Monday, 28 April 2014





Хойд Солонгос цэргийн хээрийн сургууль хийнэ

Хойд Солонгосын ардын арми Шар тэнгисийн бүсэд цэргийн хээрийн сургууль хийх болсноо зарлалаа. Байлдааны буудалт хийх хээрийн сургууль хоёр Солонгосыг заагладаг усан хил орчимд болох ажээ. Дөрөвдүгээр сарын 25-нд Хойд Солонгосын эргүүлийн хоёр хурдан завь Өмнөд Солонгосын усан хилийг баруун хэсгээр нь зөрчин орж иржээ. Хойдууд хээрийн сургууль хийх гэж буйгаа өмнөд хөршдөө албан ёсоор мэдэгдсэн байна.

Тагнуулын албаны экс даргыг хөнөөжээ

Венесуэльд Үндэсний тагнуулын албаны дарга асан Элисер Отаиса бусдын гарт амиа алджээ. Дотоод хэргийн яамны тэргүүн Мигель Родригес мэдэгдсэнээр, дөрвөн сумны шархтай түүний цогцос Каракас хотын нэгэн байшингаас олдсон байна. Элисер Отаиса сүүлийн үед Каракас хотын нэгэн дүүргийн зөвлөлийг толгойлж байжээ. Түүнийг хөнөөсөн газраас холгүй автомашиныг нь олсон байна. Гэмт этгээдүүд мөн түүний автомашин руу хэд хэдэн удаа буудсан байжээ.

Хүчтэй шуурга 21 хүний аминд хүрээд байна

АНУ-ын өмнөд нутгийг хүчтэй шуурга дайрч Миссисипи мужийн Тюпело хотыг ихээхэн сүйтгээд байна. Дуучин, жүжигчин Элвис Преслийн төрөлх нутаг гэдгээрээ алдаршсан тус хотод байгалийн гамшгийн улмаас нэг хүн нас баржээ. Арканзаст 15, Алабамад хоёр, Оклахома, Айова, Канзаст тус бүр нэг хүн амиа алдлаа. Хэдэн зуун байшин нурж, цахилгаан, хий дамжуулах хоолой эвдэрч, моднууд үндсээрээ сугарч автомашинууд дээр унажээ. Хохирлыг арилгах ажилд Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилж байна. Хүчтэй шуурга дахиад хэд хоног үргэлжилнэ хэмээн Цаг агаарын албанаас санууллаа.

Лондоны метро ажил хаялаа

Лондон хотын метроны ажилчид сүүлийн хэдэн жилд байгаагүй томоохон ажил хаялт зарлаад байна. Өнөөдөр зорчигчдийг Хитроу нисэх буудал руу хүргэдэг буухиа метроны үйлчилгээ бүрэн зогсч байгаа юм. Ажил хаялтын хоёрдугаар шат тавдугаар сарын 5-нд эхэлж тав хоног үргэлжлэх ажээ. Засгийн газар метроны буудал дээр байдаг тасалбар борлуулах цэгийг хааж, автомат түгээгч байрлуулах гэж байгааг метроны ажилчид эсэргүүцэж байна. Үүний улмаас мянга орчим ажилтан ажилгүй болохоор байгаа ажээ.
Метроны 270 буудлын тасалбар борлуулах цэгийг хааж, автоматжуулалтад шилжсэнээр жилд 50 сая паунд (82 сая доллар) хэмнэх тооцоо гарчээ.

Дөрвөн жилийн дотор 201 орноор аялжээ

Британийн 33 настай иргэн Грэм Хьюз дөрвөн жилийн дотор 201 орноор аялж нэгэн өвөрмөц амжилтын эзэн болоод байна. Ингэхдээ тэрээр нисэх онгоц ашиглаагүй бөгөөд аялсан орнуудаа багтаасан дөрвөн минутын селфи-видео бичлэг хийжээ. Тэрээр үүнийгээ аварга амжилтын Гиннесийн ном руу явуулсан ч тус номыг эрхлэн гаргагчид “Шалгахад хэтэрхий их цаг, хугацаа орох юм байна” хэмээн буцаасан аж. Грэм дөрвөн жил 31 хоногийн дотор дөрьөн сая км замыг явганаар болон олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглан туулсан байна. Энэ нь эх дэлхийг сарнаас тусгаарлаж буй зайн гуравны нэг гэсэн үг.
Грэм Хьюз 2008 оны сүүлчийн өдөр төрөлх Ливэрпүүл хотоосоо гарч 2012 оны арванхоёрдугаар сард дэлхийн хамгийн залуу улс болох Өмнөд Суданы хилийг давж аялалаа дуусган оргилуун дарс буудуулан амжилтаа тэмдэглэжээ.    

No comments:

Post a Comment