Тони Блэр - дэлхийн хамгийн үнэтэй зөвлөх
-Тэрээр НҮБ-ын Ойрхи Дорнод дахь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа PetroSaudi
компаниас сард 52 мянган еврогийн цалин авдаг байжээ-
1997-2007 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан Тони Блэр (61
настай) албаа өгсний дараа дэлхийн хамгийн үнэтэй зөвлөх болсон юм. Нэр
хүндтэй, уран илтгэгч Блэр 2012 онд Английн Xstrada, Швейцарийн Glencore
компанийг нийлүүлэх хэлэлцээнд зуучлагчаар оролцон, Лондоны Claridge’s зочид
буудалд гурван цагийн турш хэлэлцээ хийн асуудлыг шийдсэнээр 130 мянган
ажилтантай дэлхийн хамгийн том түүхий эд, хүнсний худалдааны компани бий
болжээ. Экс Ерөнхий сайд үүнийхээ хөлсөнд нэг сая доллар авчээ. Гэвч лэйборист
намын экс лидер улс төрийг орхисонгүй. 2007 оноос хойш НҮБ, АНУ, Орос, Европын
холбооны Ойрхи Дорнод дахь энхийн төлөөлөгчөөр ажиллажээ. Тэрээр энэ албанд
байхдаа их ярьсан ч тун бага зүйл хийсэн юм.
Тони Блэр Саудын Арабын хаан Абдуллагийн хүү, хунтайж Турки бин Абдулла
Аль-Саудын байгуулсан PetroSaudi нефтийн компанитай нууц гэрээ байгуулсан
талаар Sunday Times сонин мэдээлжээ. Tony Blair Associates (TBA) байгууллага
2010 оны арваннэгдүгээр сард дээрх гэрээг байгуулсан байна. Саудын Арабын
компани Т.Блэрт сард 52 мянган евро, дээр нь нэмээд гэрээ байгуулсны шагнал
болгож хоёр хувийн урамшуулал төлж байжээ. Блэр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр
компанид гүйцэтгэдэг үүргийн талаар дэлгэхгүй байхыг PetroSaudi компаниас
хүссэн аж. Түүний ажил үүрэг дотор Хятадын талтай харилцах боломжийг эрж хайх
гэсэн онцгой хэсэг багтаж байв.
Британийн экс Ерөнхий сайд сауд болон кувейтуудтай нэг бус удаа хамтран
ажиллаж байсан ч энэхүү шинэ гэрээ нь түүний араб-израилийн мөргөлдөөнд
зуучлагчийн үүрэг гүйцэтгэх ажил үүрэгт нь харшилж байсан аж. Үүнээс гадна холбоотны
хүчин Иракийг эзлэхэд Блэр тун чухал үүрэг гүйцэтгэж байсан. Саудын Арабын
компанитай байгуулсан гэрээ нь аль дөрвөн жилийн өмнө байгуулсан хэдхэн сарын
гэрээ байсан, Израиль, Палестины хооронд зуучлах ажилд нь харшлаагүй хэмээн түүний
төлөөлөгчид мэдэгдэв.
Британийн хэвлэл Блэрийг 130 сая еврогийн хөрөнгөтэй гэж мэдээлсэн ч
тэрээр үүнийг үргэлж няцаасаар ирсэн юм. “Надад энэ мөнгөний тал нь ч, дөрөвний
нэг нь байхгүй” хэмээн ярьжээ. Тони Блэр Downing Street 10-т албаны өргөөнд
амьдарч байхаасаа хавьгүй тансаг амьдарч байна. Тэрээр Buckinghamshire-т 10 сая
еврогоор үнэлэгдэх эдлэнтэй, мөн Лондоны төвд тансаг орон сууцтай. Түүнийг
төлөөлдөг компанийн өргөө Лондоны дээд зэрэглэлийн Mayfair дүүргийн Grosvenor
Square-т байдаг.
Блэр Засгийн газрыг орхисныхоо дараа католик шашинтан болж, Tony Blair
Faith Foundation, Tony Blair Sports Foundation сангаараа дамжуулж хүмүүнлэгийн
үйлс хийх болжээ. Тэрээр зөвлөх хийж, гэрээ хэлэлцээнд оролцож олсон
мөнгөнийхээ ихэнх хэсгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулдаг хэмээн тайлбарладаг. Блэр
2008 онд JP Morgan-тай жилийн 1.2 сая евро, Zurich International-тай жилийн 500
мянган еврогийн гэрээ байгуулж байв. Энэ оны наймдугаар сараас эхлэн Өмнөд
Солонгосын эрчим хүчний корпорацтай хамтран ажиллаж эхэлсэн ч цалин нь нууц.
2009 оны хоёрдугаар сард Кувейтийн Засгийн газарт зөвлөх хийж, жилд бараг арван
сая евро авах гэрээ байгуулжээ. Кувейтийг Иракийн эзэрхийллээс чөлөөлөх дайныг
Блэр дэмжиж байсан билээ. Т.Блэр 2011 оны аравдугаар сард Казахстаны Засгийн
газрын гадаад бодлогод жилийн арван сая еврогийн хөлсөөр зөвлөх гэрээ
байгуулсан нь нэлээдгүй шуугиан дэгдээсэн юм. Казахстан нь хүний эрхийг зөрчдөг
дарангуйлагч засагтай гэгддэг тул энэ гэрээ хамгийн их шуугиан дэгдээж,
шүүмжлэлд өртсөн ажээ.

No comments:
Post a Comment