Wednesday, 16 April 2014


Габриель Гарсия Маркес хавдартай гэх яриаг няцаалаа

Латин Америкийн сод зохиолч Габриель Гарсия Маркес хавдраар өвчилсөн гэх яриа нь үндэслэлгүй хэмээн түүний найз, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдлээ. Маркес Мексикийн нийслэл Мехико хотын эмнэлэгт найм хоног эмчлүүлээд дөрөвдүгээр сарын 8-нд эмнэлгээс гарсан юм. Нэрт зохиолчийн гэр бүл Колумбын хэвлэлд мэдээлэхдээ “Түүний биеийн байдал тогтвортой байгаа. Гэхдээ өндөр настай тул бие нь муудах магадлалтай гэсэн” байна. Үүнтэй зэрэгцэн Мексикийн хэвлэлүүдээр Габриель Гарсия Маркес хавдраар өвчилсөн гэх мэдээ цацагдсан юм.
“Мексикийн хэвлэлээр цацагдсан мэдээлэл нь үнэнд нийцэхгүй. Зохиолчийн гэр бүл хувийн амьдралын талаар элдэв мэдээлэл цацахгүй байхыг хүссэн. Үүнд хүндэтгэлтэй хандацгаая” хэмээн Колумбын Ерөнхийлөгч хэлжээ. 87 настай сод зохиолч Маркес хатгаа туссан ч эмч нар өвчнийг эмчилж, бүрэн хяналтдаа авч чадсан аж.

Америкийн бараа, бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалав

АНУ-ын хориг арга хэмжээний хариуд орос иргэд Америкийн бараа, бүтээгдэхүүнээс татгалзах ёстой хэмээн ОХУ-ын Коммунист нам санал дэвшүүлэв. Тус намын Хууль зүйн албаны дарга Вадим Соловьев энэ тухай онцлоод, ойрын үед иргэний-эх оронч кампанит ажлыг зохион байгуулж, Оросын бүх иргэдэд хандан Америкийн бараа, бүтээгдэхүүнээс татгалзахыг уриална хэмээн мэдэгдэв. Энэхүү кампанит ажлын өмнө Думын депутатууд иргэдэд өөрсдийн биеэр үлгэр жишээ үзүүлэх ёстой хэмээн үзэж байна.
“Иргэд тэдний барааг худалдаж авахаа боливол манай бизнесмэнүүд тэндээс бараа авчрахаа болино. Улмаар америкууд манай зах зээлийг алдах болно. Долларыг ч эргэлтээс гаргах боломжтой. Евро зэрэг түүнийг орлох валют байж л байна. Оросыг сүрдүүлснээр буулгаж авч чадахгүй гэдгийг америкуудад ойлгуулах хэрэгтэй. Америкийн бараа бүтээгдэхүүнийг орлох зах зээлийг олох амархан” хэмээн В.Соловьев ярилаа.

No comments:

Post a Comment