Хятадад “Үнэгний ан” амжилттай өрнөж байна
“Үнэгний ан”. Хятадын хууль сахиулах байгууллагууд гадаад руу зугтсан авлигач
түшмэлүүдийг эх орондоо буцааж авчрах ажиллагааг ийнхүү нэрлэжээ. Энэ кампанит
ажил үр дүнгээ өгч байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч тэмдэглэв. Гэвч
зугтсан гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлахад Хятадын шүүх системд эргэлздэг
өрнөдийн хандлага саад болж байгаа аж. Хятадын шүүх хараат бус, шүүгдэгчдийг
тамлаж зовоодог хэмээн үздэг. Дундад улсын шүүх байгууллагууд намын үзэл
суртлын хүрээнд ажилладаг хэмээн өрнөдөд үздэг ч сүүлийн үед ихээхэн бие даасан
байдлыг олж авчээ. Си Зиньпиний удирдлага дор авлигын эсрэг хүчтэй кампанит
ажил өрнөөд байгаа. Шүүхээс “ялаа” ч, “бар” ч мултрахгүй хэмээн тэрээр
мэдэгдсэн юм. Авлигач түшмэл, бизнесмэнүүдийн нэг хэсэг нь хөрөнгө мөнгөтэйгээ
гадаад руу зугтаад амжиж буйд гол бэрхшээл байгаа аж.
Хятадын Гадаад хэргийн яамны эрх зүйн хэлтсийн тэргүүн Сюй Хун авлигчдыг
эх оронд нь буцааж авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар хэвлэлд ярьжээ.
Бээжин гадаадын улс орнуудтай хэрэгтэн шилжүүлэх 39, харилцан эрх зүйн
туслалцаа үзүүлэх 52 гэрээ байгуулаад байна. Үүний ачаар хууль сахиулах
байгууллага 2013 онд эрх мэдлээ ашиглаж гэмт хэрэг үйлдсэн 762 түшмэлийг
хараандаа авч, тэдний гадаадад байршуулсан 1.7 тэрбум долларыг улсын сан
хөмрөгт эргүүлэн оруулжээ. Энэ нь өмнөх дөрвөн жилийн нийлбэр үзүүлэлтээс
давжээ. Өрнүүлсэн кампанит ажлын зорилго нь зөвхөн улсын санг дүүргэх биш, мөн
Коммунист намын нэр хүндийг дээшлүүлэх. Гэвч Хятадын шүүхэд үл итгэх байдал
болон өрнөдийн хууль эрх зүйн нүсэр бүтэц ихээхэн саад болдог аж.
Хятадаас зугтагчид Америк, Канад, Шинэ-Зеланд, Их Британи зэрэг орныг
сонгож нуугдах нь их. Эдгээр улстай гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ байхгүй.
Долдугаар сараас хойш Хятадын 288 түшмэл эх орондоо буцаж очжээ. Тэдний
40 хувь нь сайн дураараа буцаж очсон бол, үлдсэнийг нь хууль хяналтын байгууллагууд
шилжүүлж өгчээ. Энэ бол Хятадын эрх баригчдын уйгагүй ажлын үр дүн юм. “Үнэгний
ан”-г Хятадад өргөн сурталчилдаг. Улс орны удирдагчид авлигын эсрэг тууштай
тэмцэж байгааг, амжилт олж байгааг харуулах нь зүй ёсны хэрэг бололтой. Гэсэн
хэдий ч АНУ-д байгаа сэжигтнийг Хятад улс шилжүүлж авахад тун хэцүү. Хэдийгээр
Хятадын Коммунист намын Төв хорооны сүүлчийн хуралдаан дээр эрх зүйт төр улсын
тухай дуугарсан ч Бээжин одоо болтол эрх мэдлийг хуваах зарчмыг хүлээн
зөвшөөрөхгүй байна. Эндээс л өрнөд Хятадын шүүх системд үл итгэх харилцаа гарч
байгаа аж. Мөн АНУ руу зугтаж гарсан зарим түшмэл нууц мэдээлэл тээгч байдаг нь
харилцаанд ихээхэн түвэг учруулж, хэрэгтэн шилжүүлэх явцыг боломжгүй болгодог
байна.
Харин гэмт хэрэгт сэжиглэгдсэн хятад иргэд Хятадтай ойр, жижиг хөрш
улсуудад нуугдсан бол шилжүүлж авахад хавьгүй хялбар байдаг ажээ. Жижиг орнууд
Хятад мэтийн аварга гүрэнтэй хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг “ойлгодог” тул
эрт, орой хэзээ нэгэн цагт сэжигтнийг шилжүүлж өгөх нь ойлгомжтой.

No comments:
Post a Comment