Михаил Горбачев: Ийм
дайн дэгдвэл шууд л цөмийн дайн болж хувирна
Оросын удирдагч асан Михаил Горбачев “Spiegel” сэтгүүлд сонирхолтой
ярилцлага өгчээ.
-Михаил
Сергеевич, та хүйтэн дайныг төгсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэвч өнөөдөр
Украины хямралаас болж хүйтэн дайн буцан ирж байна. Үүнийг хараад эмзэглэж л
байгаа биз дээ?
-Бүх зүйл эргэж давтагддаг юм шиг. Берлины ханыг босгох
цаг үе байсан бол нураах цаг үе гэж байлаа. Энэ хана байхгүй болоход надаас өөр
хувь нэмэр оруулсан хүн зөндөө бий. Дорнын улстөрч Вилли Брандт болон Зүүн
Европ дахь эсэргүүцлийн хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр шинэ хана
үүсч, хямралын шинэ голомт хүчээ авч байна. Хүйтэн дайны бүх шинж тэмдэг гараад
иржээ. Орос, өрнөдийн хоорондох итгэлцэл байхгүй болсон нь гамшиг. Москва
өрнөдөд итгэхгүй байна, өрнөд Москвад итгэхгүй байна. Энэ бол аймшигтай.
-Европт том дайн,
бүр дэлхийн III дайн гарах магадлалыг үгүйсгэж болохгүй болчихлоо гэж бодож
байна уу?
-Энэ тухай бодохын ч хэрэггүй. Ийм дайн дэгдвэл шууд л
цөмийн дайн болж хувирна биз. Энэ л дутаж гэнэ. Сөргөлдөгч талуудын мэдэгдлийг
харахад муу зүйлийг л ёрлоод байна. Ийм халуухан, эмзэг нөхцөлд хэн нэг нь биеэ
барьж дийлэхгүй бол дараагийн жилүүдэд бид амьд гарч чадахгүй байх аа. Би
үнэхээр их санаа зовж байна.
-Украины хямрал
танд илүү ойр тусдаг байх, тийм үү?
-Би хагас украин хүн. Ээж, хань Раиса минь украин хүн
байсан. Би украинаар хэлд орж, дуулж сурч байлаа. Миний өсч торнисон Ставрополийн
хязгаар Украины Донецк мужтай нягт харилцаатай байсан. Тэр үед бид нэг нэгэндээ
тусалж байлаа. Бид найзууд байлаа, нэг улсад амьдарч байлаа. Бусад олон оросын
адилаар миний олон найз, хамаатан Украинд бий.
-Өнөөдөр ОХУ-д
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шударга сонгууль дахиад л дутагдах боллоо...?
-Би одоо хөгширчээ, урт замыг туулж. 19 настай байхдаа
Коммунист намд элсч “Сталин бол бидний дайчин суу алдар, Сталин бол манай
залуусын жигүүр” гээд л бичдэг байлаа. Өнөөдөр би сталинизмийн эсрэг тэмцэж буй
хүмүүсийг дэмжээд сууж байна.
-Путин яагаад
Орос дахь ардчиллыг хязгаарлаад байна вэ?
-Путин Кремльд ирэхдээ маш хүнд хэцүү зйүлийг өвлөж
авсан. Бүх салбарт эмх замбараагүй байдал ноёрхож байлаа. Эдийн засаг нурж,
бүхэл бүтэн муж салахыг хүсч байлаа. Путин энэ үйл явцыг зогсоосон. Тийм ээ,
заримдаа тэр авторитар арга хэрэглэхэд хүрсэн. Энэ талаар би дуугарч л байсан.
Тухайлбал түүнийг гурав дахь удаагаа сонгогдоход би эсэргүүцэж байсан.
-Путин царцсан
эдийн засгийн сэргээж, рублийн уналтыг зогсоож чадах болов уу?
-Түүнд айх юм байхгүй, тэр их алдартай. Путин мэдрэх л юм
бол хөдөлж, ажиллаж чадна.
-Та
арваннэгдүгээр сард шинэ номоо танилцуулахдаа, Путин өөртөө найдах өвчин туссан
тухай ярьж байсан. Путин өөрийгөө бурхны дараахь хоёр дахь хүн гэж боддог
болчихов уу?
-Бүр бурхантай адил гэж боддог байж ч болно (инээв).
Мэдээж Путин бурхан биш. Асар их хариуцлага хүлээж, эрс шийдэмгий байж, шийдвэр
гаргахад бэлэн байна гэдэг өөртөө бат итгэлтэй байгаагийн шинж.
-Таныг шийдэмгий
бус, мөнхийн эргэлзэгч гэж байнга л зэмлэж байдаг...?
-Энэ шийдэмгий бус Горбачев олон саадыг давж өөрчлөн
байгуулалтыг эхлүүлсэн болж таарах уу? Тэр яаж олон ургальч үзлийг зарлаж, үг
хэлэх, шашин шүтэх эрх чөлөөг тунхагласан юм? Энэ шийдэмгий бус улстөрч гэнэт
зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааныг зогсоож, дунд тусгалын пуужинг бүгдийг, алсын
тусгалтайг нь талыг нь устгахаар шийдсэн хэрэг үү? Эдгээр нь зориг, шийдэмгий
байдал биш бол өөр юуг хэлэх юм?
-ЗХУ үргэлжлэн
оршин тогтносоор байсан бол илүү сайн байх байсан уу?
-Яриангүй. ЗХУ-ыг яаран сандран задалсанд Украины хямралын
уг үндэс оршиж байгаа юм.
-Та 1991 оны
сүүлчээр Кремлийг орхихоосоо өмнө “Манай хөршүүд Оросын танкнаас айгаад байх
хэрэггүй боллоо” гэж хэлж байсан. Өнөөдөр энэ айдас эргэж ирж байна..?
-Харамсалтай нь, түүх юуг бидэнд сургасныг мартчих юм
даа.
-Үүнд хэн
буруутай вэ?
-Та хоцрогдсон асуулт тавьж байна, эхнэр буруутай юу,
хадам ээж буруутай юу? Магадгүй хоёулаа буруутай. Эхлээд тэд хэрэлдэж байгаад
дараа нь эвлэрдэг. Хариуцлага аль аль талд бий.
-Украины хямралд
хэн илүү хариуцлага хүлээх вэ, Орос уу, өрнөд үү?
-Улс төрийн ийм ноцтой асуудал, аюултай хямралын тухай
ярьж байхад математик, ийм тийм хувь гэх нь ямар ч тусгүй. 1990 онд Парист
Европын холбооны аюулгүй байдлын хуралдаан дээр дэлхийн шинэ эмх журмыг бий
болгох талаар яригдсан. Том Жорж Буш бид хоёр энэ талаар голлон ярьсан ч үр дүн
гараагүй. Америк нөгөө л ялан дийлэгч сэтгэхүйгээрээ хандсан. Би энэ байр
суурийг нь байнга шүүмжилдэг. Америк ялан дийлж гарах гэсэн ноцтой өвчинд
нэрвэгдчихсэн.
-Америкууд хэзээ
энэ бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн юм бэ?
-Та хариултыг нь мэдэж байгаа биз. ЗХУ задрахад бидэнд
сайн сайхныг хүсээгүй хүмүүс матрын нулимс унагаж байсан ч ширээн доогуур гараа
үрчиж байсан. Америкууд Оросыг тойрсон бүслэлтээ чангатгаж, дараа нь НАТО-г
дорно зүг рүү өргөтгөсөн. НАТО НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Югославын иргэний дайнд
хөндлөнгөөс оролцсон. Энэ бол баримт. Энэ бүгд Оросыг хөдлөхөд хүргэсэн.
Кремлийн ямар ч удирдагч үүнийг тоолгүй өнгөрөөхгүй байсан.
-Та өнөөдөр
жаргалтай байна уу?
-Хэдэн жилийн өмнө “Жаргалтай шинэчлэгч гэж байдаггүй”
хэмээн бичиж байлаа. Тэр үеийн сэтгэл, сэтгэгдэлээр л бичиж. Одоо эргээд харвал
би жаргалтай хүн. Томоохон төсөл, том улсыг удирдана гэдэг мэдээж гайхамшигтай.
-Чөлөөт цагаараа
юу хийж байна даа?
-Раиса бид хоёр өдөр бүр явган алхдаг байсан. Уур,
бухимдлаас ангижирахад их тустай байлаа. Одоо хөл минь мууджээ, 84 хүрлээ шүү
дээ. Хельмут Коль, эцэг Жорж Буш таяг хэрэглэдэг болсон. Би ч бас удахгүй таяг
барих байх (инээв).
Хүч чадал
барагдаж байгааг мэдрэх хэцүү байна уу?
-75 хүртлээ бие сайн байсан, бүх дэлхийгээр л нисдэг
байлаа. 1999 онд Раиса маань өнгөрөхөд надад хүнд цохилт болсон. Сүүлийн жил
хагаст тийм ч сайнгүй байна. Гурван ч удаа хагалгаанд орлоо. Бүгд л хөгшрөлттэй
тэмцдэг, гэхдээ юу ч хийж чаддаггүй. Зарим талаар хөгширч, нөгөө талаар бүр залуужсанаа
мэдэрч байна.
-Үлдэж буй
жилүүдэд юуг чухалчилж байна вэ?
-Амьдрах. Тэсч үлдэх биш шүү. Зүгээр нэг үхлээ хүлээгээд сууж
баймааргүй байна. Хоёрдугаар сард Америк явна, тэнд хэд хэдэн хотод лекц
уншина. Лекц уншиж, ном гаргах нь миний орлогын ганц эх үүсвэр. Надад дахиад
зорилго байна, энэ зорилго намайг хөтөлж, дэмжиж байдаг.
-Ямар зорилго
байна?
-Оросын ирээдүй, энхийн үйл явц, хүрээлэн буй орчны
талаар маргаан мэтгэлцээнд оролцох. Ном бичиж, лекц уншиж, хуралд оролцож, үе
үе ярилцлага өгөх.
-Энэ дэлхийг
дахиад сайн тийш нь өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?
-Ингэх шаардлагагүй. Эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлэх
хэрэгтэй.