Saturday, 10 January 2015



Осолдсон нисэх онгоцны хар хайрцагны дохиог хүлээн авчээ

Ява тэнгист осолдсон AirAsia авиакомпанийн нисэх онгоцны хар хайрцагны дохиог эрэл хайгуул хийж байгаа гурван хөлөг онгоц хүлээж авчээ. Нисэх онгоцны сүүл хэсэг олдсон газраас нэг км-ийн зайд дохиог хүлээж авсан хэмээн аврагчид мэдэгдлээ. Аврах, эрэл хайгуулын ажиллагааны дарга энэ мэдээллийг шалгахын тулд шумбагч хөлөг ашиглахаар болсныг дуулгав. Ява тэнгис дахь эрэл хайгуулд таагүй цаг агаар хүндрнл учруулсаар байна. Өмнө нь аврагчид хар хайрцагны дохиог илрүүлсэн ч хар хайрцгийг олж чадаагүй юм.

Эвлэрэл аюулд орсныг зарлав

Колумбын босогчдын хамгийн том бүлэг FARC өнгөрсөн арванхоёрдугаар сард ямар нэг нөхцөл болзолгүйгээр гал зогсоолт зарласан билээ. Гэвч Колумбын зэвсэгт хүчний зүгээс дайралт, довтолгоо зогсохгүй байгаа тул газ зогсоолтыг цуцалж магадгүй хэмээн мэдэгдлээ. Босогчид гал зогсоосон ч Колумбын арми цэргийн үйл ажиллагаагаа зогсоохгүй хэмээн улс орны Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдсэн юм.
Босогчдын бүлэг гал зогсоосон нь занга хэмээн эрх баригчид үзэж байна. Тэд 1998-2002 онд гал зогсоолт зарлахдаа дотоод хүчээ шинэ зохион байгуулалтад оруулж, зэвсэг техникээ шинэчилж байсан билээ. Зүүний тэрслүү үзэлтэй босогчид 1964 оноос хойш Колумбын Засгийн газартай тэмцэж байгаа аж. Хагас зууны тэмцэл, мөргөлдөөн 220 мянган хүний аминд хүрээд байна. Босогчид болон Боготагийн Засгийн газар хоорондын энхийн хэлэлцээ хоёр жилийн өмнөөс Кубын Гавана хотод болж байгаа юм.

Шри-Ланкийн шинэ лидер хэвлэлийг мөшгихгүй

Шри-Ланкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний нэр дэвшигч  Майтрипала Сирисена үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаална хэмээн мэдэгдээд өмнөх дэглэмийн үед эх орноо орхисон сөрөг хүчнийхэн, тэрс үзэлтнүүдийг буцаж ирэхийг уриаллаа.
Арлын шинэ эрх баригчид сөрөг хүчний веб сайтуудад тавьж байсан хориг хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргаж, мөн сэтгүүлч, улстөрчдийг мөрдөж мөшгидгийг зогсооно хэмээн амлав. Өмнөх Ерөнхийлөгч Махинда Ражапакса авторитар дэглэмийг тогтоож, сөрөг хүчнийхэнд өршөөлгүй ханддаг гэсэн шүүмжлэлд өртөөд байсан юм.

10 настай охин халдлага үйлджээ

Нигерийн зүүн хойд хэсгийн Майдугури хотын хүн ихтэй зах дээр хүчтэй дэлбэрэлт болж дор хаяж 15 хүн амиа алджээ. Хэвлэлүүд мэдээлж буйгаар, 10 настай охин амиа золиослон халдлага үйлдсэн байна. Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй ч лалын радикал үзэлтэй “Боко Харам” бүлгийг бүгд хардаж байна. Нигерид үйлдэгдэж буй халдлагын дийлэнхийг тус бүлгийн дайчид үйлддэг аж. Тэд өрнөдийн маягийн боловсролыг эсэргүүцэж шариатын хуультай лалын улсыг бий болгох санаатай ажээ. 

No comments:

Post a Comment