Tuesday, 25 November 2014



ОХУ 140 тэрбум доллар алдаж байна

Эдийн засгийн хориг арга хэмжээ болон нефтийн үнийн уналт Оросын сан хөмрөгт аймшигтай хохирол учруулах болов. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановын мэдэгдэж буйгаар, жилийн алдагдал 140 тэрбум долларт (112.9 тэрбум евро) хүрч байгаа ажээ. АНУ болон Европын холбооны зүгээс Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ жилд 40 тэрбум долларын хохирол учруулж байна. Харин энэ онд 25-аас дээш хувиар унаад байгаа нефтийн үнийн уналтаас болж 90-100 тэрбум долларын алдагдал хүлээсэн хэмээн А.Силуанов ярилаа. Улмаар ОХУ-аас хөрөнгө, капитал их хэмжээгээр гарах болжээ. Гарч буй капиталын ихээхэн хувийг рублиэс гадаад валют руу шилжүүлж байгаа иргэдийн хадгаламж эзэлж байна.

Уурхайн ослоор 24 хүн амиа алдлаа

Хятадын Ляонин муж дахь нүүрсний уурхайд осол гарсны улмаас 24 уурхайчин амь үрэгдэж, 52 хүн гэмтэж бэртлээ хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв. Уурхайн эзний мэдэгдэж буйгаар, 1.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа уурхайд нуралт болж, гал гарчээ. Энэ үеэр уурхайн гүнд 89 хүн ажиллаж байсан аж. Аврах ажиллагаа дуусч, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргээд байна.
Жилд хэдэн мянган уурхайчин амиа алддаг Хятадын уурхай дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Үүний өмнө аравдугаар сарын 25-нд томоохон осол гарчээ. Урумч хотын ойролцоох нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 16 хүн амь насаа алдсан байна.

12 сая сири хүнд тусламж хэрэгтэй байна

Сирийн 12.2 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна хэмээн НҮБ үзэж байна. Тус улс дахь иргэний дайн, хүчирхийллийн золиос болсон иргэд долдугаар сараас хойш 1.5 саяаар нэмэгджээ. Сирийн хүн амын дөрөвний гурав нь ядууралд нэрвэгдэж, хүүхдүүдийн сургууль завсардалт хоёр дахин нэмэгдэж, 3.2 сая хүн эх орноо орхин гадаад руу дүрвэжээ. Өөр 7.6 сая иргэн орон гэрээ орхин улс орон даяар бэдэрч явна.

Хонконгт 116 хүнийг баривчлав

Хонконгийн төвийн Монг Кок дүүрэгт жагсагч, цагдаа нарын хооронд шинэ мөргөлдөөн болжээ. Цагдаагийн газраас мэдэгдсэнээр, 116 идэвхтнийг баривчилсан байна. Хонконгийн эрх баригчид шүүхийн шийдвэрийн дагуу тус дүүрэг дахь хаалт саад, жагсагчдын майханг буулгасан аж. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн олон хүн гудамжинд жагсаж, цагдаа нарын эсрэг мөргөлдөөн үүсгэжээ. Хонконгийн  засаг захиргааны 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг Бээжингийн эрх баригчид батлана гэсэн шийдвэрийг Хонконгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Жагсагчид Хятадын эрх баригчидтай шууд хэлэлцээ хийх шаардлага тавьж байна.

No comments:

Post a Comment