Роналдо Rolls Royce-оор гайхуулав
Жилийн 148 сая еврогийн орлоготой хөлбөмбөгч Криштиано Роналдо үнэтэй, чамин
автомашин хөлөглөх дуртай. Тэрээр саяхан худалдаж авсан Rolls Royce Ghost төмөр
хүлгээ бусдад “гайхуулжээ”. Дэлхийн хамгийн нэр хүндтэй брэнд гэггдэг энэ
автомашин 350 мянган еврогийн үнэтэй. Роналдогийн гараашт дурын баян эр ч авч
чадахааргүй McLaren MP4-12C, Ferrari 599 GTO гэсэн хоёр автомашин бий. Хөлбөмбөгийн
“Реал Мадрид” клубээс цагт 1860 евро авдаг тамирчин ингэж тансаглахгүй бол өөр хэн
тансаглах билээ. Реклам сурталчилгаанаас олж буй мөнгө нь ч “гэрлийн хурд”-аар
нэмэгдэж, McLaren, Ferrari-гаас дутахааргүй “хурд”-тай болжээ.
Тэнгисийн хар чөтгөрийн зургийг авчээ
Монтерей усан сангийн судалгаа шинжилгээний хүрээлэн Тэнгисийн хар чөтгөр
хэмээх загасны зураг, бичлэгийг анх удаа авч чадсан хэмээн баталж байна. Хагас
ангайсан эрүү, ам, аймшгийн араа, соёотой энэ загас чухам далай, тэнгисийн
чөтгөр нэрэндээ тохирсон гэлтэй. Хүрээлэнгийнхэн Doc Ricketts хэмээх усанд
шумбагч төхөөрөмжөөрөө Тэнгисийн хар чөтгөрийн бичлэгийг хийсэн байна. Эл
шумбагч олон төрлийн шинэ амьтан, шавьжийн зургийг авч чадсан бөгөөд Тэнгисийн
хар чөтгөр ямар ч эргэлзээгүйгээр маш том нээлт, олдворт тооцогдож байна.
Экс Ерөнхий сайдыг авлигын хэргээр шүүнэ
Португалын шүүх экс Ерөнхий сайд Жозе Сократешийг шүүх хуралдаан хүртэл
хорионд байлгах шийдвэр гаргалаа. 57 настай Сократешийг өнгөрсөн баасан гаригт
баривчилсан юм. Түүнийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, пүүс, компаниудыг
“ивээлдээ авч” 20 сая евро хууль бусаар олж авсан хэрэгт буруутгаж байна.
2005-2011 онд Португалын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жозе Сократеш
бүх буруутгалыг няцааж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхээр зэхэж байна. Тэрээр
гэм буруутай нь батлагдвал 21 хүртэл жилийн ял авч магадгүй юм.
Техасын их сургууль Г.Г.Маркесийн хувийн архивыг худалдаж авчээ
Нобелийн уран зохиолын шагналт, “Зуун жилийн ганцаардал” романыг зохиогч
Габриель Гарсия Маркесийн хувийн архивыг АНУ-ын Остин хот дахь Техасын их
сургууль худалдаж авчээ. Колумбын Соёлын сайд Мария Гарсес “Нэрт зохиолчийн
архив худалдагдсан нь улс орны хувьд том гарз боллоо” хэмээн мэдэгдсэний дараа
зохиолчийн ар гэрийнхэн “Маркесийн уран зохиолын өвийн талаар Колумбын эрх
баригчдаас хэн ч хандаагүй” хэмээн хариу хэлжээ.
Г.Г.Маркесийн хувийн архив их зохиолчийн хагас зууны уран бүтээлийн
өвийг хадгалж байна. Техасын их сургууль худалдаж авсан цуглуулгад “Зуун жилийн
ганцаардал”, “Тахлын үеийн дурлал” болон бусад зохиолын эх бичмэл, хоёр мянаг
орчим захидал, Маркесийн Нобелийн шагнал авахдаа хэлсэн үг, бичгийн машин,
компьютер зэрэг байгаа юм. Мөн уг архивт эх ноорогууд, 40 орчим гэрэл зургийн
цомог хадгалагдаж байна. Шидэт реализмийг үндэслэгч Габриель Гарсия Маркес энэ
оны дөрөвдүгээр сард 87 насандаа өөд болжээ.
Б.Обама Мерил Стрипт хайр сэтгэлээ илэрхийлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оскарын гурван удаагийн шагналт жүжигчин
Мерил Стрипт Эрх чөлөөний одон гардуулах үеэрээ Холливудын жүжигчинд хайр
сэтгэлээ илэрхийлжээ. “Би Мерил Стрипт хайртай гэдгээ олон нийтэд зарлаж байна.
Үүнийг түүний нөхөр, миний эхнэр Мишель нар мэднэ” хэмээн Обама ярьжээ. “Түүнтэй
зэрэгцэх агуу жүжигчин байхгүй” хэмээгээд Обама Стрипийг тэвэрч, хацар дээр нь
үнсчээ.
Цагаан ордонд болсон ёслол дээр “Грэмми”-ийн 25
удаагийн шагналт дуучин Стиви Уондерт мөн Эрх чөлөөний одон гардуулав. Обама
түүнийг хөгжмийн сод авъяастан гэж нэрлээд 10 настай байхдаа анхны хуримтлалын
мөнгөөрөө Уондерийн пянзыг худалдан авч байснаа дурсан ярьжээ. Ерөнхийлөгчийн
нэрэмжит Эрх чөлөөний одонг телевизийн хөтлөгч Том Брокау, Чилийн зохиолч
Исабель Альенде, жүжигчин Марло Томас, физикч Милдред Дросселгауз, эдийн засагч
Роберт Солоу, хөгжмийн зохиолч Стивен Сондхайм зэрэг 17 хүнд гардуулсан байна. Мөн
1989 онд нас барсан бүжигчин Алвина Эйлид нөхөн олгожээ. “АНУ-ыг улам хүчтэй,
ухаантай, хүнлэг, сайхан болгосон хүмүүст энэ шагнал очдог. Тэд дэлхийг хүчтэй
болгохыг хэрээр бид бүгдийг ч хүчтэй болгож байдаг” хэмээн Б.Обама онцоллоо.




No comments:
Post a Comment