80 мянган гаити иргэн гэр оронгүй хэвээр байна
Карибын тэнгисийн Гаити улсад 200 гаруй мянган хүний аминд хүрч, 300
мянган хүнийг гэмтээж бэртээсэн аймшигт газар хөдлөлт болоод таван жил өнгөрч
байхад 80 мянган хүн орон гэргүй бэдэрсэн хэвээр байна. 7.3 магнитудын хүчтэй
газар хөдлөлт 2010 оны нэгдүгээр сарын 12-нд Гаитиг сэгсэрч хоёр сая иргэн
өртөж, 1.5 сая хүн орон гэрээ орхин явахаас аргагүй болж байсан юм. Тухайн үед
дэлхийн түүхэн дэх хүмүүнлэгийн хамгийн том ажиллагаа явагдаж, Гаитид туслах
хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, Майкл Жексон тэргүүтэй дэлхийн одод хандивын
концерт тоглож байсан ч эдүгээ Гаити мартагджээ.
Аймшигтай байгалийн гамшгаас хойш бүхэл бүтэн таван жил өнгөрсөн ч 21
мянган өрхийн 80 мянга орчим хүн нийслэл Порт-о-Пренс хотын эргэн тойронд
байгуулсан 105 майхан хуаранд амьдарсан хэвээр байна хэмээн НҮБ-ын Шилжилт,
хөдөлгөөн хариуцсан байгууллагын илтгэлд онцолжээ. Орон гэрээ орхин нүүсэн
гаити иргэдийн тоо 94 хувиар, майхан хуарангийн тоо 93 хувиар буурсан ч толгой
хоргодох оронгүй хүмүүс байсаар байгааг НҮБ-ын төлөөлөгч Грегори Гүдштейн
санууллаа. “Эдгээр 80 мянган гаити иргэн амьдралаа төвхнүүлж, толгой хоргодох
орон гэртэй болоход нь олон улсын хамтын нийгэмлэг туслах ёстой. Тэднийг мартах
учиргүй” хэмээн тэрээр мэдэгджээ. Гаитийн эрх баригчид НҮБ-ын Шилжилт,
хөдөлгөөн хариуцсан байгууллагатай хамтран иргэдийг гэрт нь эргүүлэн авчрах
хөтөлбөрийг 2011 оноос хойш хэрэгжүүлснээр 475 хуаранг хааж, 259 мянган хүнийг
(75 мянган өрх айл) орон гэрт нь буцаан төвхнүүлээд байна.
“Гаитийн Засгийн газар, хүмүүнлэгийн олон байгууллага, өгөөмөр
хандивлагч нар гаити иргэдийн амьдралыг сэргээн босгохын тулд сүүлийн таван
жилд нөр их хөдөлмөр гаргалаа. Бидний амжилтыг тоогоор хэмжвэл бахархмаар
үзүүлэлт гарна. 1.5 сая хүн орон гэргүй хоцорсны дараа маш их зүйл хийлээ. Гэвч
орон гэргүй бэдэрч зовсон хүмүүс байсаар байна. Тэд ингэж навч, зүлгэн дээр
хоноод байж болохгүй. 2015 онд орон гэргүй иргэдээ бүгдийг нь толгой хоргодох
дээвэртэй болгох зорилт тавьж байна” хэмээн НҮБ-ын төлөөлөгч Гүдштейн хэллээ. Улс
оронд тогтвортой байдлыг хадгалж, санхүүгийн нөөц баялгаа бүрдүүлж, хажуугаар
нь далайн шуурга, байгалийн гамшиг тохиохгүй бол 2015 онд бүх гаити иргэдийг
орон гэртэй болгох боломжтой хэмээн үзэж байна.
Гаити дахь хүмүүнлэгийн хямралд хамгийн их хохирсон хүмүүс нь хүүхдүүд
ажээ. Тэдний ихэнх нь сургууль соёлоос завсардаж, зарим нь хүнд хүчир хөдөлмөр,
сексийн хүчирхийллийн золиос болж байна. Олон хүүхэд сэтгэл зүйн дарамт,
ядаргаанаас гарч чадаагүй байгаа ба тэдэнд тусламж, хамгаалал хамгийн их хэрэгтэй
байгаа аж. Гаити хүүхдүүдийг эмгэнэл, ядуурлаас гаргахын тулд урт удаан хөрөнгө
оруулалт шаардлагатай хэмээн НҮБ үзэж байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний
хөтөлбөр байгууллага Гаитийн Засгийн газартай хамтарч байгалийн гамшигт тэсч
гарах хүчтэй улсыг бий болгохын төлөө ажиллаж байгаа юм.
Гаити нь газар зүйн байрлалын хувьд далайн
шуурга, үер, газар хөдлөлт, ган гачиг зэрэг байгалийн гамшигт ихээхэн өртөмтгий
улс ажээ. Ядуурал газар авсан тул ямар нэг үйл явдал хүчтэй нөлөөлж олон хүнийг
өлсгөлөнд хүргэх аюултай байдаг аж. Өнөөдөр гурван сая гаити иргэн дараагийн
хоол ундаа хаанаа, яаж олж идэхээ мэдэхгүй байна.

No comments:
Post a Comment