Tuesday, 18 November 2014




Италид мафийн гишүүдийг баривчилжээ

Италийн цагдаа “Ндрангета” мафитай холбоотой 40 орчим хүнийг баривчилжээ. Тэднийг мөнгө угаасан, зэвсэг хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгаж байна. Баривчилгааг Италийн хойд хэсгийн Милан, Комо, Лекко хотод явуулжээ. “Ндрангета” мафи нь дэлхийн хамгийн хүчирхэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн нэг юм. Тус мафи Италийн хамгийн ядуу муж Калабриад байгуулагдаж байжээ. “Ндрангета” хар тамхины наймаа болон хууль ёсоор эрхэлдэг барилга, зоогийн газар, жижиглэнгийн худалдаанаас жилд 47 тэрбум еврогийн орлоготой ажилладаг.

Бразилд Батистаг шүүж байна

Рио-де-Жанейро хотод дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтаж явсан бизнесмэн Эйке Батистаг шүүх хурал эхэллээ. Түүнийг хөрөнгийн биржийн мэдээллийг гуйвуулж, хөрөнгө оруулагчдыг хуурч зургаан тэрбум долларын хохирол учруулсан хэрэгт буруутгаж байна. Бразилийн магнат Эйке Батистагийн хөрөнгө 2012 онд 30 тэрбум доллар байсан юм. Гэвч сүүлийн жил хагасын хугацаанд тэрээр бараг бүх хөрөнгөө алдаж, 300 сая доллартай л хоцорчээ. Батиста нефть, хийн олборлолт, алт, алмаазны наймаа эрхэлдэг байжээ.

Колумбын босогчид генералыг хулгайлжээ

Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) дайчид Колумбын армийн генерал Рубен Дариог хулгайлснаа хүлээн зөвшөөрчээ. Түүнийг өөр хүний хамтаар барьцаалсан байна. Энэ хэрэг явдлын дараа Боготагийн эрх баригчид босогчидтой хийж байсан энхийн хэлэлцээгээ зогсоожээ. Генерал Рубен Дарио баруун хэсгийн Чоко мужид тусгай элит хүчнийг удирдаж байсан юм. Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос “Генералыг чөлөөлөхөөс нааш энхийг хэлэлцээг сэргээхгүй” хэмээн мэдэгдлээ. FARC нь Колумбын газар нутгийн 30 орчим хувийг хянаж, хар тамхины тариалан, наймаа эрхэлдэг томоохон бүлэглэл юм.

Дахин нэг эмэгтэй шувууны ханиадаар өөд болжээ


Египетэд шувууны ханиад туссан бас нэг эмэгтэй нас барлаа хэмээн Reuters мэдээлэв. Ийнхүү тус улсад 48 цагийн дотор хоёр эмэгтэй энэ өвчнөөр амиа алдаад байна. Уржигдар  Асют мужид шувууны ханиадаар халдварласан 19 настай эмэгтэй өөд болсон юм. Энэ онд тус улсад шувууны ханиадны долоон тохиолдол бүртгэгдээд байгаагаас гурван хүн нас бараад байна. Үүнтэй зэрэгцэн Британийн Йоркшир гүнлэгийн галууны ферм болон Голландад шувууны ханиад илэрч, олон мянган тахиа, галууг устгажээ.

No comments:

Post a Comment