Monday, 3 November 2014




Болгарт нэг эмэгтэй өөрийгөө шатаажээ

Болгарын нийслэл Софи хотод Ерөнхийлөгчийн ордны дэргэд нэгэн эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлохыг оролджээ. Хүчтэй түлэгдсэн эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна. Эмэгтэй таксигаар Ерөнхийлөгчийн ордонд ирээд өмнө нь байдаг усан оргилуурын дэргэд бие дээрээ шатахуун асгаад шатаажээ. Ордны хамгаалалтын албаныхан, тэр хавиар явж байсан хүмүүс гүйн ирж галыг унтраасан байна. 38 настай эмэгтэйн биеийн гадаргуугийн 90 хувь нь түлэгдсэн байв.
Эмэгтэй яагаад ийм үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна. Болгарт энэ онд өөрийгөө шатаах гэсэн зургаан оролдлого гарчээ. Амьдралын хэцүү бэрх байдал, авлига зэргээс болж ийм хэрэг явдал болж байгаа бололтой.

Шумахерийн бие сайжрахгүй байна

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга Михаэль Шумахер эмнэлгээс гарснаасаа хойш Швейцарь дахь эдлэндээ амьдарч байна. Хэдийгээр тэрээр долоо хоногт 100 мянган франкийн эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа ч бие нь сайжрахгүй байгаа аж. “Цаг хугацаа өнгөрсөөр, түүний эрүүл мэнд сайжрах магадлал улам багассаар байна” хэмээн “Формула-1” уралдааны эмнэлгийн албаны дарга асан Гари Хартстейн хэлжээ. Шумахер шиг өвчтөн хэдэн сараас хэдэн жилийн турш амьдардаг хэмээн хэлж байна.
Шумахер 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын ууланд гулгаж яваад толгойгоороо чулуу мөргөн унаж гэмтсэн юм. Тэрээр хагас жилийн турш ухаангүй байсны дараа ухаан оржээ.

Чили “Дэлхийн цом-2030”-ыг хүлээн авахад бэлэн

Чили улс 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах өргөдлөө өгөхөөр зэхэж байна хэмээн тус улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Серхио Хаду мэдэгдлээ. “Бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бие дааж, мөн Уругвай улстай хамтран зохион байгуулах боломжийг судалж байна” хэмээн онцолжээ.
2015 онд Чилид Америкийн цомын тэмцээн, мөн 17 хүртэлх насны дэлхийн аваргын тэмцээн болох юм. Эдгээр тэмцээнийг амжилттай зохион байгуулвал 2030 оны дэлхийн аваргын тэмцээний эрхийг авахад түлхэц болох нь гарцаагүй хэмээн үзэж байна. Чили улс 1962 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байсан билээ. 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө мөн Аргентин, Уругвай өрсөлдөх ажээ.

Б.Обамагийн нэр хүнд доод түвшинд очжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд урь өмнө байгаагүй доод түвшинд очоод байна. ABC News телевиз, Washington Post сонин хамтран явуулсан санал асуулгаар, Цагаан ордны эзнийг Америкийн иргэдийн 44 хувь нь л дэмжиж байгаа нь харагдав. 2014 оны дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 49 хувьтай байсан юм. АНУ-ын насанд хүрсэн иргэдийн тал хувь нь Обамагийн үйл хэрэгт таагүй хандаж байна. Санал асуулга АНУ-ын Конгрессын сонгуулийн өмнө болжээ. Б.Обамагийн нэр хүнд муу байгаагийн улмаас Ардчилсан нам Конгресс дахь олонхийн байр сууриа алдаж магадгүй байна.    

No comments:

Post a Comment