Хятадын эдийн засаг 7.4 хувиар өсчээ
2014 онд Хятадын эдийн засаг 7.4 хувиар өслөө хэмээн тус улсын
Статистикийн үндэсний хорооноос уламжлав. 2014 оны дөрөвдүгээр улиралд Хятадын
дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувийн өсөлттэй байжээ. Тус улсын эдийн засаг
сүүлийн 24 жилд хамгийн бага өсөлттэй гарсан нь энэ юм. 2013 онд Хятадын эдийн
засаг 7.7 хувиар өсч байжээ.
2014 онд хамгийн олон мина илрүүлэгч амиа алджээ
Афганистанд 2014 онд НҮБ-ын 34 саперчин (мина илрүүлэх мэргэжилтэн) амиа
алджээ. Сүүлийн 26 жилд мина илрүүлэгч мэргэжилтнүүд ийм олноороо амь эрсдэж
байсангүй. Үүнээс гадна өнгөрсөн онд 27 мэргэжилтэн шархаджээ. 2014 онд амиа
алдсан саперчин өмнөх дөрвөн жилийн хохиролтой тэнцэж байна хэмээн НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Фархан Хак ярилаа. 2014 оны зургадугаар
сард босогчдын довтолгооны улмаас нэг дор 19 мэргэжилтэн амиа алдаж байжээ. НҮБ-ын
минагүйжүүлэх хөтөлбөрийн ачаар сүүлийн 26 жилд 23 мянган талбайг дэлбэрэгч
минаас цэвэрлэж чадсан байна. Ингэснээр минад өртөн амиа алддаг хүний тоог 80
хувиар багасгаж чаджээ.
Эрх баригчдыг буруутгаж байсан прокурор буудуулжээ
Аргентины нэртэй прокурор Альберто Нисман Буэнос-Айрес дахь гэртээ
буудуулж амиа алдсан байхыг олжээ. Түүний цээж рүү буудсан байв. Тэрээр 1994
онд Буэнос-Айрес дахь Еврейн соёлын төв дэлбэрч 85 хүн амь үрэгдсэн халдлагыг
мөрдөн шалгахад саад болсон хуйвалдааны талаарх илтгэлийг Конгресст тавих гэж
байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Альберто Нисман Ерөнхийлөгч Кристина Киршнер
болон өөр хэд хэдэн хүнийг иран иргэд рүү халдан довтолсон хэргийг нуун
дарагдуулсан хэмээн буруутгаж байсан юм. К.Киршнер Тегерантай худалдааны
харилцаагаа хөгжүүлэхийн тулд энэ хэргийн нуун дарагдуулсан хэмээн үзэж байсан
аж.
Өмнөд Африкт франц эмэгтэйг хулгайлав
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад буяны байгууллагад ажиллаж байсан 67
настай франц эмэгтэйг хулгайлжээ. Францын эрх баригчид гэмт этгээдүүдийн
үйлдлийг буруутгаж, эмэгтэйг даруй суллахыг шаардсан байна. Түүнийг Банги
хотоос барьцаалан авч явжээ. Тэрээр эрүүл мэнд, боловсролын салбарт үйл
ажиллагаа явуулдаг International Rescue Committee байгууллагад ажиллаж байсан
юм. Францын Гадаад хэргийн яамнаас мэдээлж буйгаар, Банги хотын христос сүмийн
төлөөлөгчид барьцаалагчидтай хэлэлцээ хийж байгаа аж. Зарим мэдээллээр, франц
эмэгтэйг “Анти-Балак” хэмээх христос шашинтнуудын зэвсэгт бүлэглэл хулгайлсан
бололтой. Тэд саяхан баривчлагдсан нэг толгойлогчоо суллахыг шаардаж байгаа
ажээ.
АНУ-ын төлөөлөгчид Кубад айлчиллаа
АНУ-ын Конгрессын албан ёсны төлөөлөгчид 1961 оноос хойш Кубад анхны
айлчлалаа хийжээ. Хоёр улс саяхан дипломат харилцаагаа сэргээж, түүхээ шинээр
бичсэний дараа ийнхүү өндөр хэмжээний төлөөлөгчид айлчилсан юм. АНУ-ын
Конгрессын гишүүдтэй уулзсан Гаваны Засгийн газрын төлөөлөл Вашингтоны зүгээс Кубын
эсрэг 50 гаруй жилийн турш хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг
цуцлах санал тавьжээ. Конгрессын гишүүд айлчлалын хоёр дахь өдөр тэрслүү куба
иргэдтэй уулзсан байна. Кубын эсрэг хоригийг цуцлахад Конгрессын гишүүдийн
олонхийн санал хэрэгтэй. Удахгүй Төрийн департаментын төлөөлөгч Кубад ирж
Гаванад АНУ-ын Элчин сайдын яамыг нээх талаар ярилцах ажээ.

No comments:
Post a Comment