Кубын эсрэг зарим хориг арга хэмжээг цуцаллаа
АНУыг Засгийн газар Кубын эсрэг 50 гаран жилийн турш
хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг цуцлахын тулд өнгөрсөн дөрөв дэх өдөр анхны
алхмуудыг хийлээ. Америк иргэдийн арал руу хийх аялалын журмыг хөнгөвчилж, харилцаа
холбоо, санхүүгийн байгууллагууд тэнд бизнес хийх боломжтой болж байна. Ерөнхийлөгч
Барак Обама Куба аралтай дипломат харилцаагаа сэргээх шийдвэр гаргаж, Гавана
хариу болгож улс төрийн 53 хоригдлыг сулласны дараа Вашингтон дээрх алхмыг
хийжээ.
Америкууд Куба руу аялахдаа Засгийн газраасаа тусгай
зөвшөөрөл авах хэрэггүй болов. Мөн агаарын тээврийн компаниуд, аялалын
агентлагууд Куба руу жуулчин явуулахдаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй
болжээ. Куба руу аялж буй америк иргэд тэнд байхдаа зээлийн картаа ашиглаж,
бэлэн мөнгө зарцуулж, АНУ руу буцахдаа 400 долларын бэлэг дурсгал, 100 долларын
архи, тамхи авчрах эрхтэй болж байна. Нөгөө талаар, харилцаа холбооны компаниуд,
санхүүгийн байгууллагууд Кубатай наймаа хийхэд илүү хялбар болж, америк иргэд
Куба руу гурван сар тутамд хоёр мянган доллар илгээхийг зөвшөөрчээ. Өмнө нь
гурван сар тутамд 500-аас илүү доллар гуйвуулах боломжгүй байсан юм.
“Үеэ өнгөрөөж, ажиллагаагүй болсон бодлогыг өөрчилж, улс
төрийн эрх чөлөө, Кубын ард түмэнд эдийн засгийн эрх чөлөө олгох боломжийг бий
болгоход эдгээр шийдвэр тус болно. Энэ алхам Кубад нааштай өөрчлөлт гарахад
нөлөөлнө” хэмээн Нөөцийн албаны тэргүүн Якоб Лью мэдэгдлээ. АНУ, Кубын
хоорондох аялал жуулчлал, худалдаа наймаа, харилцаа холбоо, хувийн бизнесийг
хөгжүүлснээр Кубын иргэдэд өөрсдийнхээ ирээдүйг тодорхойлоход нь тусална хэмээн
америкууд үзэж байна. Эдийн засгаа өсгөх бодит хүч чадал Кубад бий хэмээн Якоб
Лью нэмж хэллээ.
“Ерөнхийлөгчийн шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам
болж байна. Америк, Кубын хоорондох аялал жуулчлал, худалдаа, мэдээллийн
солилцоог нэмэгдүүлснээр бид ашиг сонирхлоо хамтад нь урагшлуулж, куба иргэдийн
амьдралыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хориг арга
хэмжээ 50 жил хэрэгжсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Хааж, ганцаардуулахын оронд нээж,
харилцах нь ашиг сонирхол, үнэт зүйлсээ дэмжих хамгийн зөв болоод байна” хэмээн
Цагаан ордны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Хоёр улсын харилцааг хэвийн болгох үйл явцын хамгийн гол
цэг нь 50 гаран жилийн турш үргэлжилж буй Кубын эсрэг эдийн засаг, худалдааны
бүслэн хаалтыг бүрэн цуцлах явдал юм. Кубын эрх баригчид байнга шаардаж ирсэн
энэ зүйл нь АНУ-ын Конгрессоос хамааралтай юм. Б.Обама хориг арга хэмжээг
цуцлахыг хүссэн ч хоёр жилийн өмнөөс Конгресст олонх болсон Бүгд найрамдах
намынхан няцааж байгаа ажээ. Куба гаралтай сенатч Марко Рубио “Үнэн хэрэгтээ
бид Кастрогийн дэглэмд зүгээр л тэнгэрээс мөнгө унаган бэлэглэж байна. Тэд куба
иргэдээ дарамталж, Латин Америк дахь
АНУ-ын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулахдаа энэ мөнгийг ашиглах болно”
хэмээн ярьжээ. Марко Рубио 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд
найрамдах намаас нэр дэвших магадлалтай улстөрчийн нэг ажээ.

No comments:
Post a Comment