Saturday, 24 January 2015




“Боко Харам” 192 эмэгтэйг суллажээ

“Боко Харам” террорист бүлгийнхэн нэгдүгээр сарын 6-нд Нигерийн газар нутгаас хулгайлаад байсан 192 эмэгтэйг чөлөөллөө хэмээн France-Presse агентлаг уламжлав. Олзны эмэгтэйчүүдийг дөрвөн ачааны машинд суулган Гирбува тосгонд авчраад сулласныг эрх баригчид хүлээж авчээ. Босогчид нэгдүгээр сарын 6-нд эмэгтэйчүүд, хүүхэд нийлсэн 216 хүнийг хулгайлан авч явсан юм. Өрнөдийн боловсролыг эсэргүүцэж, шариатын хууль тогтоохыг эрмэлздэг лалын үндсэрхэг “Боко Харам” бүлэг нь арми, цагдаагийн барилга байгууламжийг сонгон довтолдог ч сүүлийн үед энгийн иргэдийг барьцаалан авч явах тактикт шилжээд байгаа юм.
2014 оны дөрөвдүгээр сард тус бүлгийнхэн Чибок хот руу нэвтэрч 276 эмэгтэй сурагчийг хулгайлан авч явжээ. 57 сурагч гэртээ эргэж ирсэн аж. “Боко Харам”-ын лидер Абубакар арваннэгдүгээр сард мэдэгдэл хийхдээ, олзлогдсон 219 эмэгтэй сурагч лалын шашинд орж, нөхөрт гарсан гэсэн юм.

Барьцааны хүнийг цаазалсан бололтой

“Исламын улс” бүлгийнхэн Японы хоёр иргэнийг олзолж, гурав хоногийн дотор 200 сая доллар өгөхгүй бол цаазлана хэмээн сүрдүүлж байсан билээ. Токиогийн Засгийн газар шаардсан мөнгийг нь өгч иргэдээ суллаж авна гэж байсан ч тулган шаардалт дуусахаас өмнө алан хядагчидтай холбоо барьж чадаагүй юм. Үүний дараа “Исламын улс” бүлгийнхэн барьцаанд байсан хоёр японы нэг Харуна Юкаваг цаазалсан гэрэл зургийг нийтэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама япон иргэнийг цаазалсан алуурчдыг олоход тусална хэмээн амлажээ.
“Исламын улс” бүлэг барьцаанд байгаа нөгөө иргэнийг (Кенжи Гото) харуулж, шинэ шаардлага тавьж буй бичлэгийг цацжээ. Энэ удаа Иорданы шоронд байгаа Сажид Ришави гэгч этгээдийг суллах талаар тохиролцоо хийхийг Японы Засгийн газраас шаардсан байна.

Сагсчин Родман “Ярилцлага”-ыг шүүмжлэв

Сагсчин Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны амь насанд халдаж байгаа тухай “Ярилцлага” киног бүтээсэн хүмүүсийг шүүмжилжээ. “Тэд Хойд Солонгосын тухай инээдмийн кино хийж байна. Хүн алах тухай инээдмийн кино хийжээ. Энэ бол инээдтэй зүйл огт биш, огт биш” хэмээн Родман ярьжээ. Тэрээр Хойд Солонгост зочлохдоо “Big Bang in Pyongyang” хэмээх баримтат кино хийсэн бөгөөд энэ киноноос жинхэнэ Хойд Солонгосыг харж болно хэмээн өгүүлэв. Мөн “Ярилцлага” киног хийсэн Sony Pictures компанийг хакердсан хэрэгт Пхеньян буруутай гэдэгт эргэлзэж буйгаа алдарт сагсчин ярилаа.

Фукушимагийн хүүхдүүд илүүдэл жинтэй

Япон хүүхдүүдээс Фукушима мужийн хүүхдүүд илүүдэл жин хамгийн ихтэй байгаа нь судалгаагаар харагдлаа хэмээн Japan Today сонин мэдээлэв. 2011 онд тус муж дахь цөмийн цахилгаан станцад осол гарсан билээ. Фукушимагийн хүүхдүүдийн таргалалтын өндөр түвшин ослын дараа эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаа гаргах дургүй болсонтой холбоотой хэмээн Японы Боловсролын яамны мэргэжилтнүүд үзэж байна. Тэндхийн хүүхдүүд бусад бүс нутгийн хүүхдүүдийг болвол гадаа гарч тоглох нь тун бага байдаг ажээ. Япон даяар хүүхдүүдийн илүүдэл жин буурсан байна.

Каракаст эсэргүүцлийн жагсаал боллоо

Венесуэлийн нийслэл Каракас хотод эдийн засгийн хямралтай тэмцэж чадахгүй байгаа Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал болж хэдэн мянган хүн оролцжээ. Хоол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолтой байгаад эгдүүцсэн хүмүүс хоосон сав суулга барьж жагссан байна. Цагдаа нар хотын төв рүү орох замыг хааж зогссон ч ноцтой мөргөлдөөн гарсангүй. Сөрөг хүчний улстөрч Мария Корина Мачадо “Ерөнхийлөгч Николас Мадуро яг одоо огцрох ёстой. Венесуэлийн ард түмэн дахин нэгдэж нийлэхэд Мадуро саад болж байна” хэмээн мэдэгджээ. 

No comments:

Post a Comment