Шин Дон Хук:
Эцгийнхээ төлөө Хойд Солонгост буцаж очиход бэлэн байна
Хойд Солонгосын уугуул Шин Дон Хук хамгийн хатуу бэрх
зовлонг амсчээ. 1982 онд улс төрийн хоригдлуудын шоронд төрсөн тэрээр 2005 оны
нэгдүгээр сарын 2-нд оргож чадах хүртлээ тэнд хоригдон түгжигдсэн 24 жилийнхээ
хугацаанд зөвхөн өлсгөлөн, албадан ажил, зодуур, хүчирхийлэл, тамлалт,
цаазлалтаас өөр юу ч хараагүй юм. Шин Дон бол Хойд Солонгосын гулагт төрж,
дараа нь түүнээс зугтаж чадсан цорын ганц хүн гэгддэг. Түүний аймшигтай,
ээдрээтэй амьдралын талаар өгүүлсэн “14-р хорих лагериас зугтсан нь” хэмээх ном
2012 онд хэвлэгдэж шуугиан тарьж байв.
Пхеньяны дарангуйлагч дэглэмийн аймшигтай харгислалыг
дэлгэсний дараа Хойд Солонгосын эрх баригчид үүнийг няцаах кампанит ажил өрнүүлэхдээ
Шин Дон Хукын эцэг “Манай хүү хорих лагерьт төрөөгүй” хэмээн ярьж буй бичлэгийг
интернэтээр цацжээ. Хойд Солонгосоос зугтан гарснаас хойш бараг арваад жилийн
дараа эцэг нь амьд байгааг харсан Шин Дон Хук ихэд эмзэглэн гуниглаж, дэлхийн
хэвлэл мэдээллийнхнээс нэг хэсэг зугтсан юм. Тэрээр саяхан “АВС” сонины сэтгүүлчийг хүлээн авч дараах ярилцлагыг өгчээ.
-Таны сэтгэл
санаа ямаршуу байна даа?
-Хойд Солонгосын Засгийн газар Youtube дээр намайг 14-р хорих лагерьт төрөөгүй хэмээн эцгээр минь яриулж буй
бичлэгийг тавьжээ. Бараг арваад жилийн дараа аавыгаа хараад ихэд сэтгэл хөдөлж,
гунигласандаа зүрх минь урагдлаа. Тэндээс зугтсаныхаа дараа аавыгаа үхсэн гэж
бодож явлаа. Гэвч одоо амьд байгааг нь хараад баярлаж, гуниглаж байгаагаа ч
мэдэхгүй байна.
-Таныг зугтан
гарснаас хойш ийм олон жилийн дараа энэ бичлэгийг цацсан нь ямар учиртай юм
бол?
-Хойд Солонгосын эрх баригчид ард иргэддээ “14-р хорих
лагерь гэж байхгүй, Шин Дон Хукын хэлсэн бүхэн худлаа” гэж хэлсээр байна. Одоо
НҮБ хөндлөнгөөс оролцож, Пхеньяны дэглэмийг Олон улсын эрүүгийн шүүхээр
оруулахаар хичээж байна. Хойд Солонгосын эрх баригчид жүжиг тавихын тулд энэ
бичлэгийг хийсэн.
-Эцэг тань
ямаршуу байгаа бол?
-Эцгийг минь хорих лагериас гаргасан байж болох ч түүнийг
айлган сүрдүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хойд Солонгос ард иргэдээ айлгаж,
дарамталдаг. Намайг дайрч, гүтгэхийн тулд эцгийг минь ашиглаж байна. Би юу
мэдэрч, юу хийхээ мэдэхгүй байна. Бас өөр нэг бичлэг дээр миний танихгүй,
мэдэхгүй хүмүүс гарч, намайг 13 настай охиныг хүчирхийлсэн гэж ярьж байна. Энэ
бичлэгийн төгсгөлд аав минь гарч намайг Хойд Солонгост буцаж ирээч гэж гуйж
байна. Ким Чен Уны дэглэм түүнийг барьцаалан ашиглаж байна.
-Та юу хийхээр
төлөвлөж байна даа?
-Есөн жилийн өмнө зугтахдаа өлсгөлөнгийн улмаас л үүнийг
хийж байлаа. Тэр үед надаас болж гэр бүл маань зовж зүдрэх нь надад хамаагүй
санагдаж байсан. Гэвч би энд олон зүйлд суралцаж, гэр бүлийн хайр энэрэл ямар
чухал болохыг ойлголоо. Би ээж, ахынхаа өмнөөс өөрийгөө буруутгаж байна. (Ээж, ах хоёр нь зугтах гэж байгаад баригдаж цаазлуулжээ). Тэд бол одоо надад хэрэгтэй байгаа гэр бүл минь байжээ. Одоо эцгийг минь
зовоож тамлах вий гэж маш ихээр айж байна. Эцэг минь бүх амьдралынхаа туршид
хорих лагерьт албадан хөдөлмөр хийсэн. Мэдээж надад ямар ч эрх мэдэл байхгүй,
гэвч би аавыгаа үхэхээс өмнө түүний төлөө ямар нэг юм хиймээр байна. Мэдээж,
эцэгт минь ямар л нас үлдээ билээ дээ. Хэрвээ Хойд Солонгосын Засгийн газар
эцгийг минь дахин зовоохгүй гэсэн баталгаа өгвөл би өөрийгөө золиослож буцаж
очиход бэлэн байна.
-Энэ бүх зүйлийн
дараа Хойд Солонгосын дэглэм танд итгэх болов уу?
-Үгүй. Учир нь Хойд Солонгосын дэглэм муухай, балмад,
үргэлж ард түмнээ хуурч ирсэн. Гэвч эцгийнхээ төлөө хийж чадах цорын ганц зүйл
нь буцаж очих юм бол би энэ талаар бодож байна. Аавыгаа үнэхээр их үгүйлж
байна. Танд хайртай гэж хэлэх боломж гарч байсангүй. Аавдаа эхний бөгөөд эцсийн
удаа “Тандаа хайртай шүү” гэж хэлье.
-Таныг дахин
хорих лагерьт аваачиж, эсвэл эцгийн тань адилаар “Миний ярьсан, илчилсэн бүхэн
худлаа байсан” гэж хүчээр хэлүүлнэ гэхээс айхгүй байна уу?
-Намайг ална тална гэхээс айх юм алга. Харин надад
нөлөөлөхийн тулд эцгийг минь ашиглах вий гэхээс л айж байна. Би хорих лагерьт
хангалттай зовсон. Одоо ч шагайн дээрх гавны сорви, цахилгаантай төмөр утас
гишгээд түлэгдсэн хөлний сорви байж л байна. Тамлан зовоолт гэж юу байдгийг
мэднэ. Илүү зовж тарчлахаасаа өмнө үхсэн нь дээр. Үүнээс гадна, би эрх чөлөөний
үнэ цэнийг ойлгож мэдэрсэн. Хойд Солонгосын дэглэмтэй хамтран ажиллахыг
хүсэхгүй байна. Гэвч аавыг минь жаргалтай болгож байвал би буцаж очно. Эцэг минь
амьд хэвээр, түүнийг тамлан зовоож байж ч магадгүй гэдгийг нь мэдчихээд би
эргэж очихгүй байх нь намайг алж, хөнөөж байна.
-Та эрх чөлөөнд
хэрхэн дасч зохицов оо?
-Би одоо ч бүх зүйлд дасан зохицоогүй байна. Өмнөд
Солонгост ирээд байнга хар даран зүүдэлж, шөнө хашгирч сэрдэг байлаа. Намайг
маш ихээр шаналгасан ээжийгээ, мөн хорихын хуягууд намайг хөөж байна гэж
зүүдэлдэг байлаа. Хэнд ч итгэдэггүй, хэнтэй ч уулзахыг хүсдэггүй байлаа. Надад
гэмтлийн дараах хямрал гэсэн онош тавьж, унтахын тулд эм бэлдмэл уудаг байсан.
Хар дарсан зүүд, ядаргаанаас болж амиа хорлох тухай ч бодож байлаа. Хорих лагерьт
байхдаа ч энэ тухай бодож байгаагүй. Хоёр, гурван жилийн өмнөөс сэтгэл санаа
гайгүй болж, хар дарах нь багассан. Цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар
сайжирсаар байна. Гэвч эцгийнхээ бичлэгийг үзээд дахин сэтгэлээр унаж, дахиад
хар дардаг боллоо.
-Тэгвэл эрх чөлөөтэй
гэдгээ бүрэн мэдэрч чадаагүй байна уу?
-Энд ирснээсээ хойш хүссэнээ идэж, хүссэнээрээ хувцаслаж,
хүссэн газар руугаа явж чадаж байна. Гэвч би 24 жил хорих лагерьт, зөвхөн
найман жил Өмнөд Солонгост амьдарсан. Тэнд, эндхийн амьдралаа үргэлж харьцуулж
хардаг. Тэнд миний гэр бүл байгаа болохоор сэтгэл, оюун минь Хойд Солонгост
байдаг.
-Хорих лагерьт
амиа хорлох талаар хэзээ ч бодож байгаагүй гэсэн. Тэгвэл тэнд хамгийн хүчтэй
айдас, сэтгэгдэл нь юу байсан бэ?
-Өлсгөлөн. Хоригдогсдыг өлсгөлөнгөөр хянадаг. Хоол
идэхгүй байх нь тамлалтаас ч илүү айдастай зүйл байсан.