Sunday, 23 November 2014



Афганистанд томоохон халдлага болжээ

“Афганистанд волейболын тэмцээн дээр болсон халдлага нь дэлхий даяар энх тайвныг бэхжүүлэхэд чиглэгддэг спортын эсрэг чиглэсэн халдлага байлаа” хэмээн Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах мэдэгдэв. Афганы зүүн өмнөд хэсгийн Пактик мужид волейболын тэмцээн болж байхад амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн юм. Халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 60 орчим хүн гэмтэж бэртжээ.
Афганистаны парламент НАТО болон АНУ-ын 12 мянган цэргийг нутаг дэвсгэр дээрээ үлдээх шийдвэр гаргасны дараахан дээрх халдлага болсон байна. Эдгээр цэрэг Афганы аюулгүйн албаны ажилтнуудыг сургаж, зөвлөгөө өгөх ажээ.

Украины Аюулгүйн албаны ажилтнуудыг Оросын тагнуул гэв

Украины Аюулгүйн албаны ажилтнуудын 70 хувь нь Оросын нууц тагнуул, туршуул хэмээн “Петра Порошенкогийн эвсэл” намаас ардын депутатад нэр дэвшигч Юрий Стець ярьжээ. Тэрээр Украины Аюулгүйн албыг Януковичээс өвлөгдсөн тэр загвар, бүтцээрээ үлдсэн хэмээн үзэж байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хэд хоногийн өмнө Украины Аюулгүйн албаны Черкасс, Волынск муж дахь салбарын тэргүүнийг огцруулжээ. 2014 оны хоёрдугаар сараас хойш Украины Аюулгүйн албанаас 40 орчим удирдагч, 2500 ажилтныг халсан байна.

АНУ-ын цэрэг Польш, Балтийн орнуудад үлдэнэ

АНУ-ын цэрэг 2015 онд Польш болон Балтийн орнуудад үлдэхээр боллоо хэмээн France-Presse агентлаг уламжлав. Энэ тухай АНУ-ын хуурай замын хүчний Европ дахь командлагч Бен Хожесс Литвад айлчлах үеэрээ мэдэгдсэн байна. Түүний баталж буйгаар, Америкийн цэрэг НАТО-гийн холбоотнуудын аюулгүй байдлыг сахиж, Оросын болзошгүй түрэмгийлэлд бэлэн байхыг тулд Польш, Латви, Литва, Эстонийн газар нутаг дээр байрлах аж. АНУ-ын засаг захиргаа энэ оны дөрөвдүгээр сард Польш болон Балтийн орнуудад 600 гаруй цэргээ илгээсэн юм. Орос-Украины харилцаа муудсан тул НАТО-гийн холбоотнуудаа дэмжих гэж ийм арга хэмжээ авсан байна.

Б.Обама: Хиллари Клинтон сайн Ерөнхийлөгч байж чадна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг 2016 оны төрийн тэргүүний сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших гол хүний нэгээр зарлав. “Хиллари Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдвэл хүчтэй өрсөлдөгч байж чадна. Тэр сайн Ерөнхийлөгч болно гэж бодож байна” хэмээн Б.Обама хэлжээ. Цагаан ордны эзэн Х.Клинтонтой байнгын харилцаа холбоотой байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. “Миний замлгамжлагчаар Ардчилсан намын хүн тодроосой гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ардчилсан намын нэр дэвшигч амжилт олохын тулд би өөрөөс хамаарах бүхнийг хийх болно” хэмээн Барак Обама ярилаа. 

No comments:

Post a Comment