Sunday, 11 January 2015





Жан-Мари Ле Пен жагсаалд оролцогчдыг “Алиалагч” гэжээ

Европын парламентын депутат, Үндэсний фронт намын хүндэт Ерөнхийлөгч Жан-Мари Ле Пен Францын нийслэлд 17 хүний аминд хүрсэн жихадист халдлагыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг дахин шүүмжлэв. “Би бол Чарли” хэмээх зурагт хуудас барьж жагссан хүмүүс үнэн хэрэгтээ Францыг уруудуулсан алиалагчид” хэмээн тэрээр өмнөд хэсгийн Провенца-Альпес-Коста мужаас мэдэгджээ.
“Манай Засгийн газрууд цагаачалын бодлогыг гаргуунд нь хаяад олон жил өнгөрлөө. Одоо энэ уйтгар гунигийн мэдрэхүйг улс төрийн нааштай санал санаачилга болгон хувиргах хэрэгтэй” хэмээн Ле Пен хэллээ. Парис дахь жагсаалд оролцсон Францын, Европын удирдагчид бөөнөөрөө орж байгаа цагаачлалаас үүдэлтэй аюулгүй бус байдалтай тэмцээгүйгээрээ болж өнгөрсөн хэрэг явдалд буруутай хэмээн Үндэсний фронт намыг үндэслэгч онцолжээ.

Марко Фу 147 оноо авчээ

Өндөр чансаатай 16 тоглогчийг урилгаар оролцуулдаг мэргэжлийн снүүкер билъярдын Masters тэмцээнд Лондон хотод эхэллээ. Хонконгийн Марко Фу эхний тойрогт Английн Стюарт Бинхамыг 6-3-аар хожихдаа снүүкерийн дээд оноо буюу 147 оноог авчээ. Дэлхийн чансааны 10-т бичигддэг хонконг тоглогч ийнхүү гурав дахь дээд оноогоо авч байна. Тэрээр сүүлчийн наймд дэлхийн аварга Ронни О’Салливан-Рики Валден нарын хожсонтой нь тоглох юм. Марко Фу 2011 онд Masters-ийн финалд шалгарсан ч Хятадын Дин Жунхуйд 10-4-өөр хожигдож байв. Өчигдөр дэлхийн аварга Марк Селби бас нэг дэлхийн аварга Шон Мерфид 6-5-аар хожигджээ. Masters нь снүүкерийн гурван том тэмцээний нэг юм.

Ким Чен Ун Шотландад зоогийн газар нээх үү

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Шотландад солонгос хоолны газар нээх санаатай байна хэмээн Mirror сонин мэдээлэв. Хойдууд Шотландад зоогийн газар нээхээр шийдсэн бол гайхаад байх зүйл биш хэмээн тус сонины редактор Майкл Мадден бичжээ. Ким Чен Уны зоогийн газарт Солонгосын уламжлалт хоол нохойн махны шөлийг амталж болох ажээ. Хойд Солонгосын лидер Голландад нэг зоогийн газартай юм байна. Тэрээр бизнесээ өргөжүүлэх зорилгоор Европын хотуудыг судалж эхэлсэн бололтой. Пхеньяны гадаадад эрхэлдэг иймэрхүү бизнес нь “Удирдлага-39” нэрийн дор төвлөрдөг бөгөөд Хойд Солонгост валют олж авчрах гол зорилготой ажээ.

Шанхайд Цагаан сарын дэнлүүний баяр болохгүй

Шанхайн санхүүгийн төв билгийн тооллын шинэ жилээр (Цагаан сар) хийдэг алдарт дэнлүүний баяраа цуцаллаа. Шанхай хотын эрх баригчид болон дэнлүүний баяр болдог Юйюань цэцэрлэгийн удирдлага аюулгүй байдлын үүднээс энэ баярыг цуцалж буйгаар мэдэгдсэн байна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нд Шанхай хотод баяр тэмдэглэхээр цугласан хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсч 36 хүн олны хөлд дарагдаж үхсэн юм. Үүний дараа олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дээр аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих болжээ.
Шинэ оны баярын уламжлал ёсоор хоёрдугаар сард Шанхай хотод 18 өдрийн турш олон мянган хүн цугладаг аж. Өнгөрсөн оны дэнлүүний баярт 1.3 сая хүн оролцож байв. Хятадад шинэ оны баярын үеэр байнга шахуу шахцалдаан үүсдэг. 2004 онд Бээжин хотод баярт оролцож байсан 37 хүн олны хөлд дарагдаж амь насаа алджээ.

Air Asia-гийн нисэх онгоцны хар хайрцгийг гаргаж авчээ

Индонезийн усанд шумбагчид Ява тэнгист осолдсон Air Asia-гийн нисэх онгоцны бүхээгний өөрөө бичигч буюу хар хайрцгийг олж дээш нь гаргаж авлаа хэмээн эрэл хайгуулын ажиллагааны удирдагч мэдэгдлээ. Хар хайрцгийг гаргаж авах ажиллагаа нисэх онгоцны том сэгний улмаас хүндрэлтэй учирч байсан ч амжилттай гаргаж авсан байна. Хэд хоногийн өмнө хайгуулын хөлөг онгоцууд осолдсон онгоцны хар хайрцагны дохиог хүлээн авсан юм. Үүний дагуу шумбагч хөлгийг ашигласнаар амжилтад хүрээд байна. Air Asia авиакомпанийн 162 зорчигчтой нисэх онгоц арванхоёрдугаар сарын 28-нд Индонезээс Сингапур руу нисч яваад сүйрсэн юм. 

No comments:

Post a Comment