Sunday, 4 January 2015




“Иранд энэ том алхмыг хийхэд бүгд бэлэн болоод байна”

Иран улс эвлэрэлд бэлэн байна. Ард иргэд өрнөдтэй ойртон нөхөрлөхийг хүсч, Засгийн газар ч үүнд хүрэхийн тулд өөрт байгаа бүхнийг хийсэн хэмээн энэ залуу үзэж байна. Одоо АНУ-ын зүгээс л санаачлага гаргах үлдсэн бөгөөд аль аль тал 35 жилийн дайсагналцлаа зогсоохын тулд энэ боломжийг ашиглана гэдэгт тэрээр итгэж байгаа аж. “El Mundo сонин Ираны социологч, багш Бабак Мусавифадтай ярилцжээ.

-Ираны Засгийн газар АНУ-тай эвлэрэхийн төлөө байна уу?

-Иранд улс орны хяналт хоёр хэсэгт хуваагдсан байдаг. Нэг талаар, гүйцэтгэх эрх мэдэл шинэчлэгч болон өрнөдийн чиг баримжаатай улстөрчдийн гарт байдаг бол, нөгөө талаар, шүүх, хууль сахиулах эрх мэдэл нь хэт консерватив, өрнөдийн эсрэг үзэлтэй шашныхнаар дэмжүүлсэн консерватив улстөрчдийн мэдэлд байдаг.

-Эрх мэдэл, хүчний энэ тэнцвэр дээр хэнд нь эцсийн үгийг хэлэх эрх байдаг юм бэ?

-Дээд лидер бол аятолла Али Хамени. Түүний үүрэг, үг маш чухал байдаг. Учир нь тэрээр хоёр секторын хоорондох дотоодын тэмцлийг ажиглаж эцсийн үгийг хэлдэг. Тэрээр өрнөдтэй ойртон нөхөрлөх талынхныг дэмжих хандлагатай байгаа нь харагдаж байна. Олон нийтийн санаа бодол АНУ-тай эвлэрэхийн төлөө байгаа Ерөнхийлөгч Хасан Роханигаар удирдуулсан гүйцэтгэх засаглалын талд байна.

-Тэгвэл Дээд лидер заримдаа өрнөдийн эсрэг мэдэгдэл хийж байгааг яаж ойлгох вэ?

-Өрнөдийн эсрэг дуугарч буй түүний мэдэгдлийг харвал эвлэрлийг эсэргүүцэж байгаа маш хүчтэй секторыг тайвшруулах гэсэн л оролдлого ажиглагдаж байгаа юм.

-Өрнөдтэй харилцаагаа сайжруулахад юу дутагдаад байна вэ?

-Иранд энэ том алхмыг хийхэд бүгд бэлэн болоод байна. Улс орон цөмийн яриа хэлэлцээний хүрээнд бүх үүргээ биелүүлсэн. Энэ нь тохиролцоонд хүрэх сүүлчийн боломж байж болохыг Тегеран мэдэж байгаа. Гэвч өрнөд Ираны зүгээс ийм нааштай сэтгэл гаргана гэдгийг хүлээж байгаагүй бололтой. Тиймээс энэ цаг үед тэд цочир байдалд орчихоод байх шиг. Өрнөдийн хэт консерватив бүлгийнхэн Иран улс дахиад өөр алхам хийх хэрэгтэй, Иранд дахиад дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй гэж байна. Гэвч миний бодлоор, манай улс эвлэрэх хүсэл, сэтгэлээ харуулсан.

-Өрнөд юу хийх ёстой вэ?

-Одоог болтол Ираны хүсэл эрмэлзэлд хариуг нь өгөх жинхэнэ алхам хийсэнгүй. Хориг арга хэмжээний заримыг нь цуцлах нь хамгийн шилдэг алхам болж, энэ нь ирануудын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж олон нийтийн санаа бодлыг эвлэрлийн зүг хүчтэй эргүүлнэ. Иран улс үүнээс цааш найр тавьж болохгүй. Одоо өрнөд зоригтой шийдвэр гаргах л үлдээд байна.

-Зургаан талт хэлэлцээ Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол яах вэ?   


-Яриа хэлэлцээ бүтэлгүйтвэл бүх юм урьдын адил үргэлжлэх болно. Хоёр талын өнгө аяс зөөлөрч, бүс нутаг дахь болзошгүй дайны талаар дахин ярихгүй биз. Өрнөдийн дарамт багасах ч бүх зүйл урьдын адил бахь байдгаараа үлдэнэ дээ.

No comments:

Post a Comment