Месси “Барса”-гаас явах уу
Н.МӨНХЖИН
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр дөрвөн удаа тодорч байсан Испанийн “Барселона”
болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси багаа орхих гэж байна
гэсэн яриа дэлхийн спортын гол сэдэв болж байна. Тэрээр өнөөдөр (өчигдөр)
Швейцарьт болох ФИФА-гийн Гала ёслол дээр тав дахь удаагаа ч дэлхийн шилдэгээр
нэрлэгдэж магадгүй. Тэрээр өнгөрсөн оны шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг”
шагналын төлөө Криштиано Роналдо, Нойер нарын төлөө өрсөлдөж байгаа билээ.
Месси дасгалжуулагч Луис Энрикетэй таарахаа больж хэд хэдэн удаа чанга
дуугаар маргалдсан тухай дуулдаж байсан. Шинэ он гарсны дараа болсон Испанийн
лигийн тоглолтод Л.Энрике Мессиг сэлгээнд суулгаж, улмаар “Барса” өрсөлдөгчдөө
хожигдсоны дараа дээрх цуу яриа улам хүчээ авсан юм. Месси үүний дараахан
болсон нээлттэй бэлтгэлийг “Гэдэс өвдсөн” гэх шалтгаар тасалж, шүтээнээ “амьдаар
нь” харахыг хүссэн олон зуун хүүхдийг гомдоосон юм. Түүний гэдэс өвдсөн гэдэгт
хэн ч итгээгүй. Аргентин довтлогч багаа орхино хэмээн цамнаж, энэ дуугаар нь “Манчестер
Сити”, “Пари Сен-Жермен”, “Челси” зэрэг нударган баян багууд түүнийг
элсүүлэхээр өнгөлзөж эхэлсэн юм. Месси 165 сая еврогоор үнэлэгдэж байна, зарим
баг энэ үнийг шууд төлөхөд бэлэн байна хэмээн шуугиж байлаа. Месси багаасаа
явна хэмээн сүрдүүлж, аль эсвэл дасгалжуулагч Луис Энрикег халж оронд нь Франк
Райкардыг авчир хэмээн багийнхаа удирдлагад тулгасан тухай мэдээлж байв.
Гэвч “Барса” өчигдөр “Камп Ноу” цэнгэлдэхдээ “Атлетико Мадрид”-ыг хүлээн
авч 3-1-ээр хожсоны дараа Месси “Барса ТВ”-д ярилцлага өгч, шуугиан дэгдээгээд
байгаа асуудлаар тайлбар өгчээ. “Би багаас явах тухай юу ч яриагүй, энд
жаргалтай сайхан байна. Луис Энрикег халаад өг гэж юу ч яриагүй, хэнд ч юу ч
тулгаагүй” хэмээн ярьжээ. Мөн дасгалжуулагчтай муудалцсан юм байхгүй, би бол
багийн нэг л тоглогч гэх зэргийн тайлбар хийжээ.
Месси ингэж мэдэгдлээ гээд асуудал намжсангүй,
харин ч улам хүчтэй үргэлжлэхээр боллоо. Учир нь, түүний хэлсэн үгэнд хэн ч
итгэхгүй байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагчтайгаа тангараг тасарсан
гэж байсан Месси яагаад ийм зүйл ярих болов, багийн удирдлагуудын ятгалгад
автав уу, сонин ааш нь түр дарагдав уу хэмээн спортын хэвлэлүүд бичих болов.
Ямартай ч “Барселона” клуб энэ зун Мессийг явуулах уу, яах уу гэсэн ацан
шалаанд ороод байгаа бололтой. Эдүгээ 27 настай Лионель Мессиг “танагтай” дээр
нь өндөр үнэ хүргэж зарах хэрэгтэй гэсэн санаа бодол цөөнгүй байгаа юм.

No comments:
Post a Comment