Wednesday, 28 January 2015





Билл Гейтс: Хиймэл оюун ухаан ирээдүйд заналхийлж байна

Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс хиймэл оюун ухааны технологийн хөгжилд хүн төрөлхтөн санаа зовних ёстой хэмээн үзэж байна. Тэрээр Reddit сайтын хэрэглэгчидтэй онлайн яриа өрнүүлэх үеэрээ “Би супер оюун ухааныг бүтээхийн эсрэг байдаг. Машин, техник бидний өмнөөс зарим ажлыг гүйцэтгэж болох ч супер оюун ухаан гэж байх ёсгүй. Энэ нь бидний удирдан хөтлөх арга хэлбэрээс хамаарна. Хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан бидний сэтгэлийг зовоохуйц өндөр түвшинд хөгжих болно” хэмээн Гейтс хэлжээ.
Тэрээр энэ тал дээр Tesla компанийг үндэслэгч Элон Маск, Британийн физикч Стивен Хокингтой санал нэгдэж байна. С.Хокинг “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд аюултай. Ойрын үед хүнийг давж гарах машин, техник бий болно гэхээс айдас төрж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Америк эрдэмтэн тагнуулын хэргээр ял сонслоо

Лос-Аламосын үндэсний хүрээлэнд ажиллаж байсан америк эрдэмтэн Педро Мачерони тагнуул хийсэн хэргээр таван жилийн ял сонсчээ. Тэрээр АНУ-ын цөмийн зэвсгийн талаарх мэдээллийг Венесуэлийн Засгийн газрын албаны төлөөлөгчид дамжуулж өгсөн аж. Мачерони тагнуулын хэдэн үйл ажиллагаа явуулсан гэдгээ 2013 оны зун хүлээн зөвшөөрсөн юм. 79 настай Аргентины уугуул тэрээр АНУ-ын суурьшмал иргэн юм. Түүний эхнэр нөхөртэйгээ хамт тагнуул хийсэн хэргээр нэг жилийн ял сонсоод байгаа аж.
Лос-Аламос нь цөмийн судалгаа хийдэг АНУ-ын тэргүүлэх хоёр лабораторийн нэг юм. Энэ хүрээлэнд анхны цөмийн цэнэгт хошууг бүтээж байжээ. Лос-Аламос хүрээлэнд 12 мянга 500 байнгын мэргэжилтэн, гурван мянган гэрээт эрдэмтэн ажилладаг.

“Катар-2022”-ын үеэр архи худалдахыг зөвшөөрнө

Катар улс 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах үеэрээ архины худалдааг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. “Согтууруулах ундаа хэрэглэх нь Катарын соёл биш. Гэвч хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тодорхой хэд хэдэн газарт архи, шар айраг худалдах болно” хэмээн зохион байгуулах хорооноос мэдээлэв. Катарт архи хэрэглэх, архи оруулахыг хориглодог аж.

Гуантанамог эргүүлэн өгөхийг АНУ-аас шаардлаа

Куба улс Гуантанамо дахь цэргийн баазыг буцааж өгөхийг АНУ-аас шаардлаа. Энэ нь хоёр улсын харилцааг хэвийн болгох нэг нөхцөл болж байгаа аж. Мөн Кубын лидер Рауль Кастро худалдааны хориг арга хэмжээг цуцалж, Кубыг терроризмийг дэмжигч орнуудын жагсаалтаас хасахыг уриалжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Америк, Куба хоёр 1961 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээж буйгааа зарласан билээ. Хэд хоногийн өмнө АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Гаванад ирж Элчин сайдын яамаа нээх талаар хэлэлцээ хийсэн юм.
Энэ хооронд Кубын хувьсгалын лидер Фидель Кастрогийн “Эргэцүүлэл” “Гранма” сонинд нийтлэгджээ. Тэрээр хоёр улсын харилцаа дулаарч байгааг дэмжиж байгаа ч АНУ-ын бодлогод итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байв.

Багт наадамд зориулж 70 сая бэлгэвч тараана

Бразилийн Засгийн газар хоёр сард болдог алдарт карнавалыг угтаж ДОХ болон бусад өвчний халдвараас сэргийлэхийн тулд 70 сая бэлгэвч үнэгүй тараахаар болжээ. 2014 оны багт наадмын үеэр 68.6 сая бэлгэвч тарааж байсныг Эрүүл мэндийн яамны мэдээлэлд онцолжээ. Бразилд “камисиньяс” буюу “бяцхан цамц” хэмээн нэрлэдэг энэ хэрэглэлийг Рио-де-Жанейро, Салвадор, Ресифе хотын нисэх буудал зэрэг багт наадмын зочин, жуулчдыг хүлээн авдаг газруудад түгээх аж. Сүүлийн таван жилд зөвхөн карнавал гэлгүйгээр өөр олон баяр цэнгээнд зориулж 2.2 тэрбум ширхэг бэлгэвч тараасан хэмээн эрх баригчид мэдэгдэв.
Бразилчуудын 94 хувь нь “бяцхан цамц”-ыг ДОХ-оос хамгаалах шилдэг арга хэмээн мэддэг ч 45 хувь нь тохиолдлын сексийн харилцааны үеэр үүнийг хэрэглэдэггүй болох нь судалгаагаар харагджээ. Тус улсад 100 мянган хүн тутамд ДОХ-ын 20 тохиолдол илэрдэг нь өндөр үзүүлэлт юм. Жилд 39 мянган хүн энэ өвчний халдварыг авдаг ажээ. ДОХ-оор нас барагсад 2013 онд 100 мянган иргэнд 5.7 байжээ.

No comments:

Post a Comment