Monday, 3 February 2014







“Эрх чөлөөний флотил” дээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт 20 сая доллар санал болгов

Израилийн Засгийн газар 2010 онд “Эрх чөлөөний флотил” хэмээн нэрлэж байсан хөлөг онгоцыг зогсоох ажиллагааны үеэр амиа алдсан турк иргэдийн ар гэрт 20 сая долларын нөхөн төлбөр олгох санал тавьжээ. Гэвч Туркийн тал 30 сая долларын нөхөн төлбөр олгох ёстой хэмээн үзэж байгаа юм. Анкарагийн эрх баригчид АНУ-ын дарамт шахалтын ачаар дээрх нөхөн төлбөрийг гаргуулна хэмээн тооцоолж байгаа бололтой.
Хүмүүнлэгийн ачаа бараатай зургаан хөлөг онгоцноос бүрдсэн “Эрх чөлөөний флотил” 2010 оны тавдугаар сард Газын зурвас руу хөдөлсөн юм. Эдгээр хөлөг онгоц дээр эм бэлдмэл, барилгын материал, хоол хүнс зэрэг нийт хоёр мянган тн ачаа ачиж, 600 орчим идэвхтэн харгалзаж явсан билээ. Газын секторыг бүслэн хаагаад байсан Израиль улс энэ тусламжийг эсэргүүцэж флотилийг чиглэлээ өөрчлөхийг шаардсан ч татгалзсан хариу сонсчээ. Үүний дараа Израилийн десантын тусгай хүчнийхэн “Эрх чөлөөний флотил”-ийн “Мави Мармара” хөлөг онгоц дээр буусан юм. Хөлөг онгоцны зорчигчид эсэргүүцэл үзүүлэхэд израиль цэргүүд гал нээсний улмаас есөн хүн  амиа алдаж, 30 орчим хүн шархаджээ. Энэ хэрэг явдлын улмаас Израиль, Туркийн харилцаа ихээхэн муудсан билээ.

Хойд Солонгос хэлэлцээ хийхэд бэлэн

Хойд Солонгосын тал 1950-аад оны дайны үеэр салсан гэр бүлийн хүмүүсийг уулзуулах асуудлаар Өмнөд Солонгостой ажлын түвшинд хэлэлцээ хийхийг зөвшөөрлөө хэмээн NHK телевиз мэдээлэв. Сөүлийн эрх баригчид хэлэлцээний өмнөх уулзалт хийх санал тавьсныг Пхеньян хүлээж аваад байгаа аж. Бэлтгэл ажлыг хангах уулзалт өнөөдөр, эсвэл маргааш Панмунчонд болох юм. Салсан гэр бүл, хамаатан садангуудын уулзалтыг хоёрдугаар сарын 17 болон 22-нд Хойд Солонгосын Кумган уулан дээр зохион байгуулах саналтай байгаагаа Өмнөд Солонгос илэрхийлсэн байна.

Шакира Пикетэй гэрлэж, дахин хүүхэдтэй болохыг хүсч байна

Колумбийн дуучин Шакира, “Барселона” багийн хөлбөмбөгч Жерард Пике нар хоёр жилийн өмнө хүүтэй болсон билээ. Тэдний харилцаа тогтвортой, хайр жаргалд умбаж байгаа тул Шакира дараагийн алхам буюу Милан хүүгээ дүүтэй болгох талаар бодох болжээ. “Бид их жаргалтай байна. Хурим нь бидний хайр сэтгэлийг илэрхийлэх нэг л үйл явдал болно. Гэхдээ яагаад хурим хийж болохгүй гэж. Би энэ залуугийн төлөө юу ч хийж чадна. Тийм ээ, би хуримаа хиймээр байна” хэмээн колумб бүсгүй ярьжээ. “Дахиад хэдэн хүүхэдтэй болох вэ” гэсэн асуултад Шакира “Нуулгүй хэлэхэд бид хоёр дахь, гурав дахь хүүхдээ гаргая гэж ярьж байгаа. Пике гурван хүүхэдтэй болъё гээд байгаа. Харин би хоёр гэж хэлж байгаа. Одоо хэлэлцээ ид үргэлжилж байна” хэмээн хариулжээ. Ямар ч байсан дуучин бүсгүй энэ онд дүүрэн концерттой байгаа тул дараа жилээс шинэ хүний талаар бодож үзэх бололтой.

16 сар далайд хөвсөн ч аврагджээ

Номхон далайд завьтайгаа 16 сарын турш хөвж, салхинд туугдаж явсан мексик загасчин аврагдсан байна. Тэрээр амьд үлдэхийн тулд энэ бүх хугацаанд яст мэлхийн цусыг сорж, борооны ус болон “шингэн”-ээ ууж явжээ. Мөн тэрээр нүцгэн гараараа загас, шувуу барьж хооллож байсан аж. “Би цаг хугацааны баримжаагаа алдаж, зөвхөн өдөр, шөнийг л ялгадаг байсан. Би эх газрыг ганц ч удаа хараагүй, зөвхөн далай, ус л харж байлаа” хэмээн 37 настай Хосе Алваренга ярилаа.
Загасчин эрийн завины мотор унтарч, далайд удирдлагагүй хөвөх болсон байна. Хамт загасанд явсан найз нь дөрвөн сарын дараа харангадаж үхсэн аж. 16 сар далайгаар “тэнүүчилсэн” мексик эрийг Маршаллын арлын жижиг тосгоны иргэд олж, арал дээр аваачиж асарч байжээ.

No comments:

Post a Comment