Wednesday, 26 November 2014



Сирийн агаарын хүчний довтолгоонд 95 хүн амь үрэгдэв

Сирийн агаарын хүчин өчигдөр “Исламын улс” бүлгийн хяналтад байдаг Ракка хотыг бөмбөгдсөний улмаас дор хаяж 95 хүн амиа алдлаа хэмээн France-Presse агентлаг уламжлав. Тэдний 50 гаруй нь энгийн иргэд хэмээн Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгдэв. Аравдугаар сарын 20-ннос хойшх бөмбөгдөлтөд 239 энгийн иргэн амиа алдаад байна.
Дөрвөн жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнд 200 мянган хүн амь үрэгдээд байна хэмээн НҮБ-аас мэдээлэв. 2014 оны наймдугаар сарын 8-наас АНУ болон түүний холбоотнууд Ирак дахь лалын босогчдыг довтолж эхэлжээ. Есдүгээр сараас хойш Сири дахь жихад дайчдыг агаараас бөмбөгдөж байна.

2014 онд Гаитид 132 хүн холероор өөд болжээ

Гаити улсад дэгдсэн холер өвчин 2014 онд 132 хүний аминд хүрч, 15 мянган хүнд халдварлаад байна. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэж буйгаар, эмнэлэг хүрэлцэхгүй байгаагаас өвчтөнүүдийг эмчилж чадахгүй байгаа аж. “Гаитийн хүн амын ихэнх нь ундны цэвэр ус, ариун цэврийн өрөө, чанартай эмчилгээгээр дутагдаж буйн улмаас холероор өвчилж байна. Өвчтөнүүд хүндэрсэн үедээ эмчид хандаж байна. Холерийг арилгах үндэсний хөтөлбөр байгаа ч өвчтөнүүдэд яаралтай тусламж, эмчилгээ үзүүлэх эмнэлэг хүрэлцэхгүй байна” хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдлээ.

Baidu компани ухаалаг унадаг дугуй үйлдвэрлэнэ

Хятадад веб үйлчилгээгээр тэргүүлдэг Baidu компани Dubike хэмээх ухаалаг гар утастай холбогддог ухаалаг унадаг дугуй үйлдвэрлэх болсноо зарлав. Dubike-ийн загвар, бүтцийг Циньгуаны их сургуулийн эрдэмтэд боловсруулжээ. Дугуйнд суулгаж өгсөн мэдрэгч дэлгэц нь эзнийхээ зүрхний цохилт, дөрөөний жийлт, суудал дээрх даралт болон бусад үзүүлэлтийг хэмжин гаргаж Bluetooth-ээр дамжуулан гар утас руу илгээх юм. Энэ мэдээллийн дагуу хэрэгтэй үзүүлэлтийг тал бүрээр боловсруулан гаргаж, бие бялдрыг зохистой хэмжээнд байлгах маршрут, програмыг гаргах боломжтой ажээ. Dubike унадаг дугуй энэ оны эцсээр худалдаанд гарах ба үнэ нь тодроогүй байна.

Өсвөр үеийнхнийг хорих ялаар шийтгэв


Египетийн шүүх 13-17 насны 78 хөвгүүнийг хориглогдсон “Лалын ахан дүүс” байгууллагаас зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэмээн тав хүртэл жилийн хорих ялаар шийтгэжээ. Тэд эрх мэдлээсээ зайлуулагдсан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг эргүүлэн авчрахыг уриалсан жагсаалд оролцсон аж. Өсвөр үеийнхэн зам харгуйг хааж, дугуй шатааж, хувийн өмч рүү халдсан хэмээн төрийн хэвлэлүүд мэдээлэв. Египетийн шинэ эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг террорист байгууллага хэмээн зарласнаас хойш Ерөнхийлөгч асан М.Мурсийн талынхны олон мянган дэмжигч алуулж, баривчлагджээ. Өнгөрсөн лхагва гаригт сөрөг хүчний эсрэг тэмцэлд өргөн эрх мэдэл ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталсан байна. 

No comments:

Post a Comment