Перуд залуу сэтгүүлч алуулжээ
Перуд мэдээллийн салбарт тэргүүлдэг Caretas сэтгүүлийн залуу сэтгүүлч
алуулжээ. Галт зэвсэгтэй хоёр этгээд 22 настай сэтгүүлч Фернандо Раймондийг Сан
Висенте хотод гудамжинд явж байхад нь довтолсон байна. Раймонди цээжиндээ
буудуулан амь насаа алджээ. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт нэр
хүндтэй Caretas сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Раймонди гэмт
бүлэглэлүүдийн талаар бичдэг байснаараа халдлагад өртсөн байж болзошгүй байна. Сүүлийн
хоёр жилд Перуд дөрвөн сэтгүүлч бусдын гарт амиа алдаад байна.
С.Уондер, М.Стрип
нар АНУ-ын иргэний дээд шагнал хүртэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жүжигчин Мерил Стрип, дуучин Стиви Уондер
нарыг АНУ-ын иргэний дээд шагнал буюу Эрх чөлөөний медалиар шагнахаар боллоо.
Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 24-нд Цагаан ордонд болох юм. Энэ
шагналыг театрын хөгжмийн зохиолч Стивен Сондхейм, телевизийн хөтлөгч Том
Брокоу, зохиолч Исабель Альенде болон урлаг, соёлын бусад зүтгэлтнүүд хүртэж
байжээ. АНУ-ын аюулгүй байдал, дэлхийн энх тайвны төлөөх тэмцэл, соёлын салбарт
амжилт олсон хүмүүст Эрх чөлөөний медаль олгодог ажээ.
Америк эмэгтэй 100 насныхаа төрсөн өдрийг шүхрээр бууж тэмдэглэв
Америкийн иргэн Элеанор Каннингем 100 насныхаа ойг шүхрээр бууж
тэмдэглэлээ хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Каннингем Нью-Йорк
мужийн Скохари хотод ач охины хамт амьдардаг аж. Тэрээр шүхрээр буух
зөвшөөрлийг эмчээсээ авчээ. Америк эмээгийн эрүүл мэнд таалагдсан зүйлээ хийхэд
харшлах зүйлгүй байна хэмээн эмч үзсэн байна. Каннингем 90 наснаасаа эхлэн
шүхрээр хичээллэж байгаа юм. 100 нас хүрсэн америк эмээ Saratoga Skydiving
төвөөс шүхрээр буужээ. Тус төвийн сургагч Дин Макпональдийн хэлж буйгаа,
Каннингем түүний хамгийн хөгшин үйлчлүүлэгч болжээ.
Леонардо ДиКаприо 40 хүрлээ
“Титаник”, “Авиатор”, “Уолл-стритийн чоно” зэрэг киноны гол баатар Леонардо
ДиКаприо 40 хүрчээ. Леогийн ээжийн талын эмээ нь Елена Смирнова хэмээх орос
эмэгтэй байжээ. Харин өвөө нь герман хүн байсан аж. Мөн түүний судсаар итали
цус гүйж байдаг. ДиКаприогийн эцэг эх багад нь салж, ээж нь хүүгээ ганцаараа
өсгөжээ. Бүр гурван настайдаа хүүхдийн шоу нэвтрүүлэгт оролцож мөнгө олж байсан
Лео эдүгээ дэлхийн хамгийн алдартай, үнэтэй жүжигчин болжээ. Гэвч тэрээр жил
бүр Оскарын шагналд нэр дэвшээд “хамрынхаа урдуур таслуулдаг” болсон юм. 40
хүртлээ гоонь явсан ДиКаприо нэртэй загвар өмсөгч бүсгүйчүүдтэй найзалсаар
иржээ. Хелен Кристенсен, Жизель Бундхен, Бар Рафаэли, Эрин Хизертон, Тони Гаррн
нартай хамт амьдарч байв. Эдүгээ тэрээр Блейк Лайвлитэй хөтлөлцөн явж байна.


No comments:
Post a Comment