Хар арьст зорчигч тээвэрлэхээс татгалзсан жолоочийг ажлаас нь халжээ
Шведийн Кируна хотод хар арьст зорчигчийг автобуснаас хөөж буулгасан
жолоочийг ажлаас нь халлаа хэмээн France-Presse агентлаг мэдээлэв. Мань жолооч
гадаад төрхтэй зорчигчдыг авахаас нэг бус удаа татгалзаж байжээ.
Кируна нь гадаадын дүрвэгсдийг амжилттай нийгэмшүүлсэн үлгэр жишээ хот
юм. Дэлхийд хамгийн том төмрийн хүдрийн уурхайг ашиглалтал оруулсан тус хотод ирсэн
гадаад иргэдийн 52 хувь нь ажилтай болжээ. Шведийн эрх баригчид Сириэс ирсэн
бүх дүрвэгчид байнгын оршин суух эрх олгоно хэмээн амласны дараа цагаач
иргэдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. 2015 онд 100 мянга гаруй цагаач Шведэд
ирнэ хэмээн тооцоолжээ.
Египетийн цэргийн хөлөг онгоц руу дайрчээ
Босогчид Газар дундын тэнгист Египетийн цэргийн хөлөг онгоц руу дайрч
таван цэргийг шархдуулжээ. Найман цэрэг сураггүй алга болоод байна хэмээн
Египетийн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Египетийн цэргийнхэн хариу довтолж
30 орчим босогчийг баривчилж, дөрвөн завийг нь устгажээ. “Ансар Бейт аль-Макдис”
бүлгийнхэн халдлагыг үйлдсэнийг тогтоогоод байна. Египетийн эрх баригчид лалын
босогчидтой идэвхтэй тэмцэж байгаа ч цэргийн хөлөг онгоц руу дайрах нь хэвийн
үзэгдэл болоод байна. 2013 онд Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг эрх мэдлээс
зайлуулсны дараа халдлага, довтолгоо улам ширүүсчээ.
Украинд энх тайван тогтвол Оросын эсрэг хоригийг цуцлана
Украинд нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд Вашингтон Оросын эсрэг хориг арга хэмжээг
цуцлахад бэлэн байна. Энэ тухай АНУ-ын НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дахь төлөөлөгч
Саманта Пауэр мэдэгджээ. “Бид хоригийг цуцлахад бэлэн байна. Гэхдээ зөвхөн
Украин дахь дайн байлдаан зогсож, хил хязгаар хаагдаж, гадаадын цэргийн хүчин,
зэвсэг техник тэндээс гарч, барьцааны хүмүүсийг сулласан тохиолдолд хоригийг
цуцлах болно” хэмээн Пауэр хэлсэн байна. ОХУ-ын эрх баригчид Минскийн
тохиролцоог мөрдөж, Украин дахь мөргөлдөөнийг намжаах арга хэмжээ авах ёстой
хэмээн АНУ үзэж байна.
Мишель Обама хамгийн үнэтэй бэлэг авчээ
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өнгөрсөн онд хамгийн үнэтэй бэлгийг
авчээ. 2013 онд Брунейн султаны эхнэр М.Обамад 71.5 мянган долларын үнэтэй
индранил, алмааз эрдэнэ, цагаан алттай хүзүүний зүүлт бэлэглэжээ. Энэ нь Барак
Обамагийн авч байсан хамгийн үнэтэй бэлэгнээс (10.4 мянган долларын үнэтэй
шилэн харцага) долоо дахин үнэтэй байгаа юм. Катарын АНУ дахь элчин сайд
Америкийн лидерт энэ харцагыг бэлэглэж байв.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Азербайжанаас 6.6 мянган долларын хивс,
Катараас 6.5 мянган долларын мөнгөн таваг, Сингапураас дөрвөн мянган долларын
зөөлөн бүрээстэй сандал бэлгэнд авчээ. АНУ-ын хуулиар, албан ёсны бэлэг авсан ажилтан
уг бэлгийг Засаг захиргааны нийтийн албанаас худалдан авах эрхтэй байдаг ажээ.
Иракийн зэвсэгт хүчинд “цэвэрлэгээ” хийлээ

No comments:
Post a Comment