Sunday, 9 November 2014




В.Путин 2015 онд Японд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2015 онд Японд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Орос, Японы лидерүүд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы үеэр уулзсаны дараа В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков ийнхүү мэдэгджээ. В.Путин Токиод айлчлах талаар тохиролцсон, одоо нарийн товыг тогтоох л үлдсэн ажээ. Японы тал Оросын Ерөнхийлөгчийг энэ намар айлчлахыг уриад байсан ч есдүгээр сард урилгаа хүчингүй болгосон билээ. Гэвч үүний дараа Токиогийн эрх баригчид “Айлчлалыг цуцлаагүй, харин хойшлуулсан” хэмээн залруулсан байна.

Лалын босогчид Тикрид дахь сүмийг дэлбэлжээ

“Исламын улс” террорист бүлгийн дайчид Иракийн Ерөнхийлөгч байсан Саддам Хусейний эцгийнх нь шарил болон тэндээс холгүй орших сүмийг дэлбэлжээ. Энэ тухай Иракийн Al Mada Press агентлаг мэдээлэв. Дэлбэрэлтийн улмаас лалын сүм болон оршуулгын газар бүрэн сүйджээ. Босогчид сүмийн дотор болон гадна дэлбэрэх бодис тавьж байгаад дэлбэлсэн байна. Эрх мэдлээсээ хүчээр зайлуулагдсан Иракийн Ерөнхийлөгчийн эцгийнх нь шарил 2006 онд халдлагад өртөж байжээ. Тикрит хотын төвд байрлах Мажид Аль-Хусейн сүмийг Саддам Хусейний зарлигаар байгуулж байсан юм. Тус сүмд нэгэн зэрэг гурван мянган мөргөлчин багтдаг байжээ.

Загреб, Белград 23 жилийн дараа агаарын холбоогоо сэргээнэ

Серб, Хорват улс 23 жилийн дараа хоорондын шууд нислэгээ сэргээхээр боллоо хэмээн Air Serbia авиакомпани мэдэгдлээ. Air Serbia арванхоёрдугаар сарын 12-наас эхлэн Белград-Загреб чиглэлд өдөрт хоёр удаа нислэг үйлдэх юм. Үйлчлүүлэгчдийн зүгээс эрэлт хүсэлт ихэссэн тул дээрх нислэгийг сэргээж байгаа аж.
“Манай үйлчлүүлэгчид цаг, мөнгөө хэмнэх боломжтой боллоо. Өмнө нь хоёр нийслэлийн хооронд авто хөсөг болон галт тэргээр зорчдог байсан” хэмээн Air Serbia-ийн төлөөлөгч ярилаа. 1991 онд Хорват Югославийн бүрэлдэхүүнээс гарч, цэргийн мөргөлдөөн дэгдсэний дараа хоёр хотын хоорондох агаарын нислэг тасарсан юм.

Burger King Энэтхэгт нээгдпээ

Америкийн түргэн хоолны Burger King рестораны сүлжээ Энэтхэгт анхны салбараа нээлээ. Шинэ Делид нээгдсэн Burger King нутгийн амтанд тохируулан хачиртай талхаа хийх ажээ. Тэд үхрийн махны оронд хонь, тахианы мах ашиглах юм байна. Мөн махгүй бургер захиалж болно. Burger King компани 2015 онд Энэтхэг даяар 100 орчим салбараа нээхээр тооцоолж байна. Burger King-ийн салбар байдаг 100 дахь орон нь Энэтхэг болжээ.

Ханхүү Харри Афганистанд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэв

Британийн ханхүү Харри Афганистаны Кандагарт очиж дайн, байлдаанд амь үрэгдсэн британи цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцжээ. Харри 2007-2008, 2012-2013 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан юм. Кандагар дахь агаарын цэргийн баазад болсон ёслол дээр Харри амь эрсэдсэн цэргүүдийн дурсгалд зориулан “Амь амьдралаа бусдын төлөө золиослохоос илүү хайр байхгүй. Та нарыг хэзээ ч мартахгүй, Харри” гэсэн туузтай цэцэг өргөжээ.

No comments:

Post a Comment