Saturday, 3 January 2015



Ливийн босогчид христосуудыг барьцаалжээ

Ливид зэвсэгт босогчид Египетийн христос шашинтай иргэдийг барьцаалжээ. Сирт хотод баг өмссөн 15 босогч египет ажилчид амьдардаг байр руу нэвтэрч бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан байна. Үүний дараа тэд 13 христос шашинтныг лал шашинтнаас ялган авч явжээ. Хэд хоногийн өмнө мөн долоон христос шашинтныг барьцаалан авч явсан аж. Египетийн эрх баригчид Ливид амьдардаг иргэддээ хандаж анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Ливийн зүүн нутаг лалын босогчдын хэд хэдэн бүлгийн хяналтад байдаг. Тэдгээр бүлгийн зарим нь “Исламын улс” бүлэгт үнэнчээ илэрхийлсэн юм.

“Хятадын нэгдсэн Цагаан хэрэм гэж байгаагүй”

Орос, Хятадын шинжээчдийн зөвлөлийн тэргүүн Алексей Маслов дараахь зүйлийг ярьжээ.
“Хятадын нэгдсэн Цагаан хэрэм гэж байгаагүй. Энэ бол зохиомол яриа. Цагаан хэрэм гэдэг нь аль хэдийнэ хаант улсуудын хооронд оршиж байсан хэрмийг нийлүүлэн залгаж барьсныг хэлээд байгаа юм. Хаант улсууд хоорондоо байлдаж байсан. Манай эрины өмнө II зуунд Хятадын эзэн хаан эрх мэдэлд гарч ирээд өмнө нь байсан хэрмүүдийг нийлүүлсэн. Гэвч энэ тосгонд өнөөдөр хэрэм хана байхгүй. Тэр бол чулуу, шавраар босгосон хэрэм байсан нь нурж алга болсон. Одоо байгаа Цагаан хэрмийн үндсэн хэсгийг XV зуунд босгосон. Гэхдээ гадаадын жуулчдыг тийш нь аваачдаггүй. Харин 1980-аад онд босгосон шинэ Цагаан хэрэм дээр аваачдаг. Миний бодлоор, Цагаан хэрмийг шинээр босгосон нь шилдэг хөрөнгө оруулалт. XV зууны хэрмийн үлдэгдэл хадгалагдаж үлдсэн, тэр нь тийм гоё биш. Зарим хэсэг нь далай руу орсон байдаг. Харин тийшээ жуулчдыг аваачдаггүй юм”.

Оюутнууд алга болсон хэрэгт дахин баривчилгаа явууллаа

Мексикийн Герреро мужид 43 оюутан ор сураггүй алга болсон хэрэгт хотын цагдаагийн газрын арван офицерийг нэмж баривчиллаа. Энэ хэргийн хүрээнд нийтдээ 90 орчим хүнийг баривчлаад байгаагийн 60 нь цагдаагийн ажилтан юм. 2014 оны есдүгээр сарын 26-нд Герреро мужийн Игуала хотод 43 оюутан гэнэт алга болсон юм. Үүний дараа сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд тэдний зарим нь нэг дор 40 орчим залуусыг хөнөөсөн гэдгийг баталж байгаа аж. Нутгийн мафийн гишүүд оюутнуудыг хөнөөж дараа нь шатаасан хэмээн үзэж байна. Тэдгээр оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөн аж. Оюутнуудыг эхлээд цагдаагийн машинаар авч явсан ажээ. Игуала хотын даргыг энэ хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа билээ.

30 цогцсыг гаргаж аваад байна


AirAsia авиа компанийн нисэх онгоц осолдсон далайгаас дөрвөн томоохон сэг илрүүлжээ. Тэдгээрийг судалж тодруулахаар шумбагт хөлөг, аврагчид ажилдаа ороод байна. Ослын бүсэд хүчтэй салхилж, өндөр давалгаа үүсч байгаа тул аврах, хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Одоогоор 30 орчим цогцсыг олж гаргаж аваад байна. Индонез улсаас Сингапур руу нисч явсан Airbus А320 онгоц Ява тэнгист унаж сүйрсэн юм. Уг нисэх онгоцонд 162 хүн сууж явсны 157 нь Индонезийн иргэд ажээ. 

No comments:

Post a Comment