Wednesday, 5 November 2014





Осама бин Ладенийг устгагч ил гарлаа

АНУ-ын Тэнгисийн явган цэргийн “Navy SEAL” тусгай хүчний албан хаагч Роберт О'Нил “2011 онд “Аль-Кайда” террорист байгууллагын лидер Осама бин Ладенийг би устгасан” хэмээн Британийн Daily Mai сонинд ярьжээ. 38 настай О'Нилийн дэлгэрэнгүй ярилцлага энэ сард Америкийн Fox телевизээр гарах ажээ. Түүнийг цэргийн албанаас хугацаанаас нь өмнө чөлөөлж, нийгмийн хэд хэдэн халамж, тэтгэлгийг нь хассан тул өөрийгөө илчилж, ил гарахаар шийдсэн байна. Тусгай хүчний албан хаагч 20 жил алба хаах ёстой ч тэрээр 16 жил болоод халагдсан байна.
Монтана мужид төрсөн О'Нил одоо ч тэндээ эцгийн хамтаар амьдарч байгаа аж. Тэрээр 19 насандаа армид элсч, Ирак, Афганистан болон бусад газарт 400 орчим цэргийн тусгай ажиллагаанд оролцсон юм. “Номер нэг террорист”-ийг устгасных нь төлөө О'Нилийг тусгай шагналаар шагнасан байна. Осама бин Ладен 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотод бүгж байгаад Америкийн тусгай хүчний ажиллагааны явцад алуулсан билээ. “Аль-Кайда”-гийн лидерийн цогцсыг далайд оршуулжээ.

Майкл Жордан Барак Обамаг “доош нь хийжээ”

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийг нь “Гольфийн ямар ч авъяасгүй тоглогч” хэмээн шүүмжилсэн цуут сагсанбөмбөгч Майкл Жорданы үгэнд тайлбар хийжээ. “Майкл надаас илүү гольф тоглодогт эргэлзэх юм алга. Мэдээж би 15 жилийн турш өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байсан бол түүнээс илүү байх байлаа” хэмээн Цагаан ордны эзэн нэгэн радио станцад ярьжээ. Саяхан Обама спортын тайлбарлагч Ахмад Рашадын хамтаар сагсанбөмбөгч Алонзо Моурнингийг гольфоор хожсоныг Майкл Жордан сонсоогүй бололтой.
НБА-гийн зургаан удаагийн аварга, нисдэг Жордан өнгөрсөн долоо хоногт “Би Обаматай гольф тоглож байгаагүй, боломж гарвал татгалзахгүйсэн. Би түүнийг амархан хожно. Тэр бол авъяасгүй нөхөр. Гэхдээ Обама бол агуу улстөрч биш гэж би хэзээ ч хэлээгүй шүү. Зүгээр л тэр бол олиггүй гольфчин” хэмээн ярьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Обама төрөлх Чикаго хотын багт нь 13 жил зүтгэсэн Майкл Жорданы нэг шүтэн бишрэгч нь билээ.

Швейцарь оюутнууд ФИФА-гийн тэргүүнийг огцрохыг шаарджээ

Цюрихын их сургуулийн оюутнууд Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн (ФИФА) Зепп Блаттерийг огцрохыг шаарджээ. Блаттер “Хөлбөмбөг бол амьдралын сургууль” хэмээх лекц уншиж байхад 70 орчим оюутан “Блаттерийг зайлуул” гэсэн лоозон барьж, лекцийг тасалдуулсан байна. Тэд ФИФА-г авлигад автсан хэмээн үзэж байгаа аж. Эмх замбараагүй байдал үүсч, утаа дэгдээгч шатаасан байна.
Үүний улмаас цагдаа нар хэв журам сахиулах хэрэг гарч, их сургуулийн ойролцоох замын хөдөлгөөн хоёр цаг саатжээ.
ФИФА сүүлийн үед ихээхэн шүүмжлэлд өртөж, 2018, 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах орныг сонгохтой холбоотой авлигын асуудал дэгдсэн юм. 1998 оноос хойш тус байгууллагыг тэргүүлж байгаа 78 настай Блаттер 2015 оны сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхээр зэхэж байна.

Буркина-Фасод 2015 онд сонгууль болно

Буркино-Фасогийн улс төрийн нам, иргэний байгууллагуудын лидерүүд хэлэлцээ хийсний үр дүнд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг 2015 оны арваннэгдүгээр сард явуулахаар болжээ. Хэлэлцээнд мөн шашны болон омог аймгийн удирдагч нар оролцсон байна. Гэвч шилжилтийн үед улс орныг удирдах хүнийг тодруулж чадсангүй. Буркино-Фасо улсын шилжилтийн үеийн цэргийн дээд удирдагчаар нэрлэгдээд байсан дэд хурандаа Исаак Зида эрх мэдлийг иргэний Засгийн газарт шилжүүлж өгөхөө амлажээ. Тус улсыг 27 жил тасралтгүй удирдсан Ерөнхийлөгч Блез Компаоре эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас аравдугаар сарын 31-нд огцорсон юм.

Палестины автомашин израиль цэргүүдийг дайрчээ

Баруун эрэгт Палестины автомашин израиль цэргүүдийг дайрч гурван хүнийг гэмтээлээ хэмээн Reuters мэдээлэв. Еврейн Гуш-Эцион суурингийн орчимд энэ хэрэг явдал болжээ. Цэргүүдийг мөргөсөн автомашин хэргийн газраас зугтаж алга болсон ба түүнийг эрх хайж байна. Энэ өдөр мөн Иерусалим хотод нэг автомашин явган зорчигчдыг мөргөсөн хэрэг гарчээ. Үүний улмаас 13 явган зорчигч гэмтсэний гурав нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Израилийн аюулгүйн албаны ажилтнууд уг машины жолоочийг буудаж устгасан байна.

Гурван ихэр панда гурван сар хүрчээ

Дэлхийд цорын ганц гурван ихэр хулсны баавгайн бамбарууш гурван сар 10 хоногтой болоод байна. Долдугаар сарын сүүлчээр төрсөн тэднийг “Гайхамшиг” хэмээн нэрлэсэн юм. Учир нь маш удаан үржиж, төлждөг хулсны баавгай гурван ихэр бамбарууш гаргасан нь урьд өмнө байгаагүй тохиолдол болсон юм.

Гуанжоу мужийн Чимлон Сафари паркт торниж байгаа хоёр эм, нэг эр бамбарууш эдүгээ тус бүр зургаан кг татаж байна. Тэднийг өдөрт нэг мянгаас илүү хүнд үзүүлдэггүй аж. Удахгүй бамбарууш бүрт нэр өгөх юм. Гурван ихрийг төрүүлсэн эх нь ихэд ядарсан тул бамбаруушуудыг инкубаторт өсгөсөн юм. Гэвч сүүлд нь эх, хүүхдүүд эргэн нийлсэн байна. 

No comments:

Post a Comment