Бейонс орлогоороо тэргүүлэв
2013-2014 онд дуучин Бейонс 115 сая долларын орлогоор бусдыгаа
тэргүүллээ хэмээн Forbes сэтгүүл мэдээлэв. Тэрээр энэ хугацаанд 95 концерт
тоглож, Beyonce нэртэй цомог гаргасан нь орлогынх нь гол эх үүсвэр болжээ.
Бейонс 2012-2013 онд 60 сая доллар олж байсан юм. Удаах байрт кантри дуучин Тейлор
Свифт орлоо. Свифт “1989” цомог, мөн Кока-Кола компани, Keds гутал, CoverGirl
гоо сайхны бүтээгдэхүүний рекламны ачаар 64 сая доллар халааслажээ. Дуучин Пинк
52 саяын орлогоор гуравт бичигдэв. Рианна (48 сая), Кэти Перри (40 сая) эхний
тавд оржээ. Харин попын хатан хаан Мадонна Forbes-ийн жагсаалтад багтсангүй.
В.Путин, Б.Обама нар албан бусаар уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралид болох “Их-20”-ийн дээд
хэмжээний уулзалт болон Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын
ажиллагааны чуулганы (АРЕС) үеэр
Оросын лидер Владимир Путинтэй албан ёсны уулзалт хийх бодолгүй байна. Харин
албан бус яриа өрнүүлж магадгүй хэмээн Reuters агентлаг АНУ-ын өндөр албаны
түшмэлийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Хоёр орны
удирдагч АРЕС-ийн чуулганы
завсраар албан бус уулзалт хийх магадлал өндөр байгаа аж. Б.Обама, В.Путин нар
оролцох АРЕС-ийн чуулган аравдугаар сарын 10-нд Бээжинд эхэлнэ. Харин “Их-20”-ийн
уулзалт арваннэгдүгээр сарын 15-16-нд Австралийн Брисбейн хотод болох юм. Украины
хямрал эхэлснээс хойш Путин, Обама нар Нормандид холбоотны цэргийн десант
буусны 70 жилийн ойн баяраар Францад албан бусаар уулзсан билээ. Тэрнээс хойш
хоёр лидер утсаар хэд хэдэн удаа ярилцжээ.
Палестин 2015 онд НҮБ-д өргөдлөө өгнө
Бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй Палестин улс 2015 онд НҮБ-ын бүрэн эрхт
гишүүнийн өргөдлөө өгөхөөр зэхэж байна хэмээн НҮБ дахь Палестины байнгын
ажиглагч Рияд Мансур мэдэгдлээ. Палестины НҮБ-ын гишүүн болох хүсэлтэд АНУ
хориг тавьж магадгүй байгаа аж. Палестины тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хүлээн
зөвшөөрөгдөхийн тулд шаардлагатай есөн саналыг авна гэдэгтээ найдаж байна.
Энэ тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь Палестиныг дэмжинэ
хэмээн Мансур үзэж байна. Өнөөдөр Палестин улсыг 135 улс орон хүлээн зөвшөөрөөд
байгаа юм.
Найман настай жаал өвчтэй найздаа нэг сая доллар цуглуулжээ
АНУ-д найман настай Дилан Сигел хэмээх жаалхүү генетикийн ховор өвчнөөр
шаналж байгаа найз Жондоо нэг сая доллар цуглуулж чаджээ. Дилан дотны найздаа
эм авч өгөхийн тулд “Үмх шоколад” хэмээх ном бичсэн юм. Зохиогчийн
хэлж буйгаар, үмх шоколад нь “Гоё, гайхалтай” гэсэн утга агуулж байгаа аж.
Номыг 2012 онд хэвлэсэн бөгөөд одоогоор 900 мянган доллар цуглуулаад
байна. “Би найздаа тусалж чадах болсондоо их баяртай байна” хэмээн Дилан жаал
ярилаа.
Лос-Анжелесийн Wise Elementary School-д сурдаг Дилан, Жон хоёр өнгөрсөн
ням гаригт номныхоо хоёр жилийн ойг тэмдэглэж, “Үмх шоколад” номныхоо хэсгээс
уншиж, гарын үсэг зурж тараасан байна. Номын орлого Флоридагийн их сургуульд
шилжиж байгаа ба тэнд Жон хүүгийн өвчнийг анагаах эмийг нээж олох судалгааг
хийж байгаа юм.
Оюутнууд алга болсон хотын даргыг баривчлав
Мексикийн цагдаа зугтаж алга болоод байсан Игуала хотын даргыг олж
баривчилжээ. Есдүгээр сард тус хотод болсон жагсаалын дараахан 43 оюутан ор
сураггүй алга болоод байгаа билээ. Игуала хотын дарга Хосе Луис Абарка гэргийн
хамтаар нийслэл Мехико хотод баривчлагдсан байна. Абарка жагсаалд оролцсон
оюутнуудыг баривчлах тушаалыг цагдаа нарт өгсөн хэмээн эрх баригчид үзэж байгаа
аж. Цагдаа нар оюутнуудыг түлхэн цагдаагийн машинд оруулж байсныг гэрчүүд
харсан байна.
Оросын эсрэг хоригийг чангатгахыг шаардлаа
Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин өрнөдийн улс орнуудад хандаж
Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриаллаа. ОХУ-ын эрх баригчид
Донецк, Луганск мужид болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрснөөр өрнөдийн
орнуудыг хүндэтгэдэггүй гэдгээ харууллаа хэмээн Климкин үзэж байгаа аж. Оросууд
олон улсын хууль дүрэм, санаа бодлыг хүндэтгээсэй гэж өрнөдийн ертөнц үзэж
байгаа бол Кремльд улам илүү дарамт шахалт үзүүлэх ёстой хэмээн ярилаа.
Москва дангаараа тусгаар тогтнолоо зарласан
Донецк болон Луганскийн бүгд найрамдах улс дахь сонгуулийг хүлээн зөвшөөрсний
дараа АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна хэмээн
сүрдүүлсэн юм. Мөн Францын Ерөнхийлөгч Ф.Олланд В.Путинд хандаж Украины салан
тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан байна.



No comments:
Post a Comment