Шакира дахин амаржихаар бэлтгэж байна
Колумбын дуучин Шакира нэгдүгээр сард дахин амаржихаар бэлтгэж байгаа ч
зүгээр суухгүй байна. Саяхан шинэ сүрчиг гаргаж, испани хэл дээр цомог
гаргахаар бэлтгэж байна. “Одоо нэг их юм хийхгүй байна. Амарч, хоёр дахь
хүүхдээ төрүүлэхэд бэлдэж байна” хэмээн 37 настай дуучин бүсгүй ярилаа. Супер
идэвхтэй Шакира тайзнаасаа холдсон ч “Rock! By Shakira” хэмээх тав дахь
сүрчиг, мөн хүүхдүүдэд зориулсан “First steps” тоглоомын брэндээ гаргаж
амжжээ. “Би хэтэрхий хөдөлгөөнтэй хүн юм. Удаан хугацаагаар идэвхгүй байж
чаддаггүй” хэмээн колумб дуучин, “Барселона” клубын хөлбөмбөгч Пикегийн найз
бүсгүй “АВС”-д ярилаа. Шакира, Пике нар 2013 оны нэгдүгээр сард Милан хэмээх
хүүтэй болсон билээ. “Хүү минь удахгүй хоёр нас хүрнэ. Хүүгийнхээ зургийг
намайг үргэлж дэмждэг фэнүүдтэйгээ хуваалцдаг (нийгмийн сүлжээн дээр) байлаа.
Милан одоо том болж жаахан хүүхэд байхаа больж байгаа тул хэвлэл мэдээллийн
анхааралд бага өртөөсэй гэж бодож байна. Болж өгвөл жирийн хүүхэд насны
амьдралыг туулаасай гэж хүсч байна” хэмээн Шакира өгүүлэв. Колумб бүсгүй
амаржсаныхаа дараа шинэ буюу 17 дахь цомгоо гаргах ажээ. Шакира ЮНИСЕФ-ийн Сайн
санааны элч, мөн Ерөнхийлөгч Барак Обамагийн АНУ дахь испани хэлтнүүдийн
боловсролын талаарх зөвлөхийн ажилтай юм.
Эрх баригч эвслийн нэр дэвшигч ялалт байгуулжээ
Уругвайн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд эрх баригч зүүний
хүчний “Өргөн фронт” эвслийн нэр дэвшигч Табаре Васкес 53 хувийн санал авч
ялалт байгуулав. Түүний өрсөлдөгч, барууны төвийн намын Луис Лакалье 41 хувийн
санал авчээ. “Өргөн фронт” эвсэл 2005 оноос хойш эрх барьж байна. Үйлдвэрчний
эвлэлийн лидерийн хүү Т.Васкес нь нийслэл Монтевидео хотын ажилтны дүүрэгт
өсчээ. Тэрээр 2005-2010 онд Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Зүүний хүчний
эрх баригчид бизнесийг дэмжих арга хэмжээ авч, ард иргэдийн нийгмийн хамгаалалд
чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтийг хангаж чаджээ.
Цалингийнхаа 90 хувийг буяны санд хандивлаж, Ерөнхийлөгчийн ордонд бус, хотын
захын умгар байшиндаа цэцэрлэг, ногооны талбайгаа арчлан амьдардаг дэлхийн “Хамгийн
ядуу Ерөнхийлөгч” Хосе Мухика ийнхүү халаагаа өгч байна.
“Исламын улс” Канадын эмэгтэй иргэнийг хулгайлжээ
Сири дахь “Исламын улс” бүлгийн дайчид Канадын эмэгтэй иргэнийг
хулгайлжээ. Тэрээр лалын дайчдын эсрэг тэмцэхээр курд босогчидтой нэгдсэн
байжээ. Канадын Засгийн газар орон нутгийн эрх баригчидтай нягт холбогдож,
дээрх мэдээллийг нягталж байна. CBC News мэдээлж буйгаар, Канадын уугуул 31
настай Жилл Розенберг 2006 оноос хойш Израильд амьдарч байгаа аж. Розенберг
өнгөрсөн арваннэгдүгээр сард Сирийн хойд хэсэгт очиж Курдын армитай нэгджээ.
АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл
наймдугаар сараас эхлэн Сири, Ирак дахь “Исламын улс” бүлгийн байрлалыг
агаараас довтлох болсон юм. Канад улс аравдугаар сарын 3-наас эхлэн лалын хэт
даврагчдын эсрэг довтолгоонд нэгдсэн байна.


No comments:
Post a Comment