“Украинд эдийн засгийн тусламж үзүүлээд нэмэргүй”
Иргэний дайнтай байгаа Украинд эдийн засгийн ямар ч тусламж үзүүлээд
нэмэргүй хэмээн Чехийн Ерөнхийлөгч Милош Земан хэлжээ. “Украинд иргэний дайн
болж байгааг ойлгох хэрэгтэй. Иргэний дайнтай байхад нь эдийн засгийн тусламж
үзүүлэх нь ямар ч утгагүй зүйл. Зүгээр л мөнгөө дэмий үрнэ гэсэн үг” хэмээн
Чехийн лидер онцоллоо.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Украин улс дампуурлын ирмэг дээр ирээд
байгаа юм. Киев гадаадын зээл, тусламжийн ачаар нөхцөл байдлыг аврана хэмээн
найдаж байна. ОУВС, Европын холбоо Украинд дөрвөн тэрбум еврогийн тусламж
олгоод байна. Нийтдээ Киевт 30 тэрбум доллар амлаад байгаа билээ.
Либерийн Ерөнхийлөгч Эболаг устгана хэмээн амлав
Либерийн Ерөнхийлөгч, хатагтай Эллен Жонсон-Сирлиф улс орон дахь Эбола
тахлыг арванхоёрдугаар сарын 25 гэхэд ул мөргүй устгах зорилго тавилаа хэмээн Reuters
агентлаг уламжлав. Тэрээр үндэсний радиогаар энэ мэдэгдлийг хийжээ. Либери
улсад 2812 хүн энэ өвчнөөр нас бараад байгаа юм. Тус улс дахь Эбола тахалтай
тэмцэхээр Хятадын 160 эмч ирээд байна.
М.Цукерберг эхнэртээ мэндчилгээ дэвшүүлжээ
Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присцилла Чанд танилцсаныхаа
11 жилийн ойд зориулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. “11 жилийн өмнө энэ
өдөр гайхалтай бүсгүйтэй танилцаж байлаа. Хөл дээрээ бат зогсоход минь тусалж,
хамтдаа хорвоог туулж байгаа гэргийдээ талархал илэрхийлж байна” хэмээн
Цукерберг Facebook дахь хуудсандаа бичжээ. Цукербергийн гэргий Чан хүүхдийн
эмчээр ажилладаг. Тэрээр Харвардад сурч байхдаа 2004 онд ирээдүйн нөхөртэйгээ
танилцжээ. Тэд 2010 онд гэрлэж эхнэр, нөхөр болсон юм.
Америкийн баазыг эсэргүүцэгч Окинавагийн захирагч болов
Орон нутгийн сонгуулийн хороо мэдээлж буйгаар, Японы Окинава мужийн
сонгуульд Америкийн цэргийн баазыг эрс эсэргүүцдэг сөрөг хүчний нэр дэвшигч
Такеши Онага ялалт байгуулжээ. Тэрээр Окинава дахь Америкийн цэргийн баазыг
татан буулгана хэмээн амлаж байна.
Окинавагийн өнөөгийн захирагч Хироказү Накама
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн дэмжлэгийг хүлээж байсан ч ялагджээ. Накама
Америкийн цэргийн баазыг арлын өөр хэсэгт шилжүүлнэ гэж байсан юм. Такеши
Онагагийн ялалт Ерөнхий сайд Абэд улс төрийн том цохилт өглөө хэмээн шинжээчид
хэлж байна. Ш.Абэ парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлах боломжийг судалж
байгаа ажээ.


No comments:
Post a Comment