Sunday, 25 January 2015

Спортын нүүрэнд



Стивен Жеррард: Хөгжөөн дэмжигчдийн гунигийг би ч мэдэрч байна

26 жил тасралтгүй зүтгэсэн Ливерпүүл клубээ энэ зун орхино хэмээн зарласан Стивен Жеррард “Daily Mail- д ярилцлага өгчээ.

-Ийм шийдвэр гаргахад юу нөлөөлөв өө?

-Хэд хэдэн зүйл энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Дасгалжуулагч надад тоглолтын хангалттай цаг өгч чадахгүй гэж ил тод хэлсэн л дээ. Энэ их хэцүү яриа болсон ч би хүлээн зөвшөөрч байгаа. Мэдээж би гараанд гарсан ч бай, сэлгээнээс тоглосон ч бай би хүчээ дайчлах болно

-Гэр бүл тань энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэрийнхэн маань хөлбөмбөг сонирхдоггүй ч тэдэнд энэ тухай дуулгах хүнд байсан. Мэдээж гэр бүлээрээ шинэ газар очиж, шинэ орчинтой танилцах боломж гарч ирж байгаа нь сайн хэрэг.

-Багийн андууддаа шийдвэрээ дуулгахад ямар байсан бэ?

-Тэд бага зэрэг цочирдож хүлээж авсан байх. Би багаас явах шийдвэрээ хурдан дуулгахыг хүссэн. Миний тухай цуу яриа багт муугаар битгий нөлөөлөөсэй гэсэндээ шийдвэрээ ил болгосон.

-Ливерпүүлийн домогт тоглогч гэж яригдахад ямар санагддаг вэ?

-Энэ бол том магтаал. Ингэж нэрлэгдэж байгаа нь надад болон миний гэр бүлд тун таатай. Тэр тусмаа аав болон ахын хувьд. Яагаад гэвэл бид бүгдээрээ Ливерпүүлийн үнэнч фэнүүд. Бид Ливерпүүлийг олон жилийн турш дэмжиж ирсэн, цаашид үүрд дэмжинэ. Би бол энэ дэлхийн хамгийн азтай хүмүүсийн нэг.

-Та Ливерпүүлд хэзээ нэгэн цагт эргэн ирэх үү?

-Би эргэн ирж клубтээ ямар нэг байдлаар туслах болно. Мэдээж ирээдүйд юу ч болсон би Ливерпүүлийн фэн байх болно. Олон жилийн турш клубынхээ нэг хэсэг нь байсан хүний хувьд цаашид ч ийм байхыг хүснэ.

-Та ирэх зун яг ямар багт очих тухайгаа яриагүй. Гэхдээ фэнүүд болон бүгд л үүнийг мэдэхийг хүсч байгаа?

-Би Америк руу явна гэдгээ л хэлж чадна. Гэхдээ яг одоогоор ямар баг гэдгээ хараахан сонгоогүй байна. Ямар ч байсан Ливерпүүлтэй таарч болох лиг рүү, өөрөөр хэлбэл Европын ямар нэг лиг рүү явахгүй.

-Танд Ливерпүүлд зүтгэх чухал таван сар үлдээд байна. Юу болоосой гэж мөрөөдөж байна даа?

-Бидэнд эхний дөрөвт орох боломж одоо ч байгаа. Хэрвээ бид топ дөрөвт орчихвол тааруу эхлэлээ цайруулах болно. Гэхдээ л би цом хүсч байна. Capital One, FA Cup-ийн цомыг авах боломж бидэнд байгаа

-Хөгжөөн дэмжигчдийн хувьд гунигтай байгаа нь мэдээж. Тэдэнд хандаж юу хэлэхсэн бол?


-Тэр гунигийг би ч гэсэн мэдэрч байна. Ахиад бага зэрэг хугацаа үлдлээ. Би тэдний төлөө тоглож, улирлын төгсгөлд Уэмблийн цэнгэлдэхэд цом өргөхөөс өөр зүйл хүсэхгүй байна.

No comments:

Post a Comment