“Хятад хүчирхэг гүрэн болсноор эерэг болон сөрөг талтай”
Хятад, Японы лидерүүд сүүлчийн гурван жилд анх удаа уулзаж, хэлэлцээ
хийжээ. Хоёр улсын харилцаа Дорнод Хятадын тэнгис дахь арлын маргааны улмаас
эрс муудсан билээ. Шинзо Абэ, Си Зиньпин нар Бээжин хотод уулзсанаар харилцаанд
нь ахиц, дэвшил гарлаа хэмээн ажиглагчид хэлж байна. Хятад улс өөрийн гэж үздэг
газар нутгаа Японоос авч чадах уу? Энэ болон бусад асуудлаар Ази, Африкийн
орнуудын хүрээлэнгийн орлогч захирал, Хятад судлаач Андрей Карнеев “ВВС”-д ярьж
байна.
-Хятад, Японы лидерүүд Бээжин
хотноо уулзаж, телевизийн камерийн өмнө гар барьсан ч хүйтэн, хөндий байсан
тухай ажиглагчид ярьцгааж байна. Тэд гар
барьсан нь хоёр улсын харилцаа сайжрахын эхлэл мөн үү?
-Гадаад төрх, үйлдэл нь билэгдлийн томоохон үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч
байсан тэд уулзсан нь Японы хувьд чухал байсан. Абэ Японы Ерөнхий сайд
болсноосоо хойш Хятадын удирдагчтай нэг ч удаа уулзаагүй байсан. Дүрэм ёсоор
бол ийм урт хугацаанд хэд хэдэн удаа уулзах байсан юм. Хятадын талд
татгалзахгүй байх шалтгаан байсан. Хэрвээ тэд татгалзсан бол Бээжинд болж буй
уулзалтын эзний хувиар муу үлгэр дууриал үзүүлэх байлаа. Газар нутгийн маргаан
байгаа гэдгийг Японоор хүлээн зөвшөөрүүлэхийг хятадууд хүссэн. Гэвч Японы тал
газар нутгийн маргааныг үл хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг хэлэлцэхээс татгалзаж
ирсэн. Хятадтай газар нутгийн ямар ч маргаан байхгүй хэмээн Токио мэдэгдсээр
байна.
-Хятад улс Дорнод Хятадын тэнгист
хяналтаа улам хүчтэй тогтоох эрмэлзэлтэй байдаг. Тэд Вьетнамтай ч, Японтой ч
газар нутгийн маргаантай байдаг. Хятадын зарим газрын зураг дээр Сибирийн зарим
хэсгийг ч өөртөө оруулчихсан байдаг. Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр сүрдүүлэг,
тулгалт нь бас нэмэгдсээр байна уу?
-Хятад улс 2010 оноос хойш хөршүүдийнхээ үйлдэлд илүү шаргуу, ширүүн
хандах болсон. Хятадын удирдлагад “Хятад улс сүүдэрт үлдэж, “зөөлөн савраар” урагшлах
ёстой” гэсэн онол олон жил давамгайлсаар ирсэн юм. Гэвч хэдэн жилийн өмнө АНУ
Азид “эргэн ирж”, Хятадын хөршүүдийн зүгээс маргаантай, зөрчилдөөнтэй үйлдэл
ихээр гарах болсон тул Бээжингийн удирдлага “Ийм зөөлөн бодлого явахгүй юм
байна” гэдгийг ойлгох болсон. Хятадын бодлого үндэсний ашиг сонирхлыг хатуу
хамгаалах ёстой хэмээн хэлж байна. Хятад улс дэлхийн хүчирхэг гүрэн болохоор
идэвхтэй тэмүүлж байгаа нь эерэг болон сөрөг талтай юм. Нэг талаас, худалдаа
наймаа, хөрөнгө оруулалтын боломж гарч ирж байгаа бол, нөгөө талаас харилцан үл
итгэлцэл, болгоомжлолыг бий болгож байна. Хэдэн арван сая хүн амиа алдсан
Хятад-Японы дайны гашуун туршлага байна.
Хоёр улсын лидер уулзаж, гар барьж буй нь сайн хэрэг. Энэ уулзалт
болоогүй бол дундаж түвшнийхэн уулзаж, харилцаагаа сайжруулах боломжгүй болно.
Хэдийгээр энэ уулзалт билэгдлийн чанартай байсан ч одоо Гадаад хэргийн сайд нар
болон түүнээс доод түвшинд уулзалт хийж, харилцааг аажим аажмаар сайжруулах
боломжтой болчихлоо.
-Газар нутгийн маргаантай ч “Арын
хаалга”-аараа бусад харилцаагаа сайжруулах боломж байгаа болов уу?
-Бид сүүлийн үед эргэж буцсан үйл явцыг харж байна. Хятад, Японы
харилцаанд үе үе дулаарал ажиглагддаг. Хоёр тал сонирхлоо илэрхийлсэн өнөө үед
зарим дулаарал гарч магадгүй юм. Хятад болон бусад улсуудын хувьд ч мөн адил.
Хятадын удирдлагад хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулахын төлөө зогсдог, мөн
хатуу байр суурь баримталдаг ч хүмүүс байдаг. Тэд ээлжлэн хүчирхэгжиж, бодлогоо
тулгаж байдаг. Энэ бүгд бүс нутаг дахь нөхцөл байдал, үргэлж амаргүй байдаг Хятадын
дотоод улс төртэй их холбоотой. Тийм болохоор бид харилцаа сайжирч буй олон
тохиолдлыг харах ч мөн олон хямрал, маргааны гэрч болох болно.

No comments:
Post a Comment