Monday, 17 November 2014





А.Меркель Оросын нөлөө нэмэгдэж болзошгүйг сануулав

Германы канцлер Ангела Меркель Оросын нэр нөлөө нэмэгдэж болзошгүй байгааг санууллаа хэмээн Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлэв. “Украины хямралыг ямар ч тохиолдолд бүс нутгийн үйл хэрэг гэж нэрлэж болохгүй. Бүгдэд хамаатай болохыг бид бүгдээрээ харж байна. Оросын нэр нөлөө зөвхөн Украинд бус Молдав, Гүрж дээр нэмэгдэж байна. Мөн Серб, баруун Балканы орнуудыг хэлж болох юм” хэмээн Германы лидер онцолжээ. Оросууд Украиныг өөрсдийн нэр нөлөөний талбар хэмээн харж байгаа тул олон улсын хэм хэмжээг зөрчсөн хэмээн Меркель үзэж байна. Оросын нөлөө, сүр хүч нэмэгдэхийн хэрээр Украин дахь нөхцөл байдал тогтворгүй болж байгаа аж. “Гэхдээ Москвагийн зөвшөөрөлгүйгээр нэг ч шийдвэр гардаггүй байсан Ардчилсан Германых шиг цаг үед очмооргүй байна” хэмээн Германы канцлер хэллээ.

Нефтийн үнэ буурсаар байна

Өчигдөр Лондоны бирж дээр түүхий нефтийн үнэ дахин буурч нэг баррель нь 78.21 долларт хүрчээ. Нефтийн үнэ унасаар байгаа нь Японы эдийн засаг зогсонги байдалд орсон, Олон улсын эрчим хүчний агентлаг таагүй мэдээ цацсантай холбон тайлбарлаж байна.
Нефть экспортлогч орнуудын байгууллага (OPEC) энэ сарын 27-нд Венад ээлжит уулзалтаа хийх гэж байна. Хар алт олборлолтоор дэлхийд тэргүүлдэг орнууд үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтоо багасгах талаар ярилцах гэж буй нь тодорхой болжээ. Янз бүрийн шалтгааны ултаас нефтийн үнэ хэдэн сарын турш буурсаар байна. Хөгжингүй орнууд дахь эрчим хүчний хэрэглээ буурсан, АНУ-д занарын нефтийн олборлолт нэмэгдсэн, Саудын Араб демпингийн бодлого явуулж байгаа, мөн Ливи улс түүхий нефтийн олборлолтоо нэмэгдүүлсэн зэрэг нь түлхүүр шалтгаан болж байгаа ажээ.

Малид 600 хүнийг Эболагийн хяналтад авчээ

Мали улсад 600 орчим хүнийг Эболагийн вирусээр халдварласан байж болзошгүй хэмээн тусгаарлаад байгааг France-Presse агентлаг уламжлав. Нийслэл Бамако хотод Эбола туссан Гвинейн ламтныг эмчилж байсан сувилагч нар нас барсны дараа ийм арга хэмжээ авчээ. Ламтан бас тахлаар өөд болжээ. Мали улсын Ерөнхийлөгч Бубакар Кейта Гвинейн хил дээр байдаг ламтны төрөлх тосгонд очихдоо нутгийн иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг уриалжээ. “Та нарыг анхаарал сэрэмжээ дээшлүүлэхийг уриалж байна. Бид хилээ хаахгүй. Гэвч Малид орж буй хүмүүсийн гарыг угаалгаж, халууныг нь шалгах болно” хэмээн хэлжээ.

Америк бейсболч рекорд гэрээ байгуулна

Америкийн бейсболын тамирчин Жанкарло Стэнтон “Miami Marlins” багтай энэ спортын түүхэнд байгаагүй өндөр үнэтэй гэрээ байгуулах гэж байна. 25 настай бейсболч 13 жилийн хугацаатай 325 сая долларын гэрээ (жилийн 25 сая) байгуулна хэмээн Sports Illustrated мэдээлэв. Өмнөх рекорд “Detroit Tigers” багийн тоглогч Мигель Кабрерад харъяалагдаж байв. Тэрээр 10 жилийн хугацаатай 292 сая долларын гэрээ байгуулсан юм. Америкийн бейсболын дээд лигийн (Major League Baseball) тамирчдын жилийн дундаж цалин 3.39 сая доллар ажээ.

Airbus нисдэг таваг шиг хэлбэртэй онгоц үйлдвэрлэх үү

Airbus компани нисдэг таваг мэт хэлбэртэй онгоцны загварын патентын эрхийг авахаар төлөвлөж байна. Шинэ нисэх онгоц нь уламжлалт нисдэг тавагтай бус, харин 1950-аад оны уран зөгнөлт зохиол дээр гардаг агаарын хөлөгтэй илүү адилхан байх юм. Ирээдүйн шинэ загвар нь урд болон хойд хэсэгтээ адилхан ачаалалтай байх тул дутагдалтай тал гэж үгүй ажээ. Ийм хэлбэртэй хөлөг түлшинд хэмнэлттэй бөгөөд орох хаалга нь төвдөө байхаар тооцоолсон байна.
Шинэ загварын агаарын хөлгийн талаар Airbus компани тодорхой мэдээлэхгүй байгаа юм. Одоогоор зөвхөн загвар, дизайны түвшинд ярьж буй бололтой.

Нисэх онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд зөвхөн Boeing-тэй өрсөлддөг Airbus компанийн инженерүүд жил бүр зургаан мянга орчим төсөл, бүтээлдээ патент авдаг аж. Төв байр нь Францын Тулуз хотод байдаг билээ. 

No comments:

Post a Comment