Tuesday, 6 January 2015




Тамхи татсаныхаа төлөө цаацлуулжээ

Сирийн зүүн нутагт “Исламын улс” бүлгийн лидерүүдийн нэг толгойгоо тасдуулсан байдалтай олдлоо хэмээн Syrian Observatory for Human Rights байгууллагаас мэдээлэв. Тамлан зовоосон байдалтай цогцос Дейр аль-Зор муж дахь цахилгаан станцын орчмоос олдсон аж. Цогцосны аманд тамхи зуулгаад, биен дээр нь “Энэ бол хор” хэмээн бичсэн байв. “Исламын улс” бүлгийн шашны цагдаа тамхидалтыг хориглодог ажээ. Цаазлуулсан хүн нь Сири дахь “Лалын улс” бүлгийн шашны цагдаагийн орлогч дарга байсан бололтой. Цагдаагийн энэ тасаг хэв журам сахиулахын хажуугаар цааз гүйцэтгэдэг аж.
2014 оны арванхоёрдугаар сард лалын босогчид өөрсдийн эгнээнд нэгдээд байсан 116 гадаадыг цаазалсан юм. Тэд сайн дураараа “Исламын улс” бүлэгт нэгдчихээд, террорист бүлгийн отрядад хагас жил орчим байлдсаны эцэст шантарч гэр рүүгээ буцах гэж байгаад баригдсан ажээ.

Виржинийн захирагч асан ял сонслоо

Виржини мужийн захирагч асан Боб Макдоннелл авлигын хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонсчээ. Шүүхийн шийдвэрээр тэрээр хоёрдугаар сарын 9-нд шоронд орох бөгөөд суллагдсаныхаа дараа хоёр жил тэнсэн харгалзах ялтай байх юм. Макдоннелл шүүхээс гурван жилийн засан хүмүүжүүлэх ажил хийхийг хүссэн ч талаар болжээ. Экс захирагчийг авлигад  буруутгасан хэрэгт түүний эхнэр Морин Макдоннеллийг бас татжээ. Хоёрдугаар сард шүүх Морины хувь заяаг шийднэ.
Макдоннелл болон түүний гэргий Star Scientific компанийн захирал, бизнесмэн Жонни Уильямсаас хууль бусаар үнэтэй бэлэг авсан нь тогтоогджээ. Бизнесмэн эр мужийн захирагчийн гэр бүлийн аялалын зардлыг дааж, гольф тоглуулж, гэртээ байрлуулж, мөн Rolex фирмийн цаг бэлэглэсэн байна. Макдоннелл эдгээр бэлгийг цаг тухайд нь мэдүүлээгүй нуун дарагдуулжээ. Тэрээр 2010-2014 онд Виржини мужийн захирагчаар ажиллаж байсан юм.

Мистер Бин 60 хүрлээ

Британи жүжигчдээс дэлхийд хамгийн их алдаршсан Мистер Бин буюу Роуэн Аткинсон 60 насны босгыг давжээ. Үргэлж будилж, хүн уурлуулж, урьдчилан таамаглашгүй зан авир гаргадаг инээдтэй мангар Мистер Бин амьдрал дээр жинхэнэ англи жентльмен, үлгэр жишээ гэрийн эзэн билээ. Түүний нэг алдартай хобби нь үнэтэй автомашин цуглуулах. Эдүгээ түүний цуглуулгад Ferrari, Aston Martin, Bugatti гээд үнэтэй, тансаг төмөр хүлгүүд бараг бүгд бий. Тэрээр “Мистер Бин буцаж ирсэн нь” цуврал инээдмийн киногоор алдаршсаны дараа хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон юм.

Shell 83 сая долларыг нөхөн төлбөрт гаргана


Нефть, байгалийн хийн Royal Dutch Shell компани Нигерид нефть асгаруулж байгаль бохирдуулсны нөхөн төлбөрт 83 сая доллар өгөхөөр боллоо хэмээн Associated Press дамжуулав. 33 сая долларыг Бодо мужид өгөх бол үлдсэн 50 саяыг нефтийн асгаралтад хохирсон фермерүүдэд хуваарилах юм. Нигерийн өмнөд хэсгийн  Дельта мужид нефть их хэмжээгээр асгарсны хариуцлагыг Shell компани хүлээн зөвшөөрсөн ажээ. 

No comments:

Post a Comment