Wednesday, 21 January 2015





Конгын ламтан аллагыг зосгоохыг уриалав

Конгын ардчилсан бүгд найрамдах улсын католик сүмийн тэргүүн Лоран Монсенгво эрх баригчдад хандан Ерөнхийлөгч Жозеф Кабилагийн эсрэг тэмцэж байгаа жагсагчдыг алж хөнөөхөө зогсоохыг уриалжээ. Ж.Кабилагийн хоёр дахь буюу сүүлчийн бүрэн эрхийн хугацаа 2016 онд дуусч байгаа бөгөөд тэрээр эрх мэдэлд үлдэхийн тулд янз бүрийн харгис арга хэрэглэж байна. Парламенты гишүүд Жозеф Кабилаг дэмжиж байгааг иргэд эсэргүүцэн жагсчээ. Эрх баригчид бүх нийтийн санал асуулгыг хойшлуулсныг ламтан буруутгаж байна. Киншаса хотод болсон гурван өдрийн эсэргүүцлийн явцад 40 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Кабилагийн Засгийн газар гар утас, интернэтийг хааж, гадаадын хамгийн алдартай мэдээллийн хэрэгсэл болох Radio France International-ийн эфирийг хаажээ.

Ханхүү Эндрю шүүхэд дуудагдана

Британийн ханхүү Эндрю насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан хэрэгт холбогдоод байгаа билээ. “Насанд хүрээгүй байхад минь албадлагаар секс хийсэн” хэмээн баталж байгаа америк охины өмгөөлөгчид ханхүү Эндрюг шүүхэд мэдүүлэг өгөх ёстой хэмээн үзэж байгаа юм. АНУ-д санхүүч Жеффи Эпстиний хэргийг хэдэн жилийн турш шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт ханхүү Эндрюгийн нэр дурдагддаг аж. Эпстин гэгч нь Жейн Доу хэмээх хүүхнийг насанд хүрээгүй байхад нь ханхүүтэй бэлгийн харилцаанд албадан оруулсан хэмээн шүүхэд гаргасан өргөдөлд дурдсан байна. Британийн ханхүү энэхүү мэдээлэлд ямар нэг тайлбар хийгээгүй байна. Их Британийн хааны ордны төлөөлөгч дээрх буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн юм.

Путиний төлөвлөгөөг эзэрхийлэгч хэмээн нэрлэв

АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Саманта Пауэр Украины зүүн нутаг дахь мөргөлдөөнийг зохицуулах Оросын төлөвлөгөөг “Эзэрхийлэгч төлөвлөгөө” хэмээн нэрлэжээ. Украины төлөөлөгч Юрий Сергеев Москвад хандан салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардлаа. Украинд дайчилгаа явагдаж байгаа нь Донбасст Оросын зэвсэг, техник цугларч буйгийн хариу үйлдэл ажээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Литва, Их Британи, Францын дипломатчид ОХУ-д хандан Минскийн тохиролцоог мөрдөж, салан тусгаарлагчдаас харилцаагаа таслахыг шаардсан байна. Үүний өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Оросын талыг баримтлагч отрядууд Украины газар нутгийн эзэлсээр байна” хэмээн мэдэгдсэн юм. ОХУ дайн байлдааны ажиллагаанд оролцоогүй гэдгээ дахин мэдэгджээ. Берлинд Герман, Франц, Украин, Оросын Гадаад хэргийн сайд нар уулзаж хэлэлцээ хийж байна.

Дэлхийн хамгийн атаархам гоонь эр

Нефтийн үнэ унасаар байгаа ч Арабын баячууд тансаглалд умбасаар байна. Арабын нэгдсэн эмират улсын хунтайж, тэрбумтан Хамадан бин Мохаммед бин Рашид Аль-Мактум дэлхийн хамгийн атаархам гоонь залууд тооцогдож байна. Эмиратын Ерөнхий сайдын долоон хүүгийн нэг тэрээр 18 тэрбум долларын хөрөнгө өвлөж авсан юм. Аль-Мактум Лондон, Дубайд эдийн засгийн гайхалтай боловсрол эзэмшжээ. Тэрээр сайн үүлдрийн тэмээ үржүүлж, романтик шүлэг бичдэг. Мөн экстрим спорт, өндөрт гарах дуртай. Аль-Мактум Азийн тоглолтын морины уралдаанд оролцож алтан медаль авсан юм. Баян арабуудын адилаар шонхроор ан хийлгэх сонирхолтой.
Хамадан бин Мохаммед бин Рашид Аль-Мактум энэ бүгдийн хажуугаар буяны ажил эрхэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ивээлдээ авчээ. Түүнд ганцхан “дутагдал” байдаг нь өдийн насандаа (32) гоонь хэвээр яваа ажээ. Эцэг нь хүүгийнхээ ганц бие байдалд сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн ч хунтайж гэрлэх бодолгүй байна.

American Express дөрвөн мянган ажилтнаа цомхотгоно

Олон улсын төлбөрийн American Express компани 2016 онд ажлын байраа дөрвөн мянгаар цомхотгоно хэмээн зарлалаа. Тус компани 2014 оны санхүүгийн тайлангаа нийтэлсний дараа ийм шийдвэр гаргажээ. American Express-ийн хувьцааны үнэ 2.1 хувиар унажээ. Үйлчлүүлэгчдийн зээлийн үлдэгдэл ихсэж, компанийн зардал нэмэгдэж байгаа тул алдагдал хүлээж болсон байна. Компанийн бодлогод үндсээр нь өөрчлөлт хийх шаардлагатайг American Express-ийн удирдлага онцоллоо.

“Лейкерс” хамгийн баян нь

Америкийн Forbes сэтгүүл Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багуудыг хөрөнгө орлогоор нь жагсаажээ. Хамгийн баян клубээр 2.6 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа “Лос Анжелес Лейкерс” нэрлэгдэв. Сүүлийн нэг жилд тус клубын үнэ цэнэ 93 хувиар нэмэгджээ. Удаах байрт “Ню-Йорк Никс” (2.5 тэрбум доллар), “Чикаго Буллз” (2.1 тэрбум) орлоо. Үнэ цэнэ нь 178 хувиар өссөн “Лос Анжелес Клипперс” 1.6 тэрбум доллараар үнэлэгдэж байна. “Бруклин Нетс” (1.5 тэрбум), “Кливленд Кавальерс” (915 мянга) араас нь жагслаа. Хамгийн бага үнэлгээтэй клуб нь “Милоуки Бакс” (600 мянга) болж байна. 

No comments:

Post a Comment