Saturday, 15 November 2014




Адель буяны үйлст оролцохоос татгалзжээ

Британийн дуучин Адель Band Aid 30 буяны төслийн цомгийн бичлэгт оролцохоос татгалзжээ. Төслийн удирдагч, дуучин Боб Гелдоф Аделийг бичлэгт оролцохыг хүссэн ч тэрээр үл тоомсорлосон аж. Band Aid 30 төсөл нь Эбола тахлын эсрэг тэмцэлд хандив цуглуулж байгаа юм. Анх энэ төсөл Этиопийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслахаар 1984 онд байгуулагдаж байжээ. Тэр үед Боно (U2), Пол Уэллер (The Style Council, The Jam), Жон Тэйлор (Duran Duran), Жорж Майкл, Стинг, Бой Жорж, Пол Маккартни, Дэвид Боуи нар оригинал бичлэгт оролцож, 150 сая доллар босгож байсан юм.

Шотланд салан тусгаарлах бодлогоо үргэлжлүүлнэ

Шотландын үндэсний намын шинэ лидер Никола Стержен Их Британиас салан тусгаарлах бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэв. “Шотланд хэзээ нэгэн цагт тусгаар тогтнох болно” хэмээн тэрээр Перт хотод болсон намын хурал дээр хэлсэн байна. Стержен ойрын үед Шотландын Засгийн газрыг тэргүүлэх юм. Шотландыг Их Британиас тусгаарлах эсэр бүх нийтийн санал асуулга явуулж, Шотландын үндэсний баатраар нэрлэгдсэн Алекс Салмонд ийнхүү халаагаа өгч байна. Арваннэгдүгээр сарын 18-нд болсон санал асуулгаар шотландуудын 55 хувь нь Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнд үлдээхийн төлөө саналаа өгсөн билээ.

Берлин хамгийн хөгжилтэй хотоор шалгарав

Германы нийслэл Берлин хот аялагч, жуулчдын хувьд хамгийн хөгжилтэй хотоор шалгарчээ. Аялал жуулчлалын GetYourGuide, авиа тасалбар борлуулагч GoEuro компанийн хамтарсан судалгааны дүн ийнхүү гарчээ. Тэд 1800 орчим хотын зочломтгой байдал, үзвэр, баар, зоогийн газруудыг харьцуулж үзээд Берлин хотыг хамгийн хөгжилтэй, найрсаг хотоор шалгаруулав. Берлин нь хямд шар айраг, мөн “хамгийн сүүлчийн захиалга” гэж байдаггүй бааруудаараа хамгийн их оноо цуглуулжээ. Лондон хот шөнийн клубүүдийнхээ ачаар хоёрт шалгарсан бол, Парис хот гуравт орсон байна.

Москва В.Януковичийг Киевт шилжүүлж өгөхгүй

Эх орондоо эрэн сурвалжлагдаж буй Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович, түүний гэр бүлийн гишүүд болон экс өндөр албан тушаалтнуудыг Киевт шилжүүлж өгөхгүй хэмээн Оросын хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлэв. Тэднийг Украины шинэ эрх баригчдын гарт шилжүүлж өгөх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй хэмээн хэлж байна. Интерпол ч Украины экс удирдагчдыг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулахаас татгалзжээ.
Виктор Янукович 2014 оны хоёрдугаар сард Киевийг, дараа нь Украины газар нутгийг орхин гарчээ. Үүнээс хэд хоногийн дараа Москвад очжээ. Эрх мэдлээсээ зайлуулагдсан Ерөнхийлөгч өөрийн болон ойр дотны хүмүүсийн хувь заяаны төлөө санаа зовж Оросын эрх баригчдаас өмгөөлөл хамгаалал хүссэнийг Москва ёсоор болгосон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин В.Януковичийг Крымээр дамжин Москвад хүрэхэд нь тусласан гэдгээ аравдугаар сард хүлээн зөвшөөрсөн билээ.
В.Янукович болон Украины хэд хэдэн экс өндөр албан тушаалтан Путиний нууц тушаалаар Оросын иргэншил авсан хэмээн Украины Гадаад хэргийн яам баталж байгаа юм. ОХУ-ын Холбооны цагаачлалын алба энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Украинд Виктор Янукович болон түүний талынханд хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байна. Киевийн Ерөнхий прокурорын газар экс Ерөнхийлөгчийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төрийн өмчийг завшсан, Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдэлд хүрсэн хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргасан юм. Түүний том хүү Александрыг 50 сая гривений татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

No comments:

Post a Comment