Wednesday, 26 February 2014



Х.Карзайг талибуудтай ганцааранг нь орхино хэмээн сүрдүүлэв

Кабулын эрх баригчид аюулгүй байдлын асуудлаар хоёр талын гэрээ байгуулахгүй бол Америкийн цэрэг улс орныг бүрэн орхин гарах болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Б.Обама Афганистанаас цэргээ бүрэн гаргах төлөвлөгөөг боловсруулахыг Пентагонд даалгасан тухайгаа Карзайтай утсаар ярихдаа дуулгажээ. 2014 оноос хойш Афганистан дахь аюулгүй байдлыг зөвхөн тус улсын зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага хариуцна хэмээн энэ төлөвлөгөөнд тусгасан байна.
Гэвч Цагаан ордны тэргүүн аюулгүй байдлын гэрээг Карзайн дараагийн Ерөнхийлөгчтэй байгуулж болохыг үгүйсгэсэнгүй хэмээн France Presse агентлаг уламжлав. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бүгд ийм гэрээ  байгуулахыг дэмжиж байгаа аж. Энэ гэрээ хойшлох тусам Афганд Америкийн улам цөөн цэрэг үлдэх болно хэмээн Барак Обама ойлгуулжээ.
Хамид Карзай нэлээд хэдэн сарын өмнөөс хоёр талын гэрээ байгуулахаас татгалзсаар ирсэн юм. Афганистад ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнээс гадна Карзай сүүлийн үед америк цэргүүдийг ил тод шүүмжлэх болжээ. Саяхан Кабулын эрх баригчид терроризмд буруутгагдаж ял эдэлж байсан 65 хоригдлыг суллах шийдвэр гаргасанд АНУ сэтгэл дундуур байна.
Америк-Афганы хоёр талын гэрээгээр, АНУ-ын цэрэг 2024 он хүртэл Афганистанд ямар байдлаар үлдэхийг тусгаж өгөх ёстой юм. Тухайлбал, америкууд орон нутгийн хуулинд захирагдахгүй, онцгой нөхцөлд байдалд хувийн газар нутаг руу нэвтрэх эрхээ хадгалж үлдэх сонирхолтой байгаа ажээ. Мөн Афганы Засгийн газарт олон тэрбум долларын тусламж үзүүлэх заалтыг гэрээнд тусгах бололтой.

No comments:

Post a Comment