Wednesday, 26 November 2014



Ариэль Коэн: В.Путин Европын болон дэлхийн аюулгүй байдлын тогтолцоог өөрчилсөн

International Market Analysis фирмийн захирал, улс төр судлаач Ариэль Коэн Ерөнхийлөгч Б.Обамаг шүүмжилж, В.Путиний АНУ дахь нэр хүнд өссөн талаар ярьж байна.

-Энэ онд “Time” сэтгүүл Путин, Обама хоёрын аль нэгийг сонгохыг уншигчиддаа санал болгоход Оросын лидер 73, Америкийн Ерөнхийлөгч 27 хувийн санал авч байсан. Оросын удирдагч юугаараа Обамаг давж гарч байгаа юм бэ?

-Путин, Обама хоёр огт өөр төрлийн хүмүүс л дээ. Путин эрх мэдэл, хүч гэж юу болохыг сайн ойлгодог, үүнийг хэрхэн ашиглахыг мэддэг хатуу, чанд цэргийн хүн. Обама Ерөнхийлөгч болоод зургаан жил болоход төрсөн сэтгэгдэл гэвэл, тэрээр хүчийг сайн ашиглаж мэддэггүй, ашиглах дургүй, магадгүй ашиглахаас айдаг юм байна. Америкийн лидер эрх мэдэл, хүчийг ашиглахдаа үргэлж хожимдож байдаг. Time-ийн санал асуулга бол эрдэм шинжилгээний, эсвэл элит санаа бодол ч биш. Миний бодлоор, Путин Европын болон дэлхийн аюулгүй байдлын тогтолцоог өөрчилж чадсан. Путин Украины хэрэг явдал хүртэл бидний амьдарч ирсэн тэрхүү тогтолцоог өөрчилсөн нь үнэн шүү дээ.

-Украин хүртэл амьдарч ирсэн тогтолцоог та хэрхэн тодорхойлох вэ?

-Энэ бол хүйтэн дайны дараа үүсч бий болсон систем байсан. Энэ систем, тогтолцоо нь 1945 оны Ялта, Потсдам болон 1975 оны Хельсинкийн гэрээн дээр үндэслэгдсэн л дээ. Тэд Европ дахь хил хязгаар зөрчигдөшгүй байна хэмээн хэлж байсан. Гэвч одоо болж буй үйл явдлыг харвал Европын хил хязгаар өөрчлөгдөж болохоор болчихлоо. Мэдээж энэ нь олон хүнд таалагдахгүй байгаа.

-Б.Обамагийн “Исламын улс” бүлгийн талаар баримталж буй бодлогыг хэрхэн дүгнэдэг вэ? Энэ тал дээр Турк зэрэг ойрын холбоотнууд нь хүртэл Америкийг дэмжихгүй байна шүү дээ...?

-Б.Обамагийн “Исламын улс”-ын талаарх бодлогыг АНУ-ын зэвсэгт хүчин болон саяхан огцорсон Батлан хамгаалахын сайд Чак Хейгел дэмжээгүй. “Исламын улс” мэтийн томоохон террорист байгууллагыг хуурай замын цэргийн оролцоогүйгээр “төвхнүүлэх” боломжгүй, илүү их цэрэг илгээх ёстой хэмээн цэргийнхэн үзэж байна. Афганистаны армийг сургахын тулд тэнд ихээхэн цэрэг, хүчээ үлдээх ёстой гэж цэргийнхэн ярьдагтай яг ижил. Обама үүнийг хүссэнгүй, Афганистанд цөөхөн цэрэг (найман мянга гаруй) үлдээлээ. Обама мөн цэргүүдийн статусын талаар тохиролцолгүй Иракаас цэргээ яаралтай татсан нь цэргийнхний эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Обама Ерөнхийлөгч Жорж Бушийн үлдээсэн зүйлээс бүрмөсөн хагацахыг хүсч, цэргээ хурдан гаргахыг хүссэн. Цэргээ ч хурдан татаж, хариуд нь “Исламын улс” үүсч бий боллоо. Обама Сири дахь суннит босогчдыг “Исламын улс”, “Аль-Нусра”-гаас ч сул дорой гэж мэдсэн ч дэмжиж байгаа нь ойлгомжгүй санагддаг. Хэрвээ АНУ суннит босогчдыг дэмжсээр байвал Башар Асадын дэглэм унаж, улмаар лалын радикал босогчид Сирийг бүрэн эзэлж, христос, армян, друз, алавит зэрэг үндэстний цөөнхийг аймаглан устгах болно.

-Б.Обама Ойрхи Дорнодын талаарх мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй байна уу?

-Обама бол юуны түрүүнд улстөрч. АНУ-ын ард түмэн дайнаас залхсан, Ойрхи Дорнодод дахин нэг дайнд оролцохыг дэмжихгүй байгаа гэдгийг тэр ойлгож байгаа. Гэвч АНУ хөндлөнгөөс оролцохгүй бол Иракийн дэглэмд аюул учирч, энэ нь явсаар Тегераныг хүчирхэгжүүлэх болно.

-АНУ-д Ардчилсан нам эрх мэдэлд гараад зургаан жил боллоо. Үр дүн нь юу байна вэ?


-Америкийн иргэдэд улс орны эдийн засгийн байдал, эрүүл мэндийн шинэчлэл огт таалагдахгүй байгааг судалгаа харуулж байна. Гадаад бодлого нь ч таалагдахгүй байна. Тиймээс Обамаг сул дорой лидер хэмээн үзэж байна. Энэ зургаан жилийн хугацаанд Польш, Оростой харилцаа муудаж, Обама хамгийн ойрын хамтрагч Их Британи, Канадыг гомдоож орхилоо. Обама Канадад нефть экспортлох боломж олгохгүй гэсэндээ Мексикийн булан хүртэл нефть дамжуулах хоолой барихаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, Америкийн Ерөнхийлөгч бараг бүх холбоотонтойгаа харилцаагаа муутгаж амжлаа.

No comments:

Post a Comment