“Калаш мандтугай” гэж хашгираад ял сонслоо
Charlie Hebdo сэтгүүлийн амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх
жагсаалын үеэр нэгэн залуу цагдаа нар руу “Калаш (Калашниковын автомат буу)
мандтугай” гэж хашгирсныхаа төлөө зургаан сар хоригдох ял сонсчээ. Мөн түүнийг
200 еврогоор торгосон байна. Дөрвөн цагдаагийн өмнө ингэж хашгирсан залуу
автомат буугаар буудаж буй мэт хөдөлгөөн үзүүлжээ. Цагдаа нар залууг баривчлан
нэгжихэд хутга гарч ирсэн аж.
Өмнө нь нэг бус удаа хэрэг өдөөж байсан 20 настай, ажилгүй залуу шүүх
дээр мэдүүлэхдээ “Би согтуу байсан. Би тэгээд хашгирчихсан уу, уучлаарай” гэсэн
байна. Үүнээс нэг өдрийн өмнө Парис хотын ойролцоо цагдаагийн ажилтан Калашниковын автоматаар буудуулан шархадсан
юм.
Цацраг идэвхт ус гол руу оржээ
Америкийн Албама муж дахь цөмийн цахилгаан станц осол гарч цацраг идэвхт
бодистой 200 орчим литр ус Теннесси голд нийллээ хэмээн хэмээн Chattanooga
Times Free Press мэдээлэв. Осол Лаймстоун тойргийн Атенс хот орчмын Browns
Ferry цөмийн цахилгаан станц дээр болжээ. Ослын улмаас цацраг идэвхт тритий
хэмээх бодис ус руу орсон байна. Цацраг идэвхт 200 литр ус гол руу цутгасан ч
хүний амь насанд аюулгүй хэмээн шинжээчид мэдэгдэв. Станцын хоолойн хаалт
эвдэрсний улмаас цацраг идэвхт бодис алдагдсан хэмээн үзэж байна.
Ромын пап Шри-Ланк, Филиппинд айлчилна
Ромын католик шашны тэргүүн Франциск Шри-Ланк, Филиппинд зургаан өдрийн
айлчлал хийх гэж байна. Тэрээр сүүлийн хоёр жилд Азид хоёр дахь удаагаа айлчилж
буй нь энэ юм. Католик шашны тэргүүн Шри-Ланкад шашны лидерүүдтэй уулзах юм.
Тус улсын хүн амын долоон хувь нь христос шашинтай ажээ. Шри-Ланкийн христос
лам Иосиф Ваза XVII зуунд голландууд байгуулаад дараа нь сүйрсэн католик сүмийг
сэргээн босгосон юм. Пап лам Иосиф Вазатай уулзаж адис хүртээн, католик шашны
ариун хутагт нарын эгнээнд нэгтгэх ажээ.
Ромын пап Франциск Филиппинд задгай талбайд ном айлдаж, 2013 оны “Хайян”
хар шуурганд өртсөн хүмүүстэй уулзана. Франциск таван сарын өмнө Өмнөд
Солонгост айлчилж байсан билээ.
Charlie Hebdo-гийн шинэ дугаар гурван сая хувь хэвлэгдэнэ
Олон ажилтнууд нь террорист халдлагад өртөн амиа алдсан Францын долоо
хоног тутмын Charlie Hebdo хошин сэтгүүлийн шинэ дугаар гурван сая хувиар
хэвлэгдэх гэж байна. Уг сэтгүүл ердийн үед 60 мянган хувь хэвлэгддэг аж.
Аллагаас хойшх анхны дугаар нэгдүгээр сарын 14-нд гарах бөгөөд нүүрэн дээр нь “Би
бол Шарли. Би бүгдийг уучилсан” гэж хэлж буй лал шашныг үндэслэгч Мохамедийн
шог зургийг нийтлэх ажээ. Террорист халдлагаас амьд үлдсэн сэтгүүлчид шинэ
дугаараа бэлтгэсэн байна. Нэгдүгээр сарын 7-нд Парис дахь Charlie Hebdo
сэтгүүлийн редакц руу ах дүү хоёр террорист дайран орж ерөнхий редактор,
Францын тэргүүлэх шог зураачид зэрэг 12 хүний аминд хүрсэн юм.
Фидель амьд гэдгээ Марадонад дуулгажээ
Кубын хувьсгалын лидер Фидель Кастро өөрийг нь нас барсан гэх цуу яриаг
няцаахын тулд Аргентины хөлбөмбөгийн бурхан Диего Марадонад захидал илгээжээ. Марадона
Фиделийн захиаг үзүүлж буй бичлэг Венесуэль, Кубын ивээн тэтгэдэг TeleSur телевизээр
гарчээ. Домогт хөлбөмбөгч Марадона Фиделийн эртний найз юм. Фиделийн үеэл
Алехандро Кастро Спин “Тэр эрүүл саруул, сайн байгаа “ хэмээн өчигдөр ярьжээ.
Захидал ямар агуулгатай байсан нь тодорхой бус байна. Сүүлийн хэд хоногт Фидель
Кастро нас барсан гэх яриа хүчээ авсан юм. Тэрээр өвчний улмаас 2006 оноос хойш
эрх мэдлээс татгалзсан бөгөөд сүүлийн нэг жилд олон нийтийн өмнө үзэгдээгүй юм.


No comments:
Post a Comment