Хамгийн өндөр элсэн шилтгээн
Бразилийн Нитерой хотод Гиннесийн номд бүртгүүлэхээр өрсөлдөж буй
дэлхийн хамгийн өндөр элсэн шилтгээнийг босгожээ. 12 метр орчим өндөр, дөрвөн
давхар барилгатай тэнцэхүйц нуруулаг байгууламжийг цэвэр элсээр босгосон бөгөөд
Бразилийн алдарт уран барилгач Оскар Нимейерийн зохион бүтээсэн барилгуудаас сэдэвлэн
бүтээсэн байна.
Барилга, уул уурхайн машин техник ашиглан босгосон шилтгээн нь өнгөрсөн
онд АНУ-д босгосон, эдүгээ Гиннесийн номд бүртгэлтэй байгаа 11.63 метр өндөр элсэн
байгууламжийг давж гарчээ. Нитерой дахь элсэн бүтээлийг нямбай арчлан хамгаалж
Гиннесийн номд бүртгүүлсний дараа устгах юм байна. Зургаан машин техник,
зургаан уран барилгач энэ шилтгээнийг босгосон юм. Элсэн шилтгээнийг Гиннесийн
номд оруулсны дараа өндрийн хэмжээг нь нарийвчлан зарлах ажээ.
Баруун Африкийн орнуудын өрийг хүчингүй болгохыг санал болгов
АНУ Олон улсын валютын санд хандаж Эбола вирусын тархалттай тэмцэж
байгаа Баруун Африкийн орнуудын өрийг хүчингүй болгох санал тавилаа. Энэ тухай
АНУ-ын Сангийн яамны тэргүүн Жейкоб Лью ярьжээ. Либери, Сьерра-Леон, Гвиней
улсын өрийг хүчингүй болгож магадгүй байна. Эдгээр улс нийтдээ 372 сая долларын
өртэй байгаа юм. Вашингтон арваннэгдүгээр сарын 15, 16-нд болох “Их-20”-ийн
уулзалт дээр ОУВС-гийн гишүүдэд дээрх саналыг тавихаар зэхэж байна.
Мөнгө угаахын эсрэг кампанит ажил өрнүүлжээ
Аргентины татварын алба мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх кампанит ажлын
хүрээнд 70 орчим санхүүгийн байгууллагад шалгалт хийжээ. Нийслэл Буэнос-Айрес
болон бусад бүс нутаг дахь банк, валют арилжааны төв, санхүүгийн байгууллагууд
шалгалтад хамрагдсан байна. Тэднийг татвараас зайлсхийсэн, гадаад руу их
хэмжээний мөнгө, капитал гаргасан хэрэгт хардаж байгаа юм.
Саяхан тус улсад дэлхийн хэрэглээний барааны зах зээлд тэргүүлдэг АНУ-ын
Procter&Gamble компанийг татвараас зайлсхийсэн хэмээн үйл ажиллагааг нь
зогсоожээ. Гадаад валютын нөөц дуусч байгаа тул Аргентины эрх баригчид гадаад
валютын урсгалыг хянах оролдлого хийж байна.
Эрх баригч намын байрыг шатаажээ
Мексикийн Герреро мужид мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаал хийхдээ эрх
баригч намын байрыг шатаажээ. Игуала хотод 30-аад оюутан сураггүй алга болсны
дараа тус мужид байнга эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм. Жагсагчдын дунд
Герреро мужийн CETEG төрийн
сургуулийн багш, оюутнууд байжээ. Тэд мод, чулуугаар зэвсэглэж, цагдаа нарын
эсрэг дайрчээ. Мөргөлдөөний улмаас гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Алга
болсон оюутнуудын зарим нь орон нутгийн мафийнхны гарт амь үрэгдсэн нь
тогтоогдсон юм. Цагдаа нар мафийнхантай хуйвалдаж оюутнуудын аминд хүрсэн нь
иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн юм.
Түшмэлүүдийн гэртээ жорлонтой байхыг шаардана
Энэтхэгийн Гужарат мужийн парламент түшмэлүүдийг гэртээ заавал жорлонтой
байхыг шаардсан хуулийн төслийг баталжээ. Ийнхүү сайд, дарга нар гэртээ ариун
цэврийн өрөөтэй байх үүрэг хүлээх болов. Байхгүй бол тэр түшмэлийг албан
тушаалаас нь огцруулах аж. Сонгуульд нэр дэвшигчид гэртээ жорлонтой гэдгээ
бичгээр баталгаажуулсны эцэст өрсөлдөх эрхтэй болох юм.
Эрүүл ахуйн хэм хэмжээг дагаж мөрдөхийг
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди идэвхтэй дэмжиж байна. Тэрээр 2001-2014
онд Гужарат мужийн тэргүүнээр ажиллаж байсан билээ. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий
даяар 1.1 тэрбум хүн гэртээ ариун цэврийн өрөөгүй ажээ. Энэтхэгт хүн амынх нь
тал хувь нь гудамжинд “хэрэгцээгээ хангасан” хэвээр байгаа юм.

No comments:
Post a Comment