Wednesday, 26 February 2014




Оросын цэргийн хөлөг онгоц Гаванад иржээ

Оросын цэргийн хөлөг онгоц Кубын Гавана хотод ирж, үнэн алдартны шашны сүмийн хавьд зангуугаа хаян зогсчээ. Тагнуулын зориулалттай, дунд зэргийн уг хөлөг онгоцонд 200 орчим цэргийн албан хаагч байгаа бөгөөд зенитийн пуужингаар тоноглогджээ. Кубын эрх баригчид энэ нь ямар учиртай хөлөг онгоц болох талаар ямар нэг тайлбар хийсэнгүй.  Зарим хэвлэлд, Оросын цэргийн хөлөг онгоц Кубад ирснийг Венесуэль дахь бослого, хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна.

Qantas ажлын байраа таван мянгаар цомхотгоно

Австралийн Qantas авиакомпани алдагдлаа бууруулахын тулд ажлын байраа таван мянгаар цомхотгох болсноо зарлалаа. 2013 хоёрдугаар хагаст тус компани 210 сая долларын алдагдалтай ажиллажээ.
Qantas Австралийн хамгийн том, дэлхийд хамгийн анх байгуулагдаж байсан авиа компаниудын нэг юм. Тус компани Австралийн дотоодын зорчигчдын 65 хувийг тээвэрлэдэг. Мөн Австралид ирж, гарч буй зорчигчдын 19 хувь нь тус компанийн онгоцоор нисдэг ажээ.

АНУ Украинд тэрбум доллар өгч магадгүй

АНУ-ын эрх баригчид Украины эдийн засгийн  сэргээхэд зориулж нэг тэрбум долларын тусламж үзүүлж болох юм хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Энэ мөнгийг зээлийн баталгаа гаргахад ашиглах ажээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс санхүүгийн тусламж үзүүлэх амлалтын хүрээнд дээрх тусламжийг үзүүлнэ хэмээн Керри онцлов. Европын холбоо мөн Украинд 1.5 тэрбум долларын тусламж үзүүлэх боломжийг судалж байна. Ж.Керри сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Оросууд Украинд цэргээ оруулбал ноцтой алдаа болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Венесуэльд Уго Чавесийн хөшөөний толгойг тасджээ

Венесуэльд балмад этгээдүүд Уго Чавесийн хөшөөний толгойг тасджээ. Хэдийгээр цэргийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн эргүүл хийж байсан ч жагсагчид Сан-Антонио хотод байдаг экс Ерөнхийлөгчийн хөшөөнд хүрч, толгойгүй болгож хаясан аж.
Өнөөгийн төрийн тэргүүн Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсад хэдэн өдөр үргэлжилж байна. Нийтдээ 50 орчим хүн мөргөлдөөний золиос болж амиа алдсан хэмээн мэдээлэв. Зам харгуйг хаасан тул түргэн тусламжийн тэрэг саатаж хүний амь үрэгдэж байгаа ажээ.

China Mobile 5G сүлжээний стандартыг боловсруулж байна

Хөдөлгөөнт харилцаа холбооны дэлхийн томоохон компани China Mobile тав дахь үеийн сүлжээний (5G) стандартыг боловсруулахаар ажиллаж эхэлжээ. Энэ тухай тус компанийн төлөөлөгч Барселонад үргэлжилж буй Mobile World Congress үзэсгэлэн дээр мэдэгдсэн байна. “Харилцаа холбооны шинэ үеийн стандартыг гаргаж ирэх ажлыг эхлүүлснээр Хятад дахь 5G сүлжээний хөгжил үсрэнгүй шатанд гарах эхлэлийг тавилаа” хэмээн China Mobile-ийн төлөөлөгч мэдэгдлээ. 5G стандартыг боловсруулах ажилд Хятадын Төрийн зөвлөл, Шинжлэх ухаан, техникийн яам оролцож байгаа юм.



В.Путин цэргүүдээ бэлэн байдалд оруулав

ОХУ-ын лидер Владимир Путин төвийн болон баруун бүс дэх цэргийн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах зарлиг гаргалаа. Зарлигийн хүрээнд цэргийн хээрийн сургууль хийх юм. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн дээд удирдагчидтай уулзах үеэрээ дээрх зарлигийг танилцуулсан байна. Зэвсэгт хүчний дээд командлагчийн тушаалаар төв, баруун бүс болон Агаарын хүчний зарим анги нэгтгэлүүд байлдааны бэлэн байдалд шилжиж байгаа аж. ОХУ Хар тэнгисийн Крым дахь тэнгисийн цэргийн баазынхаа байгууламж, зэвсгийн агуулахын ауюлгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авч байна хэмээн Шойгу хэллээ. Крым болон Хар тэнгисийн флотын эргэн тойронд юу болж байгааг Москва анхааралтай ажиглаж байна. Кремлийн тэргүүн цэрэг, армийнхаа байлдах, улс оронд нүүрлэж буй аюул заналхийллийн үед нөхцөл байдлыг шийдвэрлэх бэлтгэл, чадварыг шалгахын тулд ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зарлиг Украинд өрнөж буй үйл явдалтай хамаагүй хэмээн Батлан хамгаалахын сайд нь хэлж байна. 150 мянга орчим цэрэг оролцох энэхүү хээрийн сургуулийг эртнээс төвөвлөсөн байсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов мэдэгджээ.
В.Путиний гаргасан зарлиг хоёр үе шаттай хэрэгжинэ хэмээн Шойгу анхааруулав. Эхний шатанд буюу хоёр өдрийн дотор цэргээ гаргаж тараана. Хоёрдугаар шатанд, газар, агаарт цэргийн хээрийн сургууль хийж гуравдугаар сарын 3-нд дуусах юм. Хээрийн сургуульд оролцсон цэргүүд гуравдугаар сарын 7 гэхэд бүгд анги, нэгтгэлдээ буцаж очсон байна гэж Батлан хамгаалахын сайд онцлов.
Цэрэг, армийн бэлэн байдлыг гэнэт шалгадаг зөвлөлтийн үеийн аргыг Путин 2013 онд сэргээсэн юм. Өнгөрсөн онд гэнэтийн шалгалтыг таван удаа явуулж байсан бөгөөд өрнөдийнхэн үүнийг “Оросууд сүр хүчээ гайхуулж байна” хэмээн үздэг билээ.
ОХУ-ын цэргийн өрнөд фронт Украинтай хил залгадаг. В.Янукович Киевийг орхин гарснаас хойш Кремлийн тэргүүн Украин улсын талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Гэвч тэрээр Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярилцахдаа, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал хадгалагдах ёстой гэдэг дээр санал нийлсэн юм. АНУ болон Европын зарим гүрэн Украинд гадаадын цэрэг орохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. ОХУ хөрш орныхоо дотоод хэрэгт оролцохгүй гэдгийг өндөр тушаалын түшмэд нь мэдэгдсэн билээ. Гэвч орос хэлтэй иргэд давамгайлдаг Украины зүүн хэсэг, тэр тусмаа Крымийн хойгийн ард түмэн Киевийн шинэ эрх баригчдын зүгээс гадуурхсан, хавчсан үйлдэл ирэх вий хэмээн болгоомжилж байна.
Оросын цэрэг, армийн хээрийн сургууль Украинд өрнөж буй төр солигдолт, эмх замбараагүй байдалтай давхацсан нь өрнөдөд багагүй хардлага, сэрдлэг дагуулж байна. Украинд байдал эвгүйтвэл орос хэлтэй иргэдийн ашиг сонирхлыг хамгаална гэдгээ цэргээ хөдөлгөж, хээрийн сургууль хийж илэрхийлж байна хэмээн зарим улс орон үзэж байгаа ажээ.

Крымын нийслэл Симферополь хотод уржигдар Орос болон Украины талыг баримтлагчдын хооронд мөргөлдөөн дэгдэж, хэдэн мянган хүмүүс мод, чулуугаар байлджээ. Үүний улмаас нэг хүн олны хөлд дарагдаж амь насаа алдсан хэмээн мэдээлж байна. Хоёр талын лидерүүд гарч ирж мөргөлдөөнийг намжаасан аж. Крымын парламент Украины шинэ лидерүүдийг дэмжих эсэх асуудлаар санал хураахаар болжээ.


Х.Карзайг талибуудтай ганцааранг нь орхино хэмээн сүрдүүлэв

Кабулын эрх баригчид аюулгүй байдлын асуудлаар хоёр талын гэрээ байгуулахгүй бол Америкийн цэрэг улс орныг бүрэн орхин гарах болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Б.Обама Афганистанаас цэргээ бүрэн гаргах төлөвлөгөөг боловсруулахыг Пентагонд даалгасан тухайгаа Карзайтай утсаар ярихдаа дуулгажээ. 2014 оноос хойш Афганистан дахь аюулгүй байдлыг зөвхөн тус улсын зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага хариуцна хэмээн энэ төлөвлөгөөнд тусгасан байна.
Гэвч Цагаан ордны тэргүүн аюулгүй байдлын гэрээг Карзайн дараагийн Ерөнхийлөгчтэй байгуулж болохыг үгүйсгэсэнгүй хэмээн France Presse агентлаг уламжлав. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бүгд ийм гэрээ  байгуулахыг дэмжиж байгаа аж. Энэ гэрээ хойшлох тусам Афганд Америкийн улам цөөн цэрэг үлдэх болно хэмээн Барак Обама ойлгуулжээ.
Хамид Карзай нэлээд хэдэн сарын өмнөөс хоёр талын гэрээ байгуулахаас татгалзсаар ирсэн юм. Афганистад ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнээс гадна Карзай сүүлийн үед америк цэргүүдийг ил тод шүүмжлэх болжээ. Саяхан Кабулын эрх баригчид терроризмд буруутгагдаж ял эдэлж байсан 65 хоригдлыг суллах шийдвэр гаргасанд АНУ сэтгэл дундуур байна.
Америк-Афганы хоёр талын гэрээгээр, АНУ-ын цэрэг 2024 он хүртэл Афганистанд ямар байдлаар үлдэхийг тусгаж өгөх ёстой юм. Тухайлбал, америкууд орон нутгийн хуулинд захирагдахгүй, онцгой нөхцөлд байдалд хувийн газар нутаг руу нэвтрэх эрхээ хадгалж үлдэх сонирхолтой байгаа ажээ. Мөн Афганы Засгийн газарт олон тэрбум долларын тусламж үзүүлэх заалтыг гэрээнд тусгах бололтой.
А.Турчинов зэвсэгт хүчний дээд командлагч болов

Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, парламентын дарга Александр Турчинов Украины зэвсэгт хүчний дээд командлагчийн үүргийг өөртөө авчээ. “Украины Үндсэн хуулийн 106-р бүлгийн 17-р заалтыг үндэслэн Украины зэвсэгт хүчний дээд командлагчийн үүргийг өөртөө хүлээн авлаа” хэмээн зохих зарлигт онцолжээ. Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов Ерөнхийлөгчийн 46 зөвлөхийн 46-г нь ажлаас нь халаад байна.

Баян орос, хятадууд Британийн визийг худалдан авч байна

Сүүлийн таван жилд Орос, Хятадын 850 гаруй баян иргэн хөрөнгө оруулалт хийх замаар Их Британид байнга оршин суух эрх олж авчээ хэмээн Telegraph сонин мэдээлэв. Лондоны Засгийн газар зарим баян хүнд Британийн визийг зүгээр л бэлэглэсэн хэмээн Цагаачлалын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Дэвид Меткалф өгүүлж байна.
2008 оноос хойш Оросын 433 саятан Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авчээ. Энэ нь нэг сая паундын хөрөнгө оруулалт хийвэл олгодог виз юм. Энэ боломжийг Хятадын 419 саятан ашигласан байна. АНУ-ын 96 чинээлэг иргэн ийм виз авчээ.

Сирийн зэвсгийг устгахад Япон мөнгөөр туслана

Японы эрх баригчид Сирийн химийн зэсвгийг устгах үйл ажиллагааг 9.9 сая еврогоор санхүүжүүлэх болсноо зарлалаа. Химийн зэсвгийг хориглох байгууллагын тэргүүн Японы талд талархал илэрхийлжээ. Дэлхий даяарх химийн зэвсгийг устгах үйл явцад Япон улс идэвхтэй оролцож, мөнгө санхүүгээр тусалж иржээ. Өмнө нь Токиогийн Засгийн газар Сирийн мөргөлдөөнд хэлмэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж болгож 280 сая доллар хандивлаж байжээ.  

Tuesday, 25 February 2014



Эрдоган огцрох цаг нь ирэв үү

Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хүү Билялтайгаа гэртээ байгаа асар их бэлэн мөнгийг өөр тийш нь аваачиж нуух талаар утсаар ярьж буй аудио бичлэг интернэтэд тавигдсаны дараа Туркт улс төрийн томоохон шуугиан дэгдээд байна. Үүний дараа Ерөнхий сайд Эрдоган, Үндэсний тагнуулын газрын дарга Хакан Фидан, Дотоод хэргийн сайд Эфзан Ала, Ерөнхий сайдын орлогч Бешир Аталай нар яаралтай уулзаж ярилцжээ. “Энэ бол увайгүй гүтгэлэг, эвлүүлэг” хэмээн Сайд нарын танхимаас мэдэгдсэн ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь ямар ч эвлүүлэг, монтаж биш ажээ.
Эдүгээ Туркийн улс төрд нөхцөл байдал яаж ч өрнөсөн Эрдоганы хувь заяа шийдэгдсэн хэмээн үзэж байна. Эрдоган ойрын саруудад огцрохгүй бол 2002-2011 онд гялалзаж байсан Эрдоган болон түүний намын од бөхөх нь тодорхой болов. 2013 оны арванхоёрдугаар сарын 17-ний өглөө Анкарад байсан Эрдоган “Их авлига” хэмээх ажиллагаа эхэлсэн талаар сонсоод балмагджээ. Тэрээр гэртээ болон гэр бүлийн гишүүдийнхээ хаяг дээр хадгалж байгаа асар их хэмжээний бэлэн мөнгөө буюу авлигаа нуух талаар хүүтэйгээ утсаар ярилцсан нь эдүгээ ил болоод байна. Туркийн Ерөнхий сайд нийтдээ гэртээ бэлнээр нэг тэрбум орчим доллар хадгалж байсан хэмээн үзэж байна. Ерөнхий сайд Эрдоган хүүтэйгээ утсаар ийнхүү ярилцсан нь “МК”.ru-д тавигджээ.

Режеп Тайип Эрдоган (Анкара) - Нежметтин Билял Эрдоган (Стамбул).

2013.XII.17. 08.02 цаг

Режеп: Хүү минь, гэртээ байна уу?

Билял: Тийм ээ, аав аа.

Режеп: Өнөө өглөө Али Агаоглу, Реза Зарраб, Эрдоганы хүү (Эрдоган Байрактарын хүү), Заферnay хүү, Муаммерийн хүүгийн гэрт нэгжлэг болж байгааг олж мэдлээ.

Билял: Дахиад хэл дээ, аав аа.

Режеп: “Их авлига” ажиллагааны хүрээнд Эрдоганы хүү, Али Агаоглу, Реза Зерраб болон өөр 18 хүний гэрт нэгжлэг хийж байна аа. Гэрт байгаа бүхнээ гаргаж өөр газар аваач, ойлгов уу?

Билял: Хааш нь хийх юм бэ, аав аа. Хааш нь аваачих юм?

Режеп: Ямар нэг өөр газар аваач. (Цаана нь Ерөнхий сайдын эхнэр Эмина: “Берат”).

Билял: Бератад бас байгаа хэрэг үү.

Режеп: Тэрийг чинь яриад байна шүү дээ. Бүгдийг цуглуулаад Бурак ахад хэлээтэх, ойлгов уу?

Билял: За за.

2013.XII.17 11.17 цаг

Билял: Аав, авга Хасан нар цугласан. Берат ах, авга бид нар зарим хэсгийг нь Фарукт өгье гэж ярилаа. Бусад мөнгө нь урьд өмнөх шигээ эргэлдээд байж л байг. Зарим хэсгийг нь үгүй болгож болох юм уу?

Режеп: Тийм ээ, болно.

Билял: За за, нөгөө хэсгийг Мехмет Гюрт өгчих үү, бид хамтдаа нэг юм эхлүүлээд байгаа. Мөнгөө түүнд өгчихөөд төсөл эхлэхээр нь тэндээс хэрэглээд явчихаж болох юм.

Режеп: Анха, болох юм байна.

Билял: Ингээд багасгаад, үлдсэн мөнгийг нь өөр газарт аваачъя. Аав, өнөөдөр асуудлаа шийдэж дуусах уу, өөр юу байна?

Режеп: Тэр юмнаас (мөнгөнөөс) салаад “тэглэвэл” тэгээд боллоо.

Билял: Тэгнэ ээ, бүрэн тэглэнэ.

2013.XII.17 15.39 цаг

Режеп: Чамд өөр даалгавар өгсөн, гүйцэтгэсэн үү?

Билял: Орой дуусгачихна. Заримыг далдруулсан. Бераттай холбоотойг бас гүйцэтгэсэн. Одоо Мехмет Гюртэй холбоотой мөнгийг явуулах хэрэгтэй байна. Үлдсэнийг нь харанхуй болохоор янзалчихна аа.

Режеп: …

Билял: иншалла (Аллах тэнгэр өршөөг). Та хэзээ ирэх юм?

Режеп: 12 гээд очих байх.

Билял: Сайн яваарай.

Режеп: Утсаар битгий яриарай.

2013.XII.17 23.15 цаг

Режеп: Ихэнхийг нь “тэглэсэн” биз дээ?

Билял: Бүрэн дуусаагүй байна. 30 орчим сая евро үлдээд байна. Ахмет, Чалык хоёрт дахиад 25 сая доллар өгье гэж Берат санаа сэдлээ. Ер нь үлдсэн мөнгөөр нь Шехризарт байр худалдаж авбал ямар вэ, аав аа?

Режеп: За яахав, хүссэнээрээ л бол.

Билял: Тэглээ шүү?

Режеп: За за, тэг тэг.

Билял: Бүгдийг нь тэглэх юм уу, аав аа? Та гар дээрээ жаахан мөнгө авч үлдэх юм биш үү?

Режеп: Үгүй, мөнгө үлдээж болохгүй. Мехметтэй ярьсан бол тийш нь явуулаад...

Билял: Тэд нарт 30-ийг (30 сая доллар) өгсөн шүү дээ.

Режеп: Бурхан минь, тийш нь өгчихсөн юм уу...

Билял: Би яаж мэдэх юм. Өгч л орхисон. Хадгалах газар байгаа ч юм уу. Зарим хэсгийг нь өөр газар хадгалаад, заримыг нь нагац Тунчад өгсөн, дараа нь ...

Режеп: Тунчад өгсөн юм уу?

Билял: Тэд асуусан. 10 сая евро аваад хадгалж чадна гэж тэд хэлсэн.

Режеп: За за, энэ талаар тэгж их битгий яриарай.

Билял: За за, үлдсэнийг нь бид зохицуулчихна. Та битгий санаа зов.

Режеп Тайип Эрдоган - Нежметтин Билял Эрдоган (Стамбул).

2013.XII.18 10.58 цаг

Билял: Дууслаа, бурхны тусламжтайгаар дууслаа.

Режеп: Бүрэн далдруулсан уу, тэглэсэн биз?

Билял: Бүрэн тэглэсэн. Надад Самандыра, Малтепед өгөх 730 мянган доллар, 300 мянган лир байсан. Фаик Ишикт нэг сая лирийн өртэй байгаа, өгчихнэ. Тэгээд Академи руу мөнгө шилжүүлчихнэ.


Режеп: За за, хааш нь ч явуулсан яахав, Самандырад байна уу, хамаа алга. Харин чи тайван байгаарай.

Monday, 24 February 2014





Ким Чен Ун дахин эцэг болно

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны гэргий Ри Сол Жу хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна хэмээн Өмнөд Солонгосын “Чосон Илбо” сонин мэдээлэв. Хоёрдугаар сарын 18-нд Ри Солын шинэхэн гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэн бөгөөд тэрээр чөлөөт хувцастай, жаахан жин нэмсэн байдалтай байжээ. Пхеньяны залуу лидерийн гэргий 2010 онд анх жирэмсэн байхдаа өмсөж хувцсаа өмссөн байсан хэмээн “Чосон Илбо”-д бичсэн байна. Түүнийг 3-5 сартай хөл хүнд хэмээн үзэж байна. Ким Чен Уны гэргий өнгөрсөн онд охин төрүүлсэн юм.

Марадона “Дэлхийн цом”-д тайлбарлагч хийнэ

Аргентины нэрт хөлбөмбөгч Диего Марадона Латин Америкийн Telesur телевизтэй гэрээ байгуулж, энэ зун Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлахаар болжээ. Тэрээр сэтгүүлч Виктор Моралестэй хамтран тойм нэвтрүүлэг хийхээс гадна зарим тоглолтыг шууд тайлбарлах бололтой. Марадона эдүгээ Дубайд хөлбөмбөгийн элчээр ажиллаж байгаа билээ. Аргентины шигшээ 1986 онд Мексикт дэлхийн аварга болоход Марадона гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Samsung фитнесс-бугуйвчаа танилцууллаа

Өмнөд Солонгосын Samsung корпорац Барселона хотод болж буй технологийн үзэсгэлэн дээр Gear Fit ухаалаг бугуйвчаа танилцуулжээ. Уг багаж өдөрт хийж буй алхам, зүрхний цохилт, нойрны мөчлөг, зарцуулсан илчлэгийн хэмжээг тооцож гаргадаг аж. Мөн хөгжим тоглох, гар утсанд ирсэн зурвас, дуудлагын талаар мэдээлэх чадвартай. 432х128 нягтралтай, 1.84 ямх диагонал супер амолед, мэдрэгч дэлгэцтэй. Gear Fit нь нөөц оосортой, ус, тоосноос хамгаалсан их биетэй ажээ. Эл бугуйвч дөрвөн өдөр цэнэгээ барина хэмээн Samsung баталж байна. Gear Fit нь Galaxy Gear хэмээх өмнөх загвараасаа авсаархан болжээ. Samsung корпорац мөн Galaxy S5 гар утсаа танилцуулсан байна.

М.Ренцигийн Засгийн газарт итгэл үзүүлжээ

Италийн парламент шинэ Ерөнхий сайд Маттео Ренцигийн Засгийн газарт итгэл үзүүлэв. Ренци Барууны шинэ хүч, Иргэний сонголт, Төвийн холбоо болон Ардчилсан намын төлөөлөгчдийг багтаасан эвслийн Засгийн газраа байгуулсан юм. Шинэ Засгийн газрыг 169 депутат дэмжиж, 139 нь эсэргүүцжээ.
Италийн Ардчилсан намын лидер, 39 настай Маттео Ренци хоёрдугаар сарын 21-нд Сайд нарын танхимийг тэргүүлэн гарч иржээ. Өмнөх Ерөнхий сайд Энрико Леттаг амласан шинэчлэлээ хэрэгжүүлээгүй хэмээн огцруулсан юм. Ренци Италийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байна.

Перуд шинэ Ерөнхий сайд томилогдов

Перу улсад Засгийн газрын шинэ тэргүүн томилогдлоо хэмээн “Reuters мэдээлэв. Барилгын сайд байсан Рене Корнехо Ерөнхий сайдаар томилогджээ. Өмнөх Ерөнхий сайд Сесар Вильянуэва сөрөг хүчний шахалтад орж огцорсон юм. С.Вильянуэва Перу дахь цалингийн доод хэмжээг (270 доллар) нэмэгдүүлнэ гэсэн нь огцруулах шалтгаан болжээ. Сөрөг хүчний үзэж буйгаар, эдүгээ цалингийн доод хэмжээг нэмэх ямар ч боломгүй аж.

Харьковт Лениний хөшөөг буулгахыг хойшлууллаа

Украины Харьков хотод Лениний хөшөөг буулгах гэж байсан ч хойшлуулав. Харьковт бий болсон “Евромайдан” сайн дурын зөвлөлийнхэн ийм шийдвэр гаргажээ. Лениний хөшөөг буулгаснаар мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсч магадгүй гэж болгоомжилсны үүднээс ийм шийдвэр гаргасан гэдгээ тус зөвлөлийн гишүүд мэдэгдэв. Хоёрдугаар сарын 22-нд Харьковт жагссан хүмүүс Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргасан юм. Гэвч маргааш нь энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс хөшөөний дэргэд цугларчээ.

Хойд Солонгосын эргүүлийн хөлөг онгоц усан хил зөрчжээ

Хойд Солонгосын зэвсэгт хүчний эргүүлийн хөлөг онгоц Өмнөд Солонгосын усан хилийг зөрчлөө хэмээн РИА Новости агентлаг мэдээлэв. Өмнөдийн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэнээр, хойдуудын цэргийн хөлөг онгоц Өмнөд Солонгосын мэдлийн усанд нэг өдрийн турш байжээ. Пхеньян ийм аргаар  сэтгэл зүйн дайралт хийсэн хэмээн Сөүл үзэж байгаа аж.
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийнхний хамтарсан хээрийн сургууль уржигдар эхэлсэн юм. Усан хил зөрчин орж ирсэн Хойд Солонгосын хөлөг онгоц Пэннэдо арлаас 23 км-ийн зайд ирж зогсчээ. Өмнөд Солонгосын хилчид сануулах дохио хэд хэдэн удаа өгсөн ч Хойд Солонгосын хөлөг онгоц 15 цагийн турш Өмнөд Солонгосын усанд байсны эцэст буцаж гарчээ.



Анна Чапман: Та нар намайг сайн мэдэхгүй л байна

Шаргал үстэй, үзэсгэлэнт бүсгүй Анна Чапман Орост төдийгүй дэлхий нийтэд алдаршсан билээ. Тэрээр АНУ-д тагнуул хийж байгаад илчлэгдэн баривчлагдсан ч Орост тагнуул хийж байсан америкуудаар солигдон эх орондоо буцаж ирсэн юм. Тэрээр эдүгээ санхүүч, сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн зэрэг олон гуншинтай. Саяхнаас залуучуудыг дэмжих “Ухаан” сангийн тэргүүнээр ажиллах болжээ. “АиФ” сонин Чапмантай уулзжээ.

-Анна, яагаад залуу эрдэмтдийг дэмжихээр шийдэв ээ?

-Шинжлэх ухааны тусламжтайгаар дэлхийг өөрчилж, гэнэтийн үхлийг цөөрүүлж, хөгшрөх явцыг удаашруулж чадна гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Хавдар болон насжилтаас шалтгаалдаг бусад өвчнийг зөвхөн шинжлэх ухаан, биотехнологийн аргаар ялан дийлж чадна.

-Тэгээд явж явж та шинжлэх ухаантай хорших болсон нь зарим хүмүүст сонин санагдаж байх шиг байна...?

-Үнэндээ хүмүүс намайг мэдэхгүй байна л даа. Би Англид амьдарч байхдаа биотехнологийн салбарт инновацийн санхүүчээр суралцаж, ажиллаж байсан. Шинжлэх ухааны ажил, боловсруулалтад хөрөнгө оруулах нь өрнөдөд ихэд хөгжсөн, багтаамжтай зах зээл. Тиймээс шинжлэх ухаан, бизнесийг уялдуулах чадвар, туршлага надад бий.

-“Зөвлөлтийн үед ийм, тийм байлаа...” гэж ярихыг бид их сонсдог. Даяаршил, телевизийн сериал, интернэт, компьютерийн тоглоомын эрин үед өссөн одоо үеийнхэн сэхээтний, мэдлэгийн талаараа эцэг эхчүүдээсээ хоцорч байна гэж та боддог уу?

-Мэдээж үгүй. Бидний байгаа газарт үргэлж сайн зүйл байдаг. Харин ч бидний үеийнхэн илүү сайн, илүү хүчтэй болсон гэдэгт итгэлтэй байна. ЗХУ-ын техникийн түвшинг өнөөдрийн Оросынхтой яаж харьцуулж болох билээ. Тэр үед замналаа эхлүүлж байсан эрдэмтэд “Бидний үед илүү сайн, сайхан байсан” гэж ярьдаг. Тэдний зөв, учир нь тэр үед шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээнд их мөнгө зарцуулдаг байсан.

-Орост инновацийн бодит эрэлт хэрэгцээ байна уу?

-Та хоёр дахин их наслахыг хүсч байна уу. Зовж, тарчилж үхмээргүй байна уу. Донор хүрэлцэхгүйн улмаас ойр дотны хүнээ алдахыг хүсэхгүй байгаа биз дээ? Нисэх онгоц хоёр дахин хурдан нисээсэй гэж бодож л байгаа биз дээ? Асуулт ингээд цаашаа үргэлжилнэ. Харин хариулт нь тодорхой.

-Та их сургуулийн оюутнуудтай байнга уулзаж байдаг. Залуус юу хүсч байна даа?

-Залуус бол гайхалтай л даа. Гэхдээ тэднээс үр дүн хүлээж, найдаж болохгүй. Шинэ санал, санаачилгыг дэмждэг, санхүүжүүлдэг бодлого хэрэгтэй байна. Та харсан биз дээ, манай залуу, ирээдүйтэй тамирчид, эрдэмтэд мухлагийн гадаа шар айраг шимээд л, самар цөмөөд л сууж байна.

-Залуус өнөөдөр бизнесмэн, загвар зохион бүтээгч, жүжигчин, депутат болно л гэж ярьдаг болж. Залуус залуу эрдэмтэн гэж дуудуулах цаг хэзээ юм бол?

-Мөдхөн ийм цаг ирэх болно.

-“Тархины алдагдал” буюу нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны ажилтнууд эх орноо орхин явах нь их байна, тийм үү?

-Энэ асуудал хэзээ ч байгаагүй хурцаар тавигдах боллоо. Гадагшаа явсан олон эрдэмтэн Орост буцан ирж сурсан мэдсэнээ хуваалцахад бэлэн байдаг. Гэвч тэд эрдэмтдийн дээр байдаг түшмэлүүдтэй бус, харин эрдэмтэдтэй ажиллахын төлөө байдаг. Эрдэмтэд гадаад руу бус, харин өөр үйлдвэрлэл, салбар руу шилжиж байгаа нь Орос дахь шинжлэх ухааны хамгийн том гарз, хохирол болж байна. Биологийн шинжлэх ухаан маш хурдан хөгжиж, байнга суралцах шаардлагатай болж байна. Их сургуульд залуу эрдэмтдийг бэлтгэхэд төсвөөс зарцуулсан мөнгө салхинд хийсээд алга болсон.

Saturday, 22 February 2014



Венесуэльд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна

Венесуэльд өчигдөр Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид болон дэмжигчдийн жагсаал боллоо. Нийслэл Каракас хотод хэдэн арван мянган хүн гудамжинд гарсан нь Мадуро 2013 оны дөрөвдүгээр сард эрх мэдэлд гарч ирснээс хойш хамгийн том жагсаал болов. Жагсаал ерөнхийдөө тайван болсон ч цагдаа нарын эсрэг жижиг мөргөлдөөн үүсч таван хүн хөнгөн бэртжээ.
Сөрөг хүчний жагсаалтай зэрэгцэн Каракасын өөр дүүрэгт Николас Мадурог дэмжигчдийн жагсаал болжээ. Гэвч Ерөнхийлөгчийн эсэргүүцэгчдийн жагсаал хавьгүй их хүнтэй байв. Ерөнхийлөгч Мадуро болон түүний Засгийн газрын бодлогод дургүйцсэн иргэдийн жагсаал арав гаруй өдөр үргэлжилж байна. Энэ үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч арван хүн амь насаа алдсан юм. Венесуэлийн иргэд улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, нэн тэргүүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргийг эсэргүүцэн жагссаар байна.

Мохаммед Алигийн бээлий 836 мянган долларын үнэ хүрлээ

Нударгач Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аварга цолыг анх хүртэхдээ өмсч байсан бээлий Heritage Auctions дуудлага худалдаагаар орж 836 мянга 500 долларын үнээр зарагдлаа. Анхны үнийг 500 мянган доллараар зарлаж, 11 худалдан авагч үнэ хаялцсан байна.
Али 1964 онд Флорида мужийн Майами хотод дэлхийн аваргын анхны цолоо авч байжээ. Тэр үед Кассиус Клэй хэмээх нэртэй байсан Мохаммед Али Сонни Листонтой тулалдаж ялалт байгуулсан юм. Ихэнх мэргэжилтнүүд Оистоныг түвэггүй ялна хэмээн таамаглаж байсан ч Али өрсөлдөгчөө долдугаар раундад буулгаж авчээ. Түүхэн дахь хамгийн зартай боксчдын нэг Мохаммед Али 1964-1966, 1974-1978 онд дэлхийн дэлхийн үнэмлэхүй аварга цолоо хамгаалж байв. Мөн 1960 оны олимпод түрүүлж байжээ.

Зургаан сая долларын үнэтэй алмааз олджээ

Сьерра-Леон улсад зургаан сая доллараар үнэлэгдэх алмааз олджээ. 153 каратын жинтэй уг алмаазыг зүүн хэсгийн Коно мужийн нутгаас олжээ. Сьерра-Леон нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг ч алмааз эрдэнийн ордоор баян газар юм. Энэхүү үнэт чулуугаар Сьерра-Леон дахь иргэний дайныг санхүүжүүлж байв.
2012 онд Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор Гаагын олон улсын шүүхээс 50 жилийн ял сонссон билээ. Тэрээр Сьерра-Леон дахь иргэний дайны үеэр сөрөг хүчнийг нь дэмжиж, турхирдаг байсан аж. Үүний хариуд Сьерра-Леоны босогчид Тейлор болон түүний хамсаатнуудад алмааз илгээдэг байжээ. Ийнхүү Сьерра-Леоны алмааз “Цуст алмааз” хэмээн нэрлэгдэх болсон байна.
Хоёр том матераил хийлээ.... Тимошенко суллагдаж, янукович алга боллоо -г гол болгоод хийгээрэй. Нөгөө ярилцлагыг бас том матераилаар хийгээрэй.
Тэр зурагны тайлбар нь ..... Межигорье дахь Ерөнхийлөгчийн өргөө.... шүүүүүүүүү


“Тимошенког шоронд үлдээх боломжгүй байсан”

ОХУ-ын Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков Украины сөрөг хүчний ирээдүй болон Виктор Януковичийн хувь заяаны талаар санал бодлоо хуваалцаж байна.

- Юлия Тимошенког яагаад суллачихав?

-Дээд Рад (Украины парламент) түүнийг суллахгүй байж чадсангүй. Магадгүй ийм алхам Украины сөрөг хүчний бүх лидерийн таалалд нийцэхгүй байж болох юм. Үйл явдлын өрнөлийг авч үзвэл экс Ерөнхий сайдыг шоронд үлдээх ямар ч боломжгүй байсан.

- Тимошенко улс орноо удирдах болов уу?

- Тийм ээ, тэр ирэх сонгуульд өрсөлдөх магадлалтай. Юлия Ерөнхий сайд байсан, түүнд туршлага бий. Нөгөө талаар, Украины сөрөг хүчний лидерүүд улс эх орноо гэмт хэргийн, олигархжсан дэглэмээс ангижруулна гэж мэдэгдэж байгаа. Тимошенко гарч ирвэл дахиад л 1990-ээд оны олигарх бүлгийн төлөөлөл дахин гарч ирнэ гэсэн үг.

- Тимошенко чөлөөлөгдсөнийг Москва хэрхэн үзэж байна вэ?

- Москва энэ талаар ямар нэг санаа бодол илэрхийлэх албагүй. Энэ бол Украины улс төрийн амьдрал. Бид анхаарч, ажиглана уу гэхээс, үйл явдлыг дүгнэж, цэгнэхгүй.

- Украин дахь салан тусгаарлах үзэл аль хэр хүчтэй байна вэ?

- Орос хэлтэй хүн ам давамгайлдаг бүс нутгийн лидерүүдийг салан тусгаарлах үзэлд буруутгах хандлага Киевт байна. Харьковт болсон их хурал дээр салан тусгаарлах талаар хэн ч, юу ч яриагүй. Бүгд нэгдсэн, бүрэн эрхт Украины төлөө байсан.

- Янукович ингээд улс төрийн гадна үлдэж байна уу, та юу гэж бодож байна?

- Түүний замнал дууссан юм шиг байна. Киевийн захын Межигорье дахь Ерөнхийлөгчийн өргөө одоо жуулчид, хэвлэлийнхэн гээд бүгдэд нээлттэй болчихлоо. Тэндхийн харуул, ажилтнууд бүгд зугтаад алга болсон. Янукович хоёрдугаар сарын 21-нд Европын холбооны төлөөлөгчдийг байлцуулан сөрөг хүчинтэй гэрээ байгуулснаар өөрийнхөө огцролтод “гарын үсэг зурчихсан” гэж би бодож байна.

- Одоо Украинд иргэний дайн гарах болов уу?


- Иргэний дайн гарах аюул байсаар байна. Түрэмгий үндсэрхэг үзэлтнүүд дорнод нутагт өөрсдийн үзэл бодлоо тулгаж эхэлвэл тун аюултай. Оросуудыг үзэн ядахыг уриалдаг хүчнүүд Киевт олон байна. 



В.Янукович “алга болж”, Ю.Тимошенко суллагдаж, Украины ээлжит хувьсгал төгслөө

Украины нийслэл Киев хотод эмх замбараагүй байдал, цус асгаруулсан тулаан болж 100 орчим хүн амь насаа алдсаны дараа Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний лидерүүдийг хүлээн авч уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд зарлахаар тохиролцож, жагсаал цуглаан ч намжаад байсан билээ. Гэвч хоёр хоногийн дараа байдал эрс өөрчлөгдөж, итгэмээргүй гэмээр үйл явдал өрнөв. Сөрөг хүчин болон Майдан дахь жагсагчдын шахалтаар өнгөрсөн хагас сайнд гэнэт хуралдсан Украины парламент Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан тогтоолыг баталж, тавдугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэр гаргалаа.
Эдүгээ Киев хот сөрөг хүчний хяналтад ороод байна. Виктор Янукович хаана байгаа нь тодорхойгүй. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Харьковт ирсэн, тэндээ байгаа хэмээн мэдээлж байгаа ч өөр эх сурвалж баталж буйгаар Донецк хавьд байгаа бололтой. Экс хэмээх гуншинтай болоод байгаа Янукович Украиныг орхин Орос руу нисэх гэсэн боловч хилийн албан хаагчид зөвшөөрөөгүй гэсэн мэдээ ирж байна.
Украины парламент Януковичийн эрхийг хязгаарласнаас гадна шоронд долоон жилийн ял эдэлж байсан экс Ерөнхий сайд Юлия Тимошенког суллах шийдвэрийг гаргажээ. Тэрээр Оросоос байгалийн хий авах гэрээ байгуулахдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр долоон жилийн ял сонсож, хоёр жил хоригдоод байсан юм. Харьков хотын эмнэлэгт харгалзагчтай эмчлүүлж байсан Тимошенко эрх чөлөөтэй болонгуутаа нисэх онгоцоор Киевт ирж, Киевийн Тусгаар тогтнолын талбай (Майдан) дээр цугласан хүмүүсийн өмнө тэргэнцэртэйгээ гарч гарч ирж үг хэлжээ.
“Та бүгдийн зорьсон хэрэг бүтээгүй байхад та нар энэ талбайгаас явж болохгүй. За одоо боллоо, гэртээ харьцгаа гэж хэн нэг нь хэлвэл битгий итгээрэй. Засгийн газар, парламентыг та бүгдийн оролцоогүйгээр байгуулвал хүлээн зөвшөөрч болохгүй. Одоо би шууд ажилдаа орно. Та бүгдийг газар нутаг дээрээ аз жаргалтай байлгахын тулд би нэг ч минутыг алдмааргүй байна” хэмээн Тимошенко ярилаа. Майданд цугласан украинчуудын ихэнх нь экс Ерөнхий сайд хатагтайг нааштайгаар хүлээж авсан ч сөрөг хүчнийхэн түүнийг бүрэн дүүрэн дэмжихгүй байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Украины олон иргэн Улбар шар хувьсгалын дараа улс эх оронд авлига газар авч, эмх замбараагүй байдал үүссэний хариуцлагыг Тимошенкотой холбож буруутгадаг билээ.
В.Янукович мэдэгдэл хийснийг Украины телевизээр үзүүлжээ. “Би хууль ёсны дагуу сонгогдсон Ерөнхийлөгч. Би огцрохгүй. Ракикалууд, сөрөг хүчнийхэн төрийн эргэлт хийхээр оролдож байна.  Би олон улсын хамтын нийгэмлэгт хандаж, хэт даврагсдын үйлдлийг зогсоох болно” хэмээн Янукович ярилаа. Тэрээр Киевт болж буй үйл явдлыг 1930-аад онд Герман, Австрид гарч ирсэн нацист удирдлагатай зүйрлэсэн байна. 

Wednesday, 19 February 2014

Киевт 28 хүн амиа алджээ

Киевт сөрөг хүчин болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдсэнээс хойш амиа алдсан хүний тоо 28-т хүрлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Өчигдрийн байдлаар, жагсаал цуглаанд оролцсон 445 хүн эмнэлэгт хандсанаас 287-г нь хэвтүүлэн эмчилж байна.
Өнгөрсөн мягмар гаригт Киев хотод гудамжны эмх замбараагүй байдал сэргэж, сөрөг хүчнийхэн 2004 оны Үндсэн хуулийг сэргээн тогтоохыг шаардаж эхэлсэн юм. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, жагсагчид эхэлж гал нээжээ. Амиа алдсан хүмүүсийн дотор хэд хэдэн цагдаагийн ажилтан байгаа аж. Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар, 800 орчим хүн гэмтэж бэртжээ. Сүүлд ирсэн мэдээллээр, Ерөнхийлөгч В.Янукович сөрөг хүчний лидерүүдтэй тохиролцоонд хүрснээр жагсаал цуглаан намжих төлөвтэй болоод байна.

Ажилгүйдэл дээд цэгтээ хүрчээ

Европын холбооны улс орнууд дахь ажилгүйдэл холбоо үүссэн цагаас хойш дээд хэмжээндээ хүрээд байна. Евростат байгууллагын тоо баримтаас үзэхэд, Европын холбоон дахь ажилгүйдэл 10.9 хувьд хүрчээ. Улс улсаар нь авч үзвэл янз бүр байна. Грект залуусын 60 хувь нь ажилгүй байгаа бол Герман дахь ажилгүйдэл ердөө 5.3 хувь байгаа юм.  
Францад ажилгүйдэл 10.8, Италид 11.5 хувьтай байна. Испани, Португал, Ирланд, Болгар, Словакт ажилгүйдэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байна.