Wednesday, 14 January 2015





Капитолын ордныг дэлбэлэхээр зэхэж байжээ

АНУ-ын Охайо мужид Вашингтон дахь Капитол буюу парламентын ордныг дэлбэлэхээр зэхэж байсан этгээдийг баривчилжээ. Цинцинатти хотын оршин суугч, 20 настай Кристофер Корнелл 600 сумтай хагас автомат буутай явж байсан аж. Тэрээр мөн гар аргаар тэсрэх бөмбөг хийсэн байв. Корнелл Рахил Мархус гэх нууц нэрээр Twitter-т орж “Исламын улс” бүлгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж. Холбооны мөрдөх товчооны нэгэн ажилтан өөрийгөө нууцлан түүнтэй харилцсаны эцэст халдлага үйлдэх санааг нь олж мэдсэн байна. Кристофер Корнелл Конгрессын гишүүдийг дайснаа гэж үздэг, тэднийг алахаар төлөвлөж байгаа хэмээн бичиж байсан юм. Тэрээр Капитолд гар аргаар хийсэн бөмбөг тавьж, дараа нь галт зэвсэг ашиглахаар төлөвлөж байжээ. Охайо мужийн шүүх Корнеллийг Америкийн Засгийн газрын гишүүдийг хөнөөхийг санаархсан, хүний амь насанд халдах зорилгоор галт зэвсэг авч явж байсан хэргээр буруутгаад байна.

В.Путин, Н.Мадуро нар нефтийн үнийг хэлэлцэв

ОХУ, Венесуэлийн лидер Владимир Путин, Никлас Мадуро нар уулзжээ. Тэд хоёр талын хамтын ажиллагаа болон хамтарсан томоохон төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Мөн тэд нефтийн үнийн асуудлаар санаа бодлоо солилцжээ. Венесуэлийн лидер Мадуро энэ долоо хоногт ОРЕС-ийн гишүүн хэд хэдэн орноор айлчилж, Хятадад очиж удирдагчидтай нь уулзсан байна. Дэлхийн нефтийн зах зээл дээрх үнийг аль болох өндөр түвшинд барьж байх зорилгоор айлчлал, хэлэлцээ хийснээ Мадуро хэлжээ.

Далайн түвшин эрчимтэй нэмэгдсээр байна

Дэлхийн далайн түвшин урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй дээшилсээр байна хэмээн Америкийн эрдэмтэд хэлж байна. Nature сэтгүүлд гарсан нийтлэлээр, 1990 оноос хойш далай, тэнгисийн түвшин өнгөрсөн зууны эхний 90 жилийнхээс 2.5 дахин хурдтай нэмэгдэж байгаа аж. Гренланд, Баруун Антарктидийн мөс ихээр хайлж байгаа нь үүний гол шалтгаан хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Цаашдаа туйлын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэх үйл явц бүр илүү хурдацтай явагдана хэмээн таамаглаж байна.

Австрид ижил хүйстнүүд хүүхэд үрчилж болно

Австрийн ижил хүйстэн хосууд ямар нэг хязгаарлалтгүйгээр хүүхэд үрчилж авах бүрэн эрхтэй хэмээн тус улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрчээ. Үүнээс өмнө гомо, лесби хосуудын аль нэг нь тухайн хүүхдийн биологийн эцэг эх байсан тохиолдолд хүүхэд өргөж авах эрхтэй байсан юм. Ингэж хязгаарлалт тогтоож байсан нь Европын хүний эрхийн конвенцийн ялгаварлан гадуурхахын эсрэг заалтыг зөрчиж байна хэмээн шүүх үзжээ. Австрид ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй ч хамтран амьдрагч хэмээн бүртгүүлж болдог аж. Хамтран амьдрагч л бол эсрэг хүйстэн хостой адил эрх эдлэхээр боллоо.

Хааны “гэрлэлтээс гадуурх” хүүхдийг шалгана

Испанийн шүүх өнгөрсөн жил хаан сэнтийгээ орхисон Испанийн хаан I Хуан Карлосын гэрлэлтээс гадуурх хүүхдийн өргөдлийг хүлээж авчээ. Бельгийн иргэн Ингрид Сартио өөрийгөө Испанийн хааны хүүхэд хэмээн баталж байгаа юм. Хуан Карлос ээжтэй нь дотно харилцаатай байсан, би энэ харилцаанаас төрсөн хэмээн шүүхэд өргөдөл гаргажээ. Түүний ээж хожим нь Болгарын хаантай гэрлэсэн аж.
Испанийн хааны ордон “Сартиогийн мэдэгдэл үнэнд нийцэхгүй” хэмээн мэдэгдлээ. Өмнө нь Испанийн шүүх ийм өргөдлийг хүлээн авалгүй буцааж байсан юм. Хуан Карлос өнгөрсөн онд хаан ширээгээ хүү Фелипед шилжүүлж өгсний дараа халдашгүй эрх нь дуусгавар болсон юм. Түүнийг хаан ширээнд байхад гэр бүлдээ үнэнч биш байсан, гэрлэлтээс гадуур хэд хэдэн хүүхэдтэй гэсэн мэдээлэл байнга гардаг байсан билээ.

Ким Чен Ун В.Путиний урилгыг хүлээж авчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн баярт Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг урьсан аж. Хойд Солонгосын тал энэ урилгад нааштай хариу өгчээ. Пхеньяны лидер Ким Чен Ун 2011 онд улс орны жолоог атгаснаас хойш гадаадад айлчлаагүй байгаа юм. Хойд Солонгосын тал хамгийн ойр дотно харилцаатай байдаг Хятадад улам ойртож, шахалт үзүүлэхийн тулд ОХУ-д дээд хэмжээний айлчлал хийх гэж байна хэмээн Сөүлийн шинжээчид хэлж байна.
Хүний эрхийн нөхцөл байдал болон цөмийн хөтөлбөрийн улмаас олон улсын тавцанд гарцаардаад байгаа Хойд Солонгос Оростой харилцаагаа өргөтгөх сонирхолтой байна. Өнгөрсөн сард В.Путин Ким Чен уны тусгай элчийг хүлээн авч, хоёр талын харилцааг сайжруулахын төлөө байгаагаа илэрхийлсэн ажээ.

Charlie Hebdo-г довтолсон алан хядагчдад 20 мянган доллар төлжээ

Парист болсон халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн “Аль-Кайда”-гийн Йемен дахь салбар халдлага үйлдсэн хэт даврагчдын нэгэнд нь гурван жилийн өмнө 20 мянган доллар өгч байжээ. Йемен дахь лалын террористуудын толгойлогч “Францад болсон халдлагыг бид удирдсан. Төлөвлөгөөг бид боловсруулж, санхүүжүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч ах дүү Куаши сүүлийн саруудад Йемен дахь террорист бүлгийн гишүүдтэй харилцаж, холбогдсон гэх мэдээллийг Францын цагдаа олж аваагүй байна. Одоогоор нотолгоог олж аваагүй ч цаашдаа гарч ирж магадгүй хэмээн цагдаагийн ажилтан ярилаа. Йемений Засгийн газар энэ хэргийн талаар мөрдөн шалгалт явуулж эхлээд байна. Францад гурван өдөр дараалан болсон халдлагад 17 хүн амиа алдсан юм.

No comments:

Post a Comment