУ задарснаас хойш АНУ Украинд таван тэрбум долларын тусламж үзүүлсэн
хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европын асуудал хариуцсан зөвлөх
Викториа Нуланд мэдэгдлээ. Украины ард түмэн ардчилалд шилжиж, өөрсдийн ашиг
сонирхлоо хамгаалаг гэсэндээ энэ тусламжийг үзүүлсэн гэв. Харин Майданд мөнгө
өгөөгүй хэмээн онцолсон байна.
Украинд өнгөрсөн хоёрдугаар
сард эрх мэдэл солигдсон билээ. Дээд Рад Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгч
Виктор Януковичийг эрх мэдлээс зайлуулж, төрийн тэргүүний үүргийг парламентын
тэргүүн Александр Турчиновт шилжүүлж өгсөн юм. Украины шинэ Засгийн газар
хоёрдугаар сарын 27-нд байгуулагджээ. Сайд нарын кабинетийн тэргүүнээр сөрөг
хүчний лидер Арсений Яценюк томилогдсон. Харин сайд нарын суудлыг Майданд
жагсаж байсан идэвхтнүүд эзэлжээ.


No comments:
Post a Comment