Tuesday, 6 January 2015



Куба улс төрийн хоригдлуудаа чөлөөлж эхэллээ

Кубын Засгийн газар улс төрийн 53 хоригдлынхоо заримыг нь суллажээ. АНУ-д хоригдож байсан Кубын гурван тагнуулчийг суллаж, эх оронд нь авчирсан тохиролцооны хүрээнд ийм алхам хийлээ хэмээн АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэв. “Улс төрийн зарим хоригдол суллагдаад байна” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки хэвлэлийн бага хурал дээр онцоллоо. Гэвч тэрээр хичнээн тооны, хэн хэн гэдэг хоригдол суллагдсан талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Барак Обамагийн Засгийн газар  суллуулах хүсэлтэй байгаа куба хоригдлуудын жагсаалтыг гаргасан бөгөөд үүнийг нууц байлгахаар шийдсэн аж. Кубын тэрс үзэлтнүүд ил тод байдлыг шаардаж, хэтэрхий нууцлаг байна хэмээн буруутгаж байгаа ч Төрийн департаментын төлөөлөгч жагсаалтыг нууцлах шийдвэрийг хамгаалжээ. Учир нь АНУ-д Кубын улс төрийн  хоригдлуудыг суллуулах нь л хамгийн чухал, тэрнээс цааш том зорилго тавиагүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Кубын лидер Рауль Кастро Вашингтоны хүсч буй хэд хэдэн хоригдлыг суллахаар болсноо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд зарласан. Ингэхдээ мөн л хэдэн тооны, хэн хэн гэдгийг хэлээгүй билээ. АНУ-д тагнуул хийсэн хэргээр 1998 оноос хойш Америкийн шоронд ял эдэлж байсан Херардо Эрнандес, Рамон Лабаньино, Антонио Герреро нар суллагдан эх орондоо ирсний дараа Гаваны эрх баригчид улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлсэн байна. “Кубын тав”-аас АНУ-ын шоронд хоригдож үлдсэн гурван хоригдол суллагдсан нь Ватикан, хамба лам Францискийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. АНУ, Кубын хооронд хоёр жил үргэлжилсэн нууц хэлэлцээг Ватикан зуучлан зохицуулж байсан юм. Кубын Засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллах амлалтыг зөвхөн Вашингтонд бус, мөн Ватиканд өгсөн хэмээн Ж.Псаки санууллаа. АНУ-д хоригдож байсан Кубын тагнуулчид суллагдаж, Кубын шоронд хоригдож байсан Америкийн иргэн Алан Гросс мөн суллагдан эх орондоо ирсний дараа Ерөнхийлөгч Барак Обама Кубатай 50 гаруй жил тасарсан дипломат харилцаагаа сэргээж буйг зарласан билээ. Энэ нь Куба арлыг 50 гаруй жил бүслэн хааж буй эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээг цуцлахад ихээхэн түлхэц болно хэмээн ажиглагчид үзэж байна. Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлахад АНУ-ын Конгресс шийдвэрлэх үүрэгтэй байх юм.
АНУ Куба дахь улс төрийн хоригдлуудыг бүгдийг суллахыг шаардсаар байх болно гэдгийг Төрийн департаментаас мэдэгдлээ. Куба гаралтай Бүгд найрамдах намын сенатч Марко Рубио өчигдөр Ерөнхийлөгч Б.Обамад хандаж энэ сард Гаванад хийхээр төлөвлөөд байгаа хоёр талын уулзалтыг цуцлахыг шаарджээ. Кубын эрх баригчид улс төрийн 53 хоригдлыг бүгдийг суллах хүртэл ямар нэг яриа хэлэлцээ хийх ёсгүй хэмээн үзэж байгаа аж. АНУ-ын төлөөлөгчид Гаванад айлчилснаар хүний эрхийн асуудлаар шууд яриа хэлэлцээ хийх боломжтой болно хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Ж.Псаки мэдэгдлээ. Кубын талаарх АНУ-ын шинэ бодлого нь Кубын арт түмэн рүү илүү чиглэсэн байх болно хэмээн онцлов. АНУ-ын өмнөх бодлого Кубын ард түмнийг гаргуунд нь орхиж, тоолгүй орхиж байсан билээ.

АНУ-ын албаны төлөөлөгчид энэ сарын сүүлчээр Кубад айлчлах гэж байгаа нь аралд хөл тавьж буй өндөр түвшний анхны айлчлал болох бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын Латин Америкийн асуудал хариуцсан орлогч Роберта Якобсон толгойлох юм. Гол зорилго нь 2013 онд сэргэсэн хоёр улсын хоорондох цагаачлал, шилжилтийн яриа хэлэлцээг шинэ шатанд гаргах, мөн хүний эрхийн асуудлаар нухацтай ярилцах ажээ.

No comments:

Post a Comment