Monday, 26 January 2015



Аргентины Ерөнхийлөгч тагнуулын газрыг тарааж магадгүй

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес Киршнер тагнуулын байгууллагын тарааж, шинэ агентлаг байгуулах бодолтой байна. Тэрээр үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ зохих хуулийн төслийг парламент руу илгээснийг дуулгажээ. Өнөөгийн тагнуулын бүтэц нь цэргийн хунтын дэглэмийн үеээс өөрчлөгдөөгүй тул дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.
1994 онд Буэнос-Айрес дахь Еврейн соёлын төвд болсон дэлбэрэлтийн хэргийг судлан шалгаж байсан прокурор Альберто Нисман учир битүүлгээр нас барснаас долоо хоногийн дараа Ерөнхийлөгч энэ мэдэгдлийг хийжээ. А.Нисман энэ хэрэгт сэжигтнээр татах хүмүүсийг Конгрессын хуралдаан дээр зарлахаар зэхэж байсан юм.

Алга болсон оюутнуудыг олохыг шаардав

Мексикийн нийслэл хотод олон мянган хүн оролцсон жагсаал болжээ. Тэд өнгөрсөн оны есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутны хэргийг бүрэн судлан шалгахыг эрх баригчдаас шаардсан байна. Алга болсон оюутнуудын ар гэрийнхэн жагсаалыг толгойлжээ. 2014 оны есдүгээр сард баруун өмнөд хэсгийн Игуала хотод дадлагажигч оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийснийхээ дараа сураггүй алга болсон юм. Мөрдөн шалгалтаар, орон нутгийн авлигач түшмэд, цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийсэн оюутнуудыг баривчилж хар тамхины мафид аваачиж өгчээ. Мафийнхан оюутнуудыг хороож газар булсан бололтой.

В.Путин Украины эрх баригчдыг буруутгажээ

ОХУ-ын лидер Владимир Путин Германы канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярилцахдаа, Украины зүүн өмнөд нутагт нөхцөл байдал хурцадсанд Украины хүчний байгууллагуудын үйлдэлтэй холбоотой хэмээн мэдэгджээ. В.Путин нэгдүгээр сарын 15-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод захидал илгээж, Донбасст төвлөрүүлсэн байлдааны хүнд техник, зэвсгээ даруй татахыг шаардсан юм. Харин Киев “ОХУ Донбасс дахь Оросын талыг баримтлагчыг дэмжин өөгшүүлж, зэвсэг нийлүүлж байна” хэмээн мэдэгджээ. А.Меркел Кремлийн лидерт хандаж, босогчдын довтолгоо, дайралтыг зогсоохын тулд нэн нөлөөгөө ашиглахыг хүсчээ.

“Исламын улс” Пакистан, Афганистанд нэвтрэх үү


“Исламын улс” бүлгийн дайчид Афганистан, Пакистаны газар нутаг дээр үйл ажиллагааг нь хариуцах шинэ салбар, үүрийг байгуулах болсноо зарлажээ. Хоёр долоо хоногийн өмнө эдгээр бүс нутгийн арваад жихад дайчин “Исламын улс” бүлгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Сири, Иракт хүчээ аваад байгаа лалын бүлгийнхэн Пакистан, Афганистанд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд аудио, видео бичлэг хийж интернэтээр цацахаар болжээ. Тоймчдын үзэж буйгаар, тэд энэ хоёр улс дахь лалын хоёр гол бүлэг “Аль-Кайда”, “Талибан”-ыг өөрийн талд элсүүлэхийг санаархаж байгаа ажээ.  

No comments:

Post a Comment