Saturday, 31 January 2015




Альпийн нуруунд нэг хоногт зургаан цаначин амь эрсэджээ

Швейцарь дахь Альпийн нуруунд цасан нуранги болсны улмаас зургаан хүн амиа алдаад байна. Есөн хүнтэй баг Пиц Вилан ууланд 2200 метрийн өндөрт цанаар гулгаж байхад цас нурж долоо нь дарагджээ. Нисдэг тэргээр ирсэн аврагчид цасан дороос гурван хүнийг аварч чадсан байна. Энэ өдөр Берн муж дахь уулын амралтад гулгаж байсан хоёр хүн цасанд дарагдаж амиа алджээ. Тэд зөвшөөрөгдөөгүй замаар гулгаж байсан аж.
Сүүлийн гурав хоногт Швейцарьт цасан нурангид амиа алдсан хүний тоо наймд хүрээд байна. Сүүлийн хэд хоногт Альпийн уулсаар 120 см цас унаад байгаа тул тогтвортой цастай уулыг олж ялгахад бэрхтэй болоод байгаа ажээ.

“Агни-5” пуужинг амжилттай туршлаа

Энэтхэгт цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Агни-5” тив хоорондын баллистик пуужинг амжилттай туршлаа хэмээн Hindustan Times сонин уламжлав.
Гурван шатлалтай пуужинг зүүн эргийн Уилер арлаас хөөргөжээ. 2012 оны есдүгээр сараас хойш “Агни-5” пуужинг гурав дахь удаагаа амжилттай хөөргөж буй нь энэ юм. Энэтхэгийн батлан хамгаалах судалгааны хүрээлэнд уг пуужинг боловсруулжээ. “Агни-5” пуужин тн гаруй цөмийн цэнэгт хошууг тээж, 5500 км зайд тусах чадвартай юм.

ОХУ үр тарианы экспортоос татвар авна

ОХУ хоёрдугаар сарын 1-нээс эхлэн үр тарианы экспортоос гаалийн татвар авахаар болж байна. Татварын хэмжээ 15 хувь+7.5 евро байна гэжээ. Гэвч нэг тн үр тарианд 35 еврогоос ихгүй татвар ногдуулах аж. Энэ татвар 2015 оны дунд хүртэл үйлчилнэ. ОХУ-д үр тарианы үнэ огцом өссөн тул дотоодын үр тарианы зах зээл дээр тогтвортой байдлыг хадгалахын тулд дээрх арга хэмжээг авчээ. 2013 оны арваннэгдүгээр сараас хойш Орост талхны үнэ 15-20 хувиар өсөөд байна.

28 жилийн дараа таван сая долларын нөхөн төлбөр авлаа

1986 онд цагдаа нарт алуулсан Николас Гвидогийн ар гэрийнхэн Нью-Йорк хотын захиргаанаас таван сая долларын нөхөн төлбөр авчээ. Гвидо эндүүрлээр мафийн захиалгыг гүйцэтгэсэн авлигач цагдаа нарын суманд өртөн амиа алдсан юм.
1986 оны сүүлчээр цагдаагийн ажилтан Луис Эпполито, Стивен Каракаппа нар нэгэн мафиас Николас Гвидо хэмээх гэмт хэрэгтнийг хороох заавар авчээ. Тэд албаны мэдээллийн санг ашиглан Гвидогийн оршин суугаа газрыг олсон ч энэ нь тэр гэмт хэрэгтэн биш, нэр нэгтэй гэм зэмгүй иргэн байжээ. Цагдаа нар ийнхүү ямар ч гэмгүй иргэнийг буудаж алсан аж.
Цагдаа нар үүнийхээ төлөө мафиас сар бүр дөрвөн мянган доллар авч байв. Тэд
1980-1990 онд гэмт бүлэглэлийн найман увайгүй шаардлагыг гүйцээсэн юм.
Цагдаа нарыг 2005 онд тэтгэвэртээ гарчихсан хойно нь баривчилжээ. Эдүгээ Луис
Эпполито, Стивен Каракаппа нар насаараа шоронд хоригдох ял эдэлж байна.

No comments:

Post a Comment