Saturday, 17 January 2015




Си Зиньпиний ном бестселлер болж байна

Хятадын лидер Си Зиньпиний ном 2014 оны есдүгээр сард худалдаанд гарснаасаа хойш гурван сая хувиар зарагдаад байна хэмээн “Синхуа” агентлагаас дамжуулав. “Си Зиньпин: Хятад дахь засаглал” ном түүний хэлсэн үг, ишлэлээс бүрддэг. Энэ номын хятад хэл дээрх хувилбар хоёр сая 950 мянган хувь зарагдсан бол, гадаад хэл дээрх хувилбар нь 225 мянган хувь борлогджээ. Нэгдүгээр сарын 1-нээс цахим хувилбар нь Amazon цахим дэлгүүр дээр байршаад байна.
Хятадын Мэдээллийн сайд Лу Вэй 2014 оны арванхоёрдугаар сард АНУ-д айлчлахдаа Facebook-ийн тэргүүн Марк Цукербергтэй уулзсан юм. Америкийн залуу тэрбумтны ширээн дээр Хятадын лидерийн ном байгааг тэдний уулзалтын нэгэн зургаас дэлхий нийт харсан билээ. Дараа нь Цукерберг хүмүүст хандаж энэ номыг уншихыг санал болгосон ажээ. Үүний дараа “Си Зиньпин: Хятад дахь засаглал” номын борлуулалт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

“Исламын улс” 200 орчим олзны хүнийг суллав

Террорист “Исламын улс” бүлэг олзонд байсан 200 орчим езид үндэстнийг суллалаа хэмээн France-Presse агентлаг мэдээлэв. Чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй байгаа юм. Тэднийг Иракийн Ниневиа мужаас Киркук мужид авчирсны дараа суллаж явуулжээ. Олзноос чөлөөлөгдсөн хүний тоо 300-г давсан хэмээн езидүүдийн эрхийг хамгаалагч Хорд Домли ярилаа.
“Исламын улс”-ын эсрэг тэмцэгч орнууд Лондонд уулзах гэж байна. 20 орчим орны Гадаад хэргийн сайд нар уулзаж тус бүлгийн эсрэг тэмцэх, гадаадаас дайчин элсүүлж буйг зогсоох, мөн Сири, Ирак дахь иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ.

Сайдад нэр дэвшигч гэмт хэрэгтэн байсан уу

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганийн Хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлсэн Мохамед Хайдари нь Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн болох нь тодорхой болов. Түүнийг Эстонийн эрх баригчдын хүсэлтээр ихээхэн хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр 2003 оноос хойш эрэн сурвалжилж байжээ. Харин Хайдари энэ бүх буруутгалыг няцааж байна. “Эстони дахь миний компанийг худалдаж авсан хүн л татварын өртэй. Энэ өр надтай хамаагүй” хэмээн тэрээр мэдэгдэж байгаа аж. Ерөнхийлөгч А.Гани Ерөнхий сайд Абдулла Абдуллатай зөвшилцсөний эцэст Хайдарийг Хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлжээ. Афганы эрх баригчид энэ хэрэг явдлыг судлан шалгахаар боллоо.

Б.Обама баян иргэдийн татварыг нэмэх бодолтой байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ойрын үед баян америкуудад оноох татварыг нэмж магадгүй байна. Энэ тухай Конгресст жил бүр тавьдаг улс орны байдлын талаарх илтгэлд (State of The Union) дурдах бололтой. Жилд 500 мянган доллараас илүү орлоготой америк иргэдийн татварыг 23.8-аас 28 хувь болгож нэмэгдүүлэх аж. Мөн Б.Обама өв залгамжлагдан ирж буй үнэт цааснаас татвар авах бодолтой байна.
Барак Обама, гэргий Миiель нар 2013 онд 503 мянган доллар олжээ. Татварын хөнгөлөлтийг хасаад тэдний орлого 481 мянган доллар болсон ба үүний 20 гаруй хувь нь орлогын албан татварт явсан ажээ. 

No comments:

Post a Comment