Saturday, 15 November 2014



“Их-20”-ийн лидерүүд В.Путинийг зэмлэж, нэмэлт хоригоор сүрдүүлэв

Зарим орны лидер Кремлийн тэргүүний Украины хямралын өмнө баримталж буй хандлагыг шүүмжилж, нэмэлт хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч “Их-20”-ийн ажлын уулзалтыг орхин явж магадгүй болоод байна гэсэн мэдээлэл тархжээ. В.Путинтэй хамт ирсэн Оросын Засгийн газрын нэгэн төлөөлөгч Reuters агентлагт ийнхүү батлан хэлсэн гэж байна. Австралийн Брисбен хотноо болж байгаа үйлдвэрлэл хамгийн их хөгжсөн 20 орны Засгийн газар, төрийн тэргүүний уулзалт дээр өрнөдийн удирдагчид Оросын Ерөнхийлөгчийг шүүмжилж, дарамт шахалт үзүүлсэн нь В. Путиний уурыг хүргэсэн бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй олон улсын лидерүүд уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцахдаа Украин дахь салан тусгаарлагч оросууд болон Киевийн эрх баригчдын хоорондох хямрал дээр Оросын баримталж буй бодлогыг ихээхэн шүүмжилсэн аж. ОХУ Украинд байлгасаар буй цэргийн хүч, зэр зэвсгээ татахгүй бол Москвагийн эсрэг дахин хориг арга хэмжээ авах болно хэмээн Путинд сануулсан байна.

“Ямар ч боломжгүй, бид Украинд байхгүй”

“Украинд манай цэрэг байхгүй у чраас тэндээс цэргээ татах боломжгүй” хэмээн Оросын Засгийн газар хэлж байна. Зарим орны лидерүүд ОХУ-ыг Украинаас цэргээ татах ёстой гэсний хариуд Кремлийн тэргүүн дээрх хариултыг өгсөн хэмээн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Интерфакс” агентлагт ярьжээ. Канадын Ерөнхийлөгч Стивен Харпер “Оросууд Украинаас явах ёстой” хэмээн “Их-20”-ийн уулзалтын нээлт дээр хэлсэн юм. Өрнөдийн орнууд Оросын банкны эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь Украины эдийн засгийг сүйрүүлэх аюултай хэмээн Кремлийн төлөөлөгч Д.Песков сануулж байна. Учир нь Оросын банк, санхүүгийн байгууллагууд Украинд 25 тэрбум доллар зээлүүлсэн ажээ. “Өрнөдийн орнууд манай банкуудыг дампууруулахыг хүсээ юу? Тэгвэл Украиныг л дампууруулж, живүүлнэ гэсэн үг” хэмээн тэрээр онцоллоо.

Оросын Ерөнхийлөгч уулзалтыг орхиж явахгүй

Оросын лидер Украины асуудлаар шүүмжлэл хүртэж, дахин хориг арга хэмжээ авахуулах сүрдүүлэгт өртсөний дараа “Их-20”-ийн уулзалтыг яаралтай орхин явж магадгүй боллоо гэсэн мэдээллийг Д.Песков няцаажээ. “Энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Украины асуудлаар шүүмжлэл өрнөх нь тодорхой байсан. Хориг арга хэмжээний талаар ч уулзалт дээр идэвхтэй, өргөн хэлэлцэж байна. Харин хэн ч биднийг уулзалтыг орхин яв гэж дарамтлаагүй” хэмээн тэрээр ярилаа. В.Путин Америк, Канадын лидерээс гадна Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер, Германы канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нартай уулзаж Украины хямралын талаар ярилцсан байна.

Францын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт тун нааштай болсон хэмээн Кремль онцоллоо. Украины хямрал, мөргөлдөөн, Оросын эсрэг хориг нь бүгдийг хамаарч, бүгдэд хортой тусч байгааг хоёр лидер хүлээн зөвшөөрсөн аж. Путин, Кэмерон хоёр ч муудаад байгаа Орос, өрнөдийн харилцааг сайжруулж, Украины хямралыг шийдэх арга хэмжээг авах ёстой гэдэг дээр санал нийлжээ.  

No comments:

Post a Comment