Фидель Кастро нас барсан гэх яриа хүчээ авлаа
Кубын дэглэм АНУ-тай тохиролцсоны дагуу улс төрийн хоригдлуудыг гурав
дахь өдрөө дараалан суллаж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн Фидель Кастрогийн эрүүл
мэнд эрс муудсан, бүр өөд болсон гэх цуу яриа хүчээ авах болов. Гаваны эрх
баригчид энэ талаар албан ёсоор мэдээлэл хийх гэж байна хэмээн гадаадын хэвлэлүүд
мэдээлж байсан юм.
Кубын хувьсгалын удирдагч, 88 настай Фидель нэг жилийн өмнөөс олон
нийтийн өмнө гарахаа больсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд Гавана,
Вашингтон хоёр дипломат харилцаагаа сэргээснээс хойш арал дээрх болон АНУ-д
байгаа кубууд санаа бодлоо илэрхийлсээр байна. Фидель Кастро АНУ-аас саяхан
суллагдаж эх орондоо ирсэн Кубын таван тагнуулчтай зураг хөргөө авахуулаагүй нь
бас нэг эргэлзээ төрүүлэх болжээ.
Рауль Кастрогийн Засгийн газар гарч буй цуу ярианы талаар мэдээлэл өгөх,
эсвэл ямар нэг чухал зүйл зарлахаар хэвлэлийн хурал зарласан хэмээн нийгмийн
сүлжээ болон гадаадын хэвлэлээр шуугиж байсан. Гэвч иймэрхүү хэвлэлийн хурал
хийлгэх тухай огт яригдаагүй хэмээн Кубын Гадаад хэргийн яамны харъяанд байдаг Олон
улсын хэвлэл мэдээллийн төвөөс уламжлав. Тус төв нь гадаадын хэвлэл мэдээлэлтэй
харилцаж, Кубын талаарх албаны мэдээлэл өгдөг газар юм. Гэвч тус төвийнхэн 2006
оноос хойш эрх мэдлээс холдсон Кубын хувьсгалын лидерийн эрүүл мэндийн байдлын
талаар ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Фидель нарийн гэдэсний ноцтой өвчний улмаас
эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөс аргагүй болсон билээ. Тэрээр яг нэг жилийн өмнө
зураач Алексис Лейвагийн урлангийн нээлтэд хүрэлцэн ирснээс хойш олон нийтийн
өмнө үзэгдсэнгүй. Өнгөрсөн долдугаар сард Ф.Кастро Хятадын удирдагч Си Жиньпин,
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг хүлээн авлаа гэсэн мэдээ гарч байсан. Түүний
сонинд нийтлүүлдэг “Эргэцүүлэл”-ийн хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн аравдугаар
сард гарчээ.
Кубын тал улс төрийн хоригдлуудаа сулласаар байна. Өнгөрсөн гурав хоногт
38 хоригдол эрх чөлөөтэй болсныг Кубын хүний эрх, үндэсний эвлэрлийн хорооноос
мэдэгдэв. Тус байгууллагын төлөөлөгч Элисардо Санчес “Энэ суллалт үргэлжилсээр
долоо хоногийн сүүлч гэхэд Америктай дипломат харилцаагаа сэргээх тохиролцооны
хүрээнд 53 хоригдлыг бүгдийг суллаж дуусна” хэмээн ярилаа. Хамгийн сүүлд тэрс
үзэл гаргасныхаа төлөө хоригдож байсан Александр Фернандес Рико, Мигель
Альберто Ульоа, Рейнер Мулет нар суллагджээ.
Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа сөрөг хүчний улстөрчдийг
суллаж байгаа Кубын эрх баригчдад талархал илэрхийлэв. “Кубад улс төрийн
хоригдлуудыг суллах үйл явц үргэлжилсээр байгаад АНУ талархалтай хандаж байна.
Хүмүүсийг гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг харах нь сайн хэрэг” хэмээн Цагаан ордны
төлөөлөгч Бен Родс мэдэгджээ. Кубад сөрөг хүчнийхэн суллагдаж байх хооронд
Төрийн департаментын тэргүүний Латин Америкийг хариуцсан орлогч Роберта Якобсон
энэ сарын 21-22-нд Гаванад айлчлах болсныг Вашингтон албан ёсоор зарлалаа. Кубын
хувьсгалаас хойш АНУ-ын хамгийн өндөр албаны төлөөлөгчид арал дээр хөл тавих
гэж буй нь энэ ажээ.
Зургийн тайлбар: Фидель Кастро, 2012 оны аравдугаар сард.

No comments:
Post a Comment