Monday, 24 November 2014



Афган эмэгтэй 25 талибыг устгажээ

Афганистаны баруун хэсгийн Фарах мужид нэгэн эмэгтэй хүүгийнх нь аминд хүрсэн “Талибан” хөдөлгөөний 25 дайчныг буудаж устгалаа хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлэв. Эмэгтэйн хүү цагдаагийн отрядад алба хааж байсан бөгөөд шалган нэвтрүүлэх цэг дээр талиб босогчдод ээжийнхээ нүдэн дээр алуулсан ажээ. Хүүгээ буудуулан амиа алдахыг харсан эмэгтэй охин болон хүүгийн эхнэрийн хамт шалган нэвтрүүлэх цэг дээр байсан зэвсгийг авч талибуудын эсрэг гал нээсэн байна. Долоон цаг үргэлжилсэн тулааны үр дүнд 25 талибыг устгаж, дахин тавыг шархдуулжээ. Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Седик “Эмэгтэйчүүд талибуудын эсрэг зэвсэглэн дайрсан нь “Талибан” хөдөлгөөний эсрэг олон нийтийн бослогын билэгдэл боллоо” хэмээн ярьжээ. Харин террорист байгууллагынхан энэ хэрэг явдалд ямар нэг тайлбар өгсөнгүй.
Афганистан дахь Олон улсын цэргийн хүчин тус улсыг орхин гарч байгаагийн ар хударгаар талибууд ихээхэн идэвхжиж, нэр нөлөөгөө тэлсээр байна. АНУ болон НАТО-гийн холбоотны 139 мянган цэрэг Афганистаныг орхин гарсны дараа 2015 оны эхээр тус улсад гадаадын 12 мянган цэрэг үлдэж үүрэг гүйцэтгэх юм. Тэдгээрийн арван мянга нь АНУ-ын, хоёр мянга нь НАТО-гийн холбоотны цэрэг байх ажээ. Тэд байлдааны бус үүрэг гүйцэтгэх юм. Америк, НАТО-гийн цэргүүд өөрсдийгээ хамгаалж болох ч, Афганы армийн хамтаар дайн, байлдааны ажиллагаанд оролцохгүй.

Өнгөрч буй он Афганистаны хувьд хамгийн хөнөөлтэй, хохиролтой он болж байна. 2013 онд тус улсад халдлага, дэлбэрэлтийн улмаас гурван мянга гаруй хүн амиа алджээ. 2015 онд Афганд үүрэг гүйцэтгэх цэргүүд хэзээ болтол тэндээ үлдэх нь тодорхойгүй байна. АНУ-ын зарим албаны хүмүүс мэдэгдэж буйгаар, 2016 оны сүүлч гэхэд Афганистанд зөвхөн Элчин сайдын яамны ауюлгүй байдлыг хамгаалах цөөхөн хэдэн америк цэрэг үлдэх ажээ. 

No comments:

Post a Comment